Дэлхий нийтээр жил бүрийн гуравдугаар сарын 24-нийг Сүрьеэ өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр болгон тэмдэглэдэг. ДЭМБ-аас өнөө жил эл өдрийг “Амьсгал бүр чухал” уриан дор зохион байгуулж, улс орнуудыг сүрьеэ өвчнийг устгах амлалтаа биелүүлэхийг уриаллаа.
Энэхүү аяны хүрээнд Эрүүл мэндийн яам, ДЭМБ, ХӨСҮТ болон “Глобаль сан” хамтран Баянзүрх, Хан-Уул дүүргийн иргэдийн дунд “Сүрьеэгийн идэвхтэй илрүүлэлт” төслийг албан ёсоор эхлүүллээ. Тус төсөл нь сүрьеэг эрт илрүүлж, оношилгоо, эмчилгээнд цаг алдалгүй хамруулах замаар эрүүл мэндийн тогтолцоонд суурилсан илрүүлгийн тогтвортой загварыг бүрдүүлэх зорилготой юм. Нэг жилийн хугацаанд хэрэгжүүлэх уг төслийн хүрээнд хоёр дүүргийн 330 мянга орчим иргэнийг хамруулахаар төлөвлөжээ. Ингэхдээ хүн амын нягтаршил болон сүрьеэгийн өвчлөл ихтэй дүүргийг сонгон авсан нь энэ аж.
ДЭМБ-ын Төв оффисын ХДХВ, сүрьеэ, вируст гепатит болон бэлгийн замын халдварт өвчний газрын захирал Тереза Касаева “Дэлхий дахинд жил бүр 10.7 сая хүн энэ өвчнөөр өвдөж, 1.23 сая иргэн амиа алдаж байна. Сүүлийн жилүүдэд эмчилгээний хугацааг богиносгох, тарилгын тоог цөөлөх зэрэг инновац шингэсэн бүтээгдэхүүн олноор бий болж буй. Сүрьеэгийн эсрэг шинэ вакциныг ч тун удахгүй хэрэглээнд нэвтрүүлэхээр бэлтгэж байна. Тиймээс Монгол Улс шинэ удирдамж, хялбаршуулсан оношилгооны аргыг ашиглан энэ өвчнийг бүрэн устгах боломжтой” гэв.
Э.Сондор