“Монголчуудын 80 хувь нь зөвхөн манай “Зариг.мн”-ээс л мэдээлэл авч байна шүү дээ. Чадаж байгаа юманд арга алга” хэмээн тус сайтын эрхлэгч омогшил бахархлаа барьж дийлэхгүй огшиж байхтай зэрэгцээд Германы Манхаймын их сургуулийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн захирал, профессор Жулиан Диркес “Улс төрийн хариуцлагыг хангахад хэвлэл мэдээллийн хэрэгслийн гүйцэтгэх үүрэг” сэдвээр нээлттэй лекцээ МУИС-д уншиж таарав. Харьцуулсан боловсрол судлал, бодлогын чиглэлээр мэргэшсэн судлаач Жулиан Диркес нь Монгол Улсын нийгмийн хөгжлийн асуудлыг цөөнгүй жил судлахдаа ардчиллын зарчим, уул уурхайн бодлого талаас нь авч үздэг юм байна. Ардчилсан тогтолцоонд сонгуулийн механизм дангаараа хангалтгүй бөгөөд бодит хариуцлагыг хэрэгжүүлэхэд хэвлэл мэдээлэл шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг тухай профессор илтгэлдээ онцлоод, Монголын нөхцөлд ил тод байдлыг хангах хууль эрх зүйн орчин бүрдсэн хэдий ч түүнийг accountability буюу улс төрийн жинхэнэ хариуцлагын тогтолцоо болгон хувиргах үйл явц сул хэвээр байгааг шүүмжилнэ лээ.
Энэхүү сул орон зайг нөхөх гол субъект нь хэвлэл мэдээлэл, ялангуяа баримт нотолгоонд суурилсан, дата сэтгүүл зүй нь улс төрийн хариуцлагыг бэхжүүлэх тулгуур багана гэж үздэг байна. Баримт нотолгоонд суурилсан сэтгүүл зүй гэдэг нь өнөөгийн манай олонх сайтынхан шиг сэтгэл хөдлөлдөө автан, хэн нэг буруутныг эрэн хайх, илрүүлэн тогтоох, “эрүүдэн шүүн” үүргийг өөрсдөдөө оноож, ямар ч хамаагүй аргаар хандалтаа өсгөн од болохыг мэдээж хэлдэггүй. Монгол дахь улс төрийн хариуцлагын механизм хууль эрх зүйн орчин, бодлогын түвшинд бол харьцангуй боломжийн, нээлттэй байгааг Сонгуулийн, Шилэн дансны, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай зэрэг хууль болон жил бүр гаргадаг УИХ-ын гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгээс харж болно. Гэвч энэхүү ил тод байгаа мэдээллийг хэн ямар зорилгоор ашиглаж байна вэ, үүнд хэн хяналт тавьж, бодит дүн шинжилгээ хийж, задлан шинжилж, харьцуулдаг вэ гэдэг нь хамгийн чухал. Өөрөөр хэлбэл, герман профессорын илтгэлийн нэгэн чухал санаа нь нийтэд нээлттэй байгаа мэдээллийг хэн ч тоож сонирхохгүй, түүнийг судалгаа, эсвэл сэтгүүл зүйн бүтээлдээ ашиглахгүй байгаа бол ил тод байдал гэдэг зүйл утгаа алддаг гэсэн агуулга байлаа.
УЛС ТӨРИЙН ХАРИУЦЛАГА ГЭДЭГ “ДЕКОРАЦ” ТӨДИЙ ЗҮЙЛ БИШ
Европт хэвлэл мэдээлэл төр засгаас хараат бус, шүүмжлэлтэй ханддаг хэвээр байгаа бол эрх чөлөөний орон гэгддэг АНУ-д Дональд Трампын үед сэтгүүлч, редакцуудад тодорхой хэмжээнд дарамт ирэх болж, хяналт-тэнцвэр сулрах хандлага ажиглагдах болж. Тэгвэл Япон, Солонгост хэвлэл мэдээллийнхэн төр засагтайгаа ойр байж бодит мэдээллийг авдаг ч шүүмжлэл сул, харин Орос, Хятадад мэдээж улс төрчдийг шүүмжлэх эрх чөлөө үгүй. Гэтэл Монголын тухайд бол төрийн мэдээлэл тийм ч айхтар хаалттай, нууц биш орны тоонд ордог атлаа түүнийгээ ашигладаггүй. Хариуцлага, хяналт, тайлагнал байхгүй биш, бий. Харин түүнийг нь хэвлэл мэдээллийнхэн улс төрчдөөс нэхэж шаарддаггүй. Төр өөрийнхөө дансыг “шилэн” болгосон, гишүүд хөрөнгөө мэдүүлдэг, сонгуулиар өмнөх амлалтаа тайлагнах ёстой. Цаасан дээр бол бүх зүйл төгс боловч бодит амьдралд ил тод байдал нь хариуцлага болж хувирахгүй, харин ч эсрэгээрээ хариуцлагагүй байдлыг халхлах “декорац” болон хувирсан тухай Жулиан Диркес өөрийн хөтөлдөг “The Great state mural-Mongolia portrayed” подкастаараа ч шүүмжилж байж.
Улс төрийн харуцлага гэдэг зүйл цаасан дээр мянгантаа бичээд, олон хуульд тусгаж өгснөөр биш, хэрэглээнд нэвтэрч байж л сая жинхэнэ утгаараа амь ордог гэсэн үг. Энэ тал дээр харин 2018 оны ЖДҮХС-гийн дуулиан болон Боловсролын зээлийн сангийн “хэрэг” ховорхон жишээ гэдгийг дурдсан нь ганц ч болов “нүүр тахлах” мэдээлэл байв шүү. Сэтгүүлчид нээлттэй өгөгдлийг хооронд нь тулгаж, эрх бүхий албан тушаалтнуудын нэрсийг холбосноор эрх мэдэл ба ашиг сонирхлын огтлолцлыг ил болгосон нь “ил тод мэдээлэл жинхэнэ утгаараа хариуцлага болж хувирсан” гэнэ. Гэвч ийм үлгэр жишээ үйл явц тогтолцооны шинжтэй биш, харин санамсаргүй, сайн дураараа “дэлбэрсэн” бөмбөг төдий байвал нэмэргүй гэв ээ. Монголын төр байдгаараа хөрөнгө, хүч зориулаад ард иргэддээ нээлттэй “шилэн засаг”, “цахим засаг”, “ухаалаг засаг” болсон тухайгаа зарладаг. Тэгээд үр дүнд нь төрийн хариуцлага ил болж, улс төрчдийн хяналт, тайлагналт бодитоор “шилэн” болсон уу?
“ТӨРӨЛ”-ӨӨ ОЛСОН ТӨРХӨӨ ОЛООГҮЙ МОНГОЛЫН СЭТГҮҮЛ ЗҮЙ
Ардчилсан нийгэмд сонгогчдыг “хэрэглэгч” гэвэл улс төрчид тэдэнд “үйлчилгээ үзүүлэгч” болж таарна. Сонгуулиар уран гоё амлалт өгч сонгогдсон гишүүд, төлөөлөгчид, нам, улс төрийн хүчнүүд дараагийн сунгаанд нэрээ дэвшүүлэхдээ юу хийсэн, алийг нь амжаагүйгээ тайлагнах бол энгийн логик. Гэвч энэ логик ажиллахын тулд холбох гүүр хэрэгтэй. Тэр нь чөлөөт сэтгүүл зүй гэдэг “төрөл зүйл”. Хэвлэл мэдээллийнхэн зүгээр нэг мэдээлэгч биш, улс төрчдийн амлалтыг сануулж, шалгаж, баримтаар тулган нягталж, олон нийтийн өмнөөс хариуцлага нэхдэг учраас чөлөөт сэтгүүл зүйн мэргэжлийн үнэ цэн нь хавь илүү өндөрт оршдог биз. 1990 оны Монголын ардчилсан хувьсгалд сэтгүүлчид чухал үүрэгтэй байсан. Гэвч одоо жижиг зах зээлдээ ахадсан олон “сайн дурын” тоглогчтой болсон хэрнээ мэдээллийн агуулга, чанар хангалтгүй, баримтад тулгуурласан дата анализ, шүүмжлэл тал дээр өрсөлдөөн сул, орлого, ашгийн үзүүлэлт тааруу зэрэг нь сорилт болж буйг хэн хүнгүй хэлдэг. Төрлөө олсон ч төрхөө гүйцэд олоогүй “үр хөврөлийн” шатандаа яваа гэмээр ч юм уу. Нам төвтэй улс төр давамгайлж байгаа нөхцөлд Монголын ард чиллыг ч бас “хэлбэрээ хадгалсан ч агуулгын хувьд сорилттой хэвээр” гэж дүгнэсэн байдаг. Гэхдээ хэвлэл мэдээллийнхэн хариуцлагатай, ёс зүйтэй, мэргэжлийн зарчмаа баримталж тууштай байгаад олон нийтийн итгэлийг олж чадвал хамгийн том давуу тал болно гэснийг санууштай.
Өнөө цагт ямар хэвлэл мэдээлэл олон нийтийн итгэлийг хүлээдэг вэ гэхээр өгөгдөл нь ил тод байхад түүнд анализ хийж, задлан шинжилж, нэгтгэн дүгнээд, иргэдэд ойлгомжтой байдлаар хүргэдэг тийм чадамжтай редакцууд. Гэвч бодит байдал дээр санхүүгийн чадамжгүй байдал, улс төрийн нөлөө, цаг хугацаанд хавчигдах явдал зэргээс үүдэн мэргэжлийн, хариуцлагатай, аналитик сэтгүүл зүй нөлөөгөө тогтоож чадахгүй байна. Тэглээ гээд ухрах эрхгүй, бууж өгч бүр болохгүй салбар бол чөлөөт сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийнхэн. “Монголд тулгамдсан гол асуудал нь мэдээлэл хомсдоо биш, харин мэдээллийг зөв ашиглах соёл, институц дутсанд байна” гэж Жулиан Диркес профессор зүгээр ч нэг хэлээгүй нь лав.
МЭДЭЭЛЛИЙГ ЗӨВ АШИГЛАЖ ЧАДСАН ҮЕД Л ҮНЭНИЙ ТАЛД ХҮЧ БОЛДОГ
Ардчиллын мөн чанар нь иргэд олон нийт төрдөө хяналт тавихад оршдог. Төрийн үйл ажиллагаанд хяналт тавих онцгой үүргийг хэвлэл мэдээллийнхэн гүйцэтгэдэг. Монголын бодлого боловсруулагчдын түвшинд “хариуцлага” гэх ойлголт зарчмын хувьд байршсан ч, сонгуулийн улс төрийн практикт бодитоор хэрэгжих нь ховор байгааг анзаарах шаардлагатай. Үүнтэй холбоотойгоор сэтгүүл зүйд өгөгдөл, мэдээллийн үүрэг улам чухал болж буйг тэрбээр онцолсон билээ. Иргэд өөрсдийг нь төрд төлөөлүүлэхээр сонгож илгээсэн улс төрчдөөсөө хариуцлага нэхэх, асуух эрхтэй. Хэвлэл мэдээлэл үүнд нь гүүр болон, асуулт асууж, хариуцлага нэхэж, бодит баримтаар шахахгүй бол улс төрчид сонгогчдодоо бодлого, үйл ажиллагаагаа тогтмол тайлагнах үүргээ хэрэгжүүлэхдээ хойрго хандах талтай. Мэдээлэл хэчнээн ил тод байгаад ч үл мэдээлэгдвэл, ноцтой баримт олныг бүрдүүлсэн байлаа ч түүнийг чөлөөт хэвлэл задлан шинжилж сонирхохгүй бол, эрх мэдэлтэн иргэд олон нийтийн асуултад хариулахгүй байх аваас ардчилал хэлбэр төдий үлдэнэ. Учир нь даргын шүүгээнд, төрийн байгууллагын цахимд хуудсанд буй мэдээлэл өөрөө үнэнийг илчлэхгүй. Харин түү нийг зөв ашиглаж чадсан үед л үнэний талд хүч болж хувирдаг.
Хэвлэл мэдээллийг тусдаа “засаглал” гэж үзэх ойлголт нь эртний Английн хаант засаглалын үед үүссэн байдаг. Өдгөө “Хэвлэл мэдээлэл бол тав дахь засаглал” гэж зарим судлаач шинэ нэр томьёог ашиглаж буйгаас үзэхэд чөлөөт сэтгүүл зүйн үүрэг нэмэгдсэн үү гэхээс буураагүй байна. Хэдийгээр зарим оронд хэвлэл мэдээлэл нь улс төр, зах зээлийн нөлөөнд орж, хяналтын үүргээ алдаж эхэлсэн нь үнэн. Дэлхийн олон оронд өдгөө хэвлэл мэдээллийнхэн, сэтгүүлчид айдсаасаа болж дуугүй байдаг. Харин Монголд эсрэгээрээ. Төрийн цензур, дарангуйлал, айдсаас болж биш, сэтгүүлчдийн өөрсдийнх нь хайхрамжгүй, хулчгар байдлын улмаас өнөөдөр олон улс төрчийн асуудал ил болохгүй, хариуцлагын тавцанд дуудагдахгүй, дарагдаж өнгөрч байгааг бодууштай. Нийгмийн сайн сайхны төлөө, шударга үнэний талд зогсох эр зоригтой, үнэт зүйлтэй эрхэм зан чанар өнөөгийн манай сэтгүүлчдийн хэдэн хувьд нь байгааг таашгүй. Монголд өнөөдөр ардчиллын болон чөлөөт хэвлэлийн хамгийн том сорилт нь эрх чөлөөгөөр дутагдсан биш, харин хариуцлагаар цангасан явдал гэвэл дэгс болохгүй биз.
Монголын нийгэм заримдаа Стокхолмын синдромтой мэт. Өөрсдийг нь хохироож буй тогтолцоог шүүмжлэхийн оронд хамгаалж, хариуцлага нэхэхийн оронд зөвтгөдөг. Үүний тэргүүн эгнээнд сэтгүүл зүй оройлон манлайлж яваагаа хүлээн зөвшөөрөхөөс өөр замгүй. Ер нь цаашдаа бид “Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөний индексээр төчнөөн байр хойш ухарлаа” гэхээсээ түрүүнд цаадах учир шалтгаан нь юу байна вэ, сэтгүүлчид өөрсдөө үүнд хувь нэмэр оруулдаг юм биш байгаа гэж асуухад гэмгүй санагдах.
Олон нийтийн мэдээллийн боловсрол, нийгмийн оюун санааг зөв чиглүүлж төлөвшүүлэхэд хэвлэлийнхний үүрэг оролцоо хамгаас чухал байдгийг бодолцоод, Монголын сэтгүүл зүй өөрсдөөсөө эхлээд хариуцлага нэхмээр байна.
Л.Аргамжин