МАН доторх Л.Оюун-Эрдэнийн бүлэглэл АН, Үндэсний эвсэлтэй хамтран Засгийн газрыг огцруулав. Тэд “Эрх баригч намын дарга парламентын спикер байж болохгүй, Ерөнхий сайдаа хий” хэмээх шаардлага тавьж, нэгдсэн чуулганыг ирцээр бойкотолсон юм. 68 суудалтай МАН дотроо хуваагдаж, нөгөө тал нь сөрөг хүчний дэмжлэгийг авсан учраас өөрсдөө ирцээ бүрдүүлж чадаагүй. Улмаар Н.Учрал ч бууж өгч, намынхныгаа улс төрийн шийдвэрээ гаргахыг хүссэн. Үүний дагуу МАН-ын Удирдах зөвлөл баасан гарагт худалдав. Н.Учрал УИХ-ын дарга байхаа больж, Ерөнхий сайд хийнэ гэдэг нь Г.Занданшатарын Засгийн газар огцорно л гэсэн үг байсан. Тиймээс үйл явдал дарааллын дагуу өрнөж байна.
Пүрэв гаргийн орой цахим хуудсандаа “Хулгайтай би эвлэрэхгүй. Ухрах, тохиролцох ямар ч бодол алга” хэмээн бичиж байсан Ерөнхий сайд Г.Занданшатар маргааш өглөө нь л огцрох өргөдлөө өглөө. Хүсэл нь биелсэн учраас МАН дахь 1980-аад оны бүлэглэлийнхэн “гялс” ирцээ бүрдүүлж, ажлын цаг дууссаны дараа Төрийн байгуулалтын байнгын хороо болон нэгдсэн чуулганыг хуралдуулсан. Уг чуулганыг Н.Учрал даргалсан учраас АН-ынхан “амласандаа хүрч” оролцсонгүй. МАН-ынхан бараг дангаар ирцээ бүрдүүлсэн гэсэн үг. ИЗНН-ын Р.Батболд, С.Замира тэргүүтэн суусан байна лээ. Чуулган 20.28 цагт 54.8 хувийн ирцтэй эхэлж, 74 хувийн саналаар Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарыг “хүсэлтээр нь чөлөөлөв”. Гэхдээ Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, Х.Булгантуяа тэргүүтэн үүнд оролцоогүй юм. УИХ-ын чуулганд үг хэлэхдээ Г.Занданшатар “Улс төрийн тэмцлийн золиос нь ард түмэн байх ёсгүй. Энэхүү зохиомол гацаа, улс төрийн чөдөр тушааг тасдахын тулд би өөрөөсөө эхэлж, Ерөнхий сайдын албан тушаалаас татгалзлаа” гэсэн юм. Ийнхүү тэрбээр “гудамжинд гарч” байна. Эрчим хүчний болон Боловсролын сайдаар томилогдохоор хүлээж байсан Л.ЭнхАмгалан, Б.Найдалаа нар ч “зэрэг нэмэхийн өмнө” болов. МАН-ынхан парламентад олонх болсон ч ийнхүү есөн сар гаруйн дараа хоёр дахь Засгийн газраа огцруулсан нь эн
Улмаар өчигдөр МАН-ын Бага хурал болж, дараагийн Ерөнхий сайдад Н.Учралыг нэр дэвшүүлсэн юм. Энэ удаа МАН-ынхан дараагийн Засгийн газрын тэргүүнийг хайх шаардлагагүй, “бэлэн” байснаараа ялгаатай. Харин Г.Занданшатар өргөдлөө өгөхтэй зэрэгцээд дараагийн УИХ-ын дарга хэн байх тухай таамаглал өрнөсөн. Ж.Энхбаяр, С.Бямбацогт нарын нэр уламжлал ёсоор үүнд багтжээ. Мөн УИХ-ын дэд дарга Ж.БатЭрдэнэ, гишүүн Л.Энх-Амгалан нар горилж байна. Түүнчлэн Н.Учралын танхим зөвхөн МАН-аас бүрдэх үү, бусад намтай хамтрах уу гэсэн асуулт бий. МАН-ын Бага хурлын зарим гишүүн бол нам нь дангаараа Засгийн газраа бүрдүүлэх ёстой гэсэн байр суурийг өчигдөр илэрхийлсэн. Ингэвэл Л.Оюун-Эрдэнийн талынхан Засгийн газарт багагүй квот эзлэх бололтой. Тэд эв найртайгаар эрх мэдэл, албан тушаалаа хуваан авч, дангаараа Засгийн газраа байгуулбал нэг талаар тогтвортой байдал бий болно. Гэхдээ үйл явдал хэрхэн өрнөхийг ирэх өдрүүдэд харцгаая.
С.Уул