Улаанбурхан өвчний дэгдэлт манай улсад 440 дэх өдрөө үргэлжилж байна. Уг халдварын улмаас өнгөрсөн долоо хоногийн сүүлээр хоёр хүүхэд эндэж, нас барсан хүний тоо 20-д хүрснийг Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)- өөс мэдээлэв. Тодруулбал, Ховд аймагт зургаа болон долоон сартай хоёр хүүхэд улаанбурхны хүндрэлээр нас барсан байна. Улаанбурхны эсрэг дархлаажуулалтад хамрагдах насанд хүрээгүй хүүхдүүдэд уг халдвар хүндээр тусаж, аминд нь аюул учруулж буйг эмч нар анхааруулав.
Улсын хэмжээнд эл халдвараар нийт 14 969 хүн өвчилсний 11 998 нь нийслэлд бүртгэлтэй. Хоногт дунджаар 10 орчим тохиолдол шинээр бүртгэгдэж буй бөгөөд өчигдрийн байдлаар эмнэлэгт 85 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Тэдний дөрвийнх нь биеийн байдал хүнд байгаа гэнэ. Уг халдвараас вакцинаар сэргийлэх боломжтой тул дархлаажуулалтад хамрагдахыг мэргэжилтнүүд зөвлөлөө.
Ч.Туяа