Манай улсад 8000 орчим төрлийн ашигт малтмал, эрдэс бодисын илэрц бий гэдэг. Үүний эдийн засгийн өгөөжийг 3.1 их наяд ам.доллар хэмээн үнэлж, нэг хүнд нэг сая “ногоон” ногдох боломжтой хэмээн Үндэсний баялгийн сангийн зөвлөлдөх санал асуулгыг эхлүүлэх үеэр (өнгөрсөн гуравдугаар сарын сүүлчээр) УИХын дарга С.Бямбацогт өгүүлсэн. Өөрөөр хэлбэл, газрын хэвлийн баялгийг хөрөнгө болгож, олсон орлогоо зохистой хуваарилж чадвал 3.5 сая гаруй хүн бүрд нэг сая ам.доллар ногдоно хэмээн спикер шууд мэдэгдсэн нь гайхалтай.
Харин өдгөө “И-Монголиа” аппликэйшн дэх мэдээлэлд иргэдийн дансанд 175 000 төгрөг байгаа бол энэ сард “Эрдэнэс Тавантолгой” компаниас 62 000 төгрөгийн ногдол ашиг хүртээнэ. Дээр дурдсан нэг сая ам.доллароос одоогоор дөнгөж 200 гаруйхан мянган төгрөгийн л сураг байна.
Улс төрчид, төрийн албаныхны зүгээс байн байн сөхдөг баялгийн сангийн асуудал энэ хавар ахин хөндөгдөв. Ёжилж хэлбэл, алаагүй баавгайн арьсаа бид яаж хуваах тухай ахиад л ярьж эхэллээ. Ярих ч биш, бүр Үндэсний статистикийн хорооны оролцоотойгоор түүврийн аргаар “Монгол хүн баялгийнхаа эзэн” зөвлөлдөх санал асуулгыг улсын хэмжээнд зохион байгуулав. Үүний эхний шатанд түүврээр сонгогдсон 157 нэгжийн, 1570 иргэнээс мэдээлэл авсан аж. Улмаар ирэх амралтын өдрүүдэд буюу бямба, ням гарагт Төрийн ордонд 800 ор чим хүнийг оролцуулсан санал асуулгын хоёрдугаар шатыг зохион байгуулахаар бэлтгэж байна. Эдгээрийн зардалд нэг тэрбум төгрөг зарцуулж буйг ЗГХЭГ-аас мэдээллээ. Олон улсад томд тооцогддог Норвегийн баялгийн болон Сингапурын Темасек сангийн үйл ажиллагаатай манай албаны хүмүүс сүүлийн 10 орчим жилд 108 удаа очиж танилцсан бол өдгөө иргэд рүүгээ хандан, хэлэлцэхээр болсон сайшаалтай ч юм шиг.
Үндэсний баялгийн сан нь одоогоор Ирээдүйн өв, Хуримтлалын, Хөгжлийн гэсэн гурван сангаас бүрдэж буй. Ирээдүйн өв санд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн (АМНАТ) 65, Хуримтлалынханд уул уурхайн олборлолт, боловсруулах салбарын төрийн өмчит, төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд дэх төрийн эзэмших 34 хувийн хувьцааны орлогыг төвлөрүүлдэг. Эдгээрт нийт 6.8 их наяд төгрөг хуримтлуулжээ. Үүний өгөөжөөс дээр дурдсанаар нэг хүнд 175 000 төгрөг ногдож буй бөгөөд орон сууц худалдан авах, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээнд бэлэн бус хэлбэрээр зарцуулна. Харин Хөгжлийн сан төсвийн орлогоос давсан хөрөнгөөс санхүүжих учраас одоогоор данс нь “улаан” байгаа юм.
Бид уул уурхайн баялгаас олсон орлогоо зарцуулсаар ирсэн. Тухайлбал, 2016 оноос өмнө “Хүний хөгжил” сангаар дамжуулж, иргэн бүрд сар болгон мөнгө олгож байв. Улмаар 2017 он гэхэд уг сан дампуурч 1.1 их наяд төгрөгийн өр үүссэн байжээ. Харин 2017 онд Ирээдүйн өв сангийн тухай хуулийг баталснаар “Хүний хөгжил” сангийн өрийг ч дарж, сүүлийн жилүүдэд 5.7 их наяд төгрөг хуримтлуулж чадсан аж. Улмаар 2024 онд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг шинэчлэн баталж, уг хуулиар АМНАТ-ийн 50 орчим хувийг цэврээр нь (Төсвийн тогтворжуулалтын болон Орон нутгийн хөгжлийн сангийн зарцуулалтыг хассан дүнгээр) баялгийн санд төвлөрүүлэх боломж бүрджээ. Энэ талаар Сангийн яамны Санхүүгийн бодлогын газраас “Баялгийн сангийн тухай хуулийг баталснаас хойш нэмэлт өөрчлөлт оруулж явсаар өдгөө тун боломжийн хувилбарт хүрсэн. Тодруулбал, энэ жилээс АМНАТ-ийн орлогын 50 хувийг шууд хадгалах боломж бүрдлээ. Үүний үр дүнд сүүлийн хоёр жилд гадаадын банканд хадгалуулж буй хөрөнгө өсөн, манай зээлжих зэрэглэл сайжирсан. Сүүлд “Сенчури-5” бондыг 5.95 хувийн хүүтэй гаргасан нь өмнө гаргасан бондын хүүгээс хоёр пунктээр буурсан дүн. Ингэснээр эдийн засгийн үнэлгээг сайжруулж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нэг алхам болсон хэрэг. Бас Үндэсний баялгийн сангийн хөрөнгийг тогтвортой, эрсдэлгүй хадгалах зорилгоор гадаадын банканд дөрвөн хувийн хүүтэйгээр байршуулж буй. Цаашид эл хөрөнгийг удирдах, хөрөнгө оруулалт хийх боломжтой. Харин ахиад баялгийн сангийн талаар зөвлөлдөх уулзалт, санал асуулга явуулж буйг ойлгохгүй байна. Нэг бодлогоор, гаргасан шийдвэрээ урт хугацаанд хэрэгжүүлж явбал хэрэгтэй сэн. Зөвлөлдөх уулзалт, санал асуулгын үр дүнг харгалзан хуулиа ахиад өөрчилнө гэвэл яав ч сайн үр дүнд хүрэхгүй” гэлээ.
Тэгвэл санхүүгийн шинжээч, эдийн засагч Г.Ганхүү “Зөвлөлдөх санал асуулгыг үндсэн хууль, хот төлөвлөлт, орон нутгийн төсвийг хэрхэн зарцуулах вэ гэх мэт агуулгаар явуулдаг. Эдгээр асуудалд иргэн бүр оролцож, байр сууриа илэрхийлэх боломжтой байдгаас тэр. Харин үндэсний хэмжээний сангийн хөрөнгө, төсвийг хэрхэн зарцуулах, хуваарилах талаар асуухад зөв үр дүн гардаггүй гэхэд болно. Ялангуяа байгалийн баялгаас хүн болгон, аж ахуйн нэгж бүрхувьхүртэх, авахэрхтэйгэжүзэн, улс төрчид нь ч эл сэдвийг “попруулдаг”. Байгалийн баялаг нь хязгаарлагдмал нөөцтэй учраас ирээдүйн иргэдэд ч зарцуулагдах учиртай. Тиймээс хуримтлуулах, хуримтлуулсныгаа хадгалах нь хамгийн чухал. Мөн хөрөнгөө удирдах асуудал ч гарч ирдэг. Түүнчлэн баялгаас хүртээж байна гээд мөнгө болон ваучир, купон тарааж, зээл тэглээд байвал дунд, урт хугацаандаа эдийн засгийг “унагаана”. Манай улсад баялгийн санд төвлөрүүлэх орлого байна. Харин улс төрийн тогтворгүй шийдвэр, засаглалын хямрал зэргээс шалтгаалж ахиц гардаггүй. Системээ сайжруулж, мөн Үндэсний баялгийн сангийн тухай хуулиа ягштал баримталж, хөрөнгөө хөндөхгүй байх нь чухал. Мөн эрдэс бүтээгдэхүүн, түүхий эдээс баялаг, цэвэр хөрөнгө бүтээх хэцүү. Их хэмжээний хөрөнгө оруулж, томоохон зардал гаргаж байж л ашиг, ашгийн хуваарилалтыг ярина” гэлээ.
САНГИЙН ХӨРӨНГИЙГ 2030 ОН ХҮРТЭЛ АШИГЛАХГҮЙ
“Тинк Монгол” судалгааны байгууллагын тайланд “Үндэсний баялгийн санг мэргэжлийн түвшинд, улс төрөөс хараат бус удирдах нь хамгийн чухал. Хөрөнгө оруулалтын шийдвэрийг мэргэжлийн шинжээчид гаргаж, үйл ажиллагааны ерөнхий зарчмыг нь хууль, тог тоомжоор тодорхой заах ёстой. Бодит бай далд сангуудын данс, бүртгэл, төлбөр тооцоог Монголбанк хариуцаж буй бөгөөд удирдлагын бүтэц, хяналт шалгалт, ил тод байдал нь хангалтгүй хэвээр. Энэ нь сангийн хөрөнгийг хэрхэн удирдаж байгааг олон нийт болон хөрөнгө оруулагчид хянах боломжийг хязгаарлаж байна. Баялгийн сангийн үндсэн зорилго нь урт хугацааны үр өгөөж бий болгох юм. Гэвч Монголд сангийн хуримтлалыг дотоодын нийгмийн халамж, хөтөлбөрүүдтэй холин, орон сууцын ипотекийн зээлийн хөтөлбөрийг ч санхүүжүүлсэн хэвээр. Ипотекийн зээл, томоохон төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх нь хэдийгээр нийгмийн ач холбогдолтой мэт боловч, ирээдүйн мөнгийг өнөөдөр зарцуулж дуусгах, улс төрийн мөчлөг дагасан алдаа юм” гэжээ.
Үндэсний баялгийн санд төвлөрүүлж буй хөрөнгийг 2030 он хүртэл ашиглахгүй хэмээн хуулиар хамгаалсан ч дэд бүтцийн болон эрчим хүчний төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх хөрөнгө хомс, цаг хугацаа алдаж байгаа гэнэ. Тиймээс захиран зарцуулах нь зүйтэй гэсэн байр суурьтай хүмүүс ч байна. Тодруулбал, Газрын тос боловсруулах үйлдвэрийн зээлийг төсвөөс гадуур байдлаар, бас өөрсдийн нөөцөөс гаргахгүй бол гадаадаас ахин зээл авч чадахгүй, Засгийн газрын өр таазандаа тулсан гэж ЭЗХЯнынхан ярьсан. Түүнчлэн Монголбанкны бодлогын хүү 12, арилжааны банкуудынх жилд 15-аас дээш хувьтай байхад баялгийн сангийн хөрөнгийг маш бага хувийн хүүтэйгээр гадаадад байршуулсан нь ашиггүй гэх хүмүүс ч бий. Түүнчлэн зарим иргэн эдийн засагт “халалт үүсгэхгүй”, бага хэмжээгээр тогтмол зарцуулах, хүүхдийн мөнгөнд нэмэрлэх, эсвэл цалин нэмэх зэргээр санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг хүсэж байна. Энэ талаар Баянгол дүүргийн иргэн Г.Адилбиш “2030 он гэхэд Үндэсний баялгийн сангийн дансанд нэг хүнд 10 сая төгрөг төвлөрнө гэсэн. Би үүнд итгэхгүй байна. Дөрөвхөн жилийн дараа бид дансандаа 10 сая төгрөгтэй болж, түүнийгээ орон сууц авах, эсвэл сургалтын төлбөр, эмнэлгийн зардалд өгнө гэж байхгүй. Ер нь улс төрчид сонгуулийн санал авах зорилгоор үргэлж худлаа ярьдаг. Ирээдүйд олгох мөнгөнөөс илүү өнөөдрийн цалин, тэтгэврийг нэмээсэй. Байгалийн асар их баялагтай гэж үргэлж ярьдаг хэр нь бидний амьжиргаа огт дээрдэхгүй байна” гэлээ.
У.Цэцэг