Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ парламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон. Мөн түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй УИХ гэхчлэн онцлогтой билээ. Парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар танилцуулж буй.
Ажиллах гэж байсан Засгийн газар нь зэрэг нэмэхийнх нь өмнө огцорсон “азгүй” гишүүн бол Б.Найдалаа. Хөдөлмөрийн үндэсний намын анхдагч гишүүдийн нэг, 2016-2020 онд энэ намын даргаар ажилласан гэдгээр нь түүнийг улс төрийн хүрээнд мэддэг байв. Боловсролтой, нэр цэвэр гэдэг дүр төрхийг ХҮН намынхан бүрдүүлж гарч ирсэн. Харин одоо эдгээр тодорхойлолт нь ердөө л пиар байсныг бид харж буй.
ХҮН хэмээх нам анх дээр дурдсан нэртэйгээр 2011 онд байгуулагдсан юм. Б.Найдалаагаас өмнө С.Зоригтбаатар, С.Боргил, С.Ганбаатар гэсэн гурван ч даргатай байв. Гэтэл тэдний бүтээсэн түүхийг шууд үгүйсгээд, 2015 оноос хойш тооцон 10 жилийн ойн баяраа өнгөрсөн онд хийсэн нь санаачлагч, анхдагчдынх нь дургүйг хүргэсэн. 2015 онд одоогийн УИХын гишүүн С.Ганбаатар тус намын дарга байх үед дотоодод нь нэлээд талцал өрнөсөн юм билээ. Хор хутгагч нь Т.Доржханд, Б.Найдалаа нар байсан аж. Тэрбээр СЭЗДС-ийг бизнесийн удирдлагын бакалавр, Япон Улсын Кобе их сургуулийг эдийн засгийн ухааны магистраар дүүргэсэн нэгэн. Мөн “Анод”, ХААН банкны Эрсдэлийн газрын захирал, Монголын эдийн засгийн форум, Монголын банкны холбоо, Тогтвортой хөгжил, ногоон санхүүжилтийн холбооны гүйцэтгэх захирлаар ажиллаж байжээ. Тиймээс ч аливааг мөнгө болгон харах гээд байдаг гэмтэй бололтой. Тухайн үед 2016 оны сонгуулийг холимог системээр явуулах тухай яриа өрнөж байсан аж. Тиймээс намын жагсаалтыг мөнгөөр үнэлж, эрэмбэлэх “бизнес санал” гаргажээ. Энэ тухай ХҮН намын анхны дарга С.Зоригтбаатар ярьсан байдаг юм. Ийнхүү “алаагүй баавгайн арьс”ыг хуваах тухай маргаанаас болж энэ намынхан дотроо талцаж, Б.Найдалаа, Т.Доржханд нар намаасаа гарч, 2016 оны сонгуульд бие даан нэрээ дэвшүүлсэн түүх бий. Гэвч удалгүй ХҮН намыг “эзэлж” авах ажиллагаа өрнүүлж, санасандаа хүрсэн гэнэ. Ийм л бохир аргаар улс төрийн замналаа эхлүүлсэн гэсэн үг.
Тэрбээр үүнээс хойш УИХ-ын болон орон нутгийн хэд хэдэн сонгуульд нэрээ дэвшүүлэн өрсөлдсөн. Гэвч 2020 онд Чингэлтэй дүүргийн ИТХ-д л сонгогдож чаджээ. Илүү дээд шатанд сонгогдож барсангүй. Олны танил биш учраас тойрогт нэрээ дэвшүүлэх нь түүнд ахадсан даваа байв. 2020 онд ХҮН намыг төлөөлж, найз Т.Доржханд нь УИХ-д сонгогдсоноор даргын албан тушаалаа түүнд шилжүүлсэн юм. Энэ намын дотоодод өрнөсөн эрх мэдлийн төлөөх талцлыг олон нийт бол мэдэхгүй. Тиймээс ч боловсролтой, нэр цэвэр гэсэн гоё дүр төрхөө хадгалсаар, иргэдийн дэмжлэгийг хүлээсээр байлаа. 2024 оны сонгуулийг холимог тогтолцоогоор зохион байгуулснаар Б.Найдалаад намын жагсаалтаар УИХ-ын гишүүн болох аз завшаан тохиолдов. Тэрбээр эдүгээ УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж буй. Гэвч өнгөрсөн хоёр жилд санаачилсан тоймтой хууль, төсөл түүнд алга. Харин бусдыг дарамталсан, зодсон тухай яриа л чих халууцуулж байна. Түүнчлэн “Хөгжлийн банк”-ны гэх хэрэгт холбогдон шүүгдэгчийн ширээнд суусан ч цагаадсан юм даг.
Намынхаа эрх мэдлийг “булааж” авсан тэрбээр хөшигний ард гишүүдээ хяхаж, хавчин, зааварлаж, үг, үйлдлийг нь чиглүүлэхийг эрмэлздэг, дарамталдаг аж. УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл нэг өдөр тэсэрч, энэ тухай илчилсэн юм. Үүнээс өмнө Б.Найдалаа Боловсролын сайд П.Наранбаярыг барьж авч зодсон. Хөхөрсөн нүд нь баримт болж үлдсэн ч хөөрхий сайд асан “Би өөрөө далайсан гарт нь өртчихсөн юм” гэж хэлээд өнгөрсөн билээ. Нэлээд омогтой нөхөр гэдгийг нь эдгээр үйл явдал батална. ХҮН намд Т.Доржханд, Б.Найдалаа нарын ноёрхол тогтсон, дотоод ардчилал үгүй болсон хэмээн цөөнгүй гишүүн нь хэлээд хаалга хаасныг бид мэднэ. Тэдэнд эрх мэдэл өгвөл өнөөдрийн МАН доторх Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар шиг “хортой хоршил” болно гэсэн үг. Азаар ХҮН жижигхэн нам юм даа.
Ямартай ч Б.Найдалаа даргынхаа ард нуугдаж, хоёрдугаар ээлжид хоолонд орохоор хүлээж байсан аж. Гэвч энэ удаа аз дутлаа. Хэрэв Н.Учрал шинэ танхимдаа ХҮН намыг урьвал тэр хүслээ биелүүлэхээр зүтгэх биз. Ийм улс төрчийг их хүссэн албанд нь томилбол улс оронд үр ашиг гарах нь юу л бол.