Насанд хүрээгүй хүүхэд холбогдсон хэргийг судлахад дийлэнх хувийг нь жолоодох эрхгүйгээр тээврийн хэрэгсэл барьсан зөрчил эзэлж байгааг прокурорын байгууллагаас өчигдөр мэдээллээ. Өөрөөр хэлбэл, Зөрчлийн тухай хуулийн 14.7.1 дэх хэсэгт заасан жолоодох эрхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил жилээс жилд нэмэгдэх болжээ. Ийм хэрэг 2023 онд 736, 2024 онд 917, 2025 онд 2007 бүртгэгдсэн байна.
Харин энэ оны эхний гурван сарын байдлаар жолоодох эрхгүйгээр автомашин барьсан 446 хүүхдэд эрх бүхий албан тушаалтан шийтгэл ногдуулжээ. Дээрх зөрчлийн 31.6 хувь нь нийслэлд, 68.4 хувь нь орон нутагт бүртгэгдсэн гэнэ. Тэдний 89.7 хувь нь эрэгтэй, 10.3 хувь нь эмэгтэй бол 62.1 хувь нь бүрэн бус дунд боловсролтой байж. Эцэг, эхчүүд автомашиныхаа түлхүүрийг ил орхидог нь жолоодох сонирхолдоо хөтлөгдсөн хүүхдүүдэд эрсдэлтэй алхам хийхэд нөлөөлж буйг мэргэжилтнүүд сануулсан. Иймд насанд хүрээгүй хүүхдийг тээврийн хэрэгсэл жолоодох нөхцөл, боломжийг бий болгохгүй байх, эцэг, эхчүүд, асран хамгаалагчдыг хараа хяналтаа сайжруулахыг проруроын байгууллагаас сэрэмжлүүлэв.
Ташрамд, Зөрчлийн тухай хуульд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсвэл тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн жолоо барьсан бол 400 мянган төгрөгөөр торгоно гэж заажээ.
Ч.Болор