УИХ-ын нэгдсэн чуулган өчигдөр бас хуралдсангүй. АН-ынхан чуулганы танхимд “Мафижсан МАН-ын дарга Н.Учрал УИХ-ын хоймроос буу”, “Б.Энхбаяр, Л.Оюун-Эрдэнэ нар ажлаа өгөөд, АТГ-т шалгуул” гэсэн лоозон байрлуулжээ. Шаардлагыг нь хүлээж автал тэд нэгдсэн чуулганы хуралдаанд оролцохгүй, эрх баригч нам өөрөө ирцээ бүрдүүлэх боломжтой гэсэн байр сууриа хадгалсан юм. Үндэсний эвслийн дөрвөн гишүүн тэдэнтэй нэгдээд буй. Тэгвэл МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргалыг ирцээ бүрдүүлэхийг шаардсан ч 42 гишүүн нь л ажлаа хийх “боломжтой” байгаа гэв. Нэгдсэн чуулганыг 10.00 цагт нээхээр хүлээсэн ч 12.50 цаг болоход 57 хүн, ирц 45.2 хувьтай байлаа. УИХ-ын дарга Н.Учрал “Дэлхийн улс төр эдийн засгийн байдал хурцдаж, дайн дэгдэж, олон улс энергийн эх үүсвэр, түлш шатахууны хомдолд орж, хэмнэлтийн горимд шилжлээ. Улс орнууд үндэсний сөрөн тэсвэрлэх бодлого, хямралын үеийн менежментийн төлөвлөгөө гарган ажиллаж байна. Манай улсад хаврын тариалалтын өмнө түлш шатахууны үнэ өслөө. Эдийн засгийн байдал эрсдэлтэй байна. Гадаадын банк оруулж ирж, хүү буулгах, зөвшөөрлийн болон татварын дарамтыг буулгах, авлигачдын хөрөнгийг хураахаас эхлээд хэлэлцэх асуудал хүлээгдэж байна. Гэвч хаврын чуулган нээснээс хойш нэг ч шийдвэр гаргаж, нэг ч хууль хэлэлцсэнгүй. Улс төр биш, ажил хий, асуудал шийд гэж амьдрал, ард түмэн шаардаж байна. Дөрвөн сарын өмнө намайг сонгож дэмжсэн атлаа одоо нэг намын дарга УИХ-ын дарга хийж болохгүй гэсэн хууль бус шаардлага тавилаа. Ирцээ бүрдүүлж, хуулиа хэлэлцсэн бол үүнийг хууль ёсных болгож болох байв. Парламентын биш, амьдралын гацаа болох нь. УИХ-ын үйл ажиллагаа тасалдаж байгаа тул МАН-ын дарга бүлгээ хуралдуулж улс төрийн шийдвэр гаргах шаардлагатай байна. МАН, АН-ын төр гэж байхгүй. Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох ёсгүй. Албан тушаал биш, ачаагаа үүрч чадах хариуцлага илүү үнэ цэнтэй. Бидэнд гацаа биш, гарц шийдэл хэрэгтэй” гээд чуулганыг хойшлуулж буйг мэдэгдсэн юм.
Улмаар 14.00 цагаас УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдааныг зарлав. Уг хурлын үеэр 20 гаруй гишүүн асуулт тавьсан гэнэ. Мөн УИХ-ын дарга Н.Учрал “Ирцгүй чуулганыг цаашид удирдаж чадахгүй, ажлаа өгнө” гэх агуулгатай байр сууриа илэрхийлсэн байна. Гэхдээ гурван цаг гаруйн турш хуралдсаны эцэст тэд “Удирдах зөвлөлөөсөө чиглэл авъя” хэмээн тохирсноор таржээ. Манай сонины дугаар шилжих мөчид МАН-ын Удирдах зөвлөлийн хурлыг зарлаагүй байлаа.
Б.ЭНХБАЯР, Л.ОЮУН-ЭРДЭНЭ НАРЫГ АЖЛАА ӨГЧ, ШАЛГУУЛАХЫГ ШААРДЛАА
АН-ын “4-11” мэдээллийн цагаар тус намын дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн С.Цэнгүүн, Д.Ганбат нар байр сууриа илэрхийллээ. О.Цогтгэрэл “Төрийн өндөр, хариуцлагатай албан тушаал хашиж байсан, буй хүмүүс хоорондоо тодорхой үнийн дүн, цаг хугацаа, баримттай ноцтой авлигын асуудлыг ярьж байна. МАН засагласан өнгөрсөн 10 жил авлигажсан биш, бүр мафижсан цаг хугацаа болжээ. Мафи гэдэг бол зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэл. Ийм асуудалд ХЗДХ-ийн сайд, дэд сайд нар нь нэр холбогдлоо. Тиймээс Б.Энхбаяр, Л.Оюун-Эрдэнэ нар ажлаа өгч, шалгуулах ёстой гэж бид үзэж байна. Мөн нүүрсний хулгай, авлигатай холбоотой уг асуудлаар УИХ-аас түр хороо байгуулж, хяналт шалгалтын үүргээ гүйцэтгэн, сонсгол зохион байгуулах ёстой” гэв.
Гишүүн Д.Ганбат өөрийн албан бланкан дээр түр хороо байгуулах тогтоол өргөн барихаар болж, гарын үсэг цуглуулж эхэлснээ дуулгав. Өчигдрийн байдлаар 10 гаруй гишүүн гарын үсгээ зурсан, АНын бүлгийнхэн бүгд дэмжихээ илэрхийлсэн гэв. “Нүүрсний хэрэг”-ийн талаар хяналтын сонсгол хийх санаачилгыг Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр мөн гаргасан. Тэгэхээр АН-ынхан түүнтэй ижил агуулга бүхий тогтоолын төсөл санаачилж буй аж.
С.Уул