2025-2026 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй нийт 6735 хүүхэд суралцжээ. Тэдний 1267 нь сургалтын ганцаарчилсан төлөвлөгөөгөөр хичээллэсэн гэнэ. Боловсролын сайдын 2024 оны А/81 дүгээр тушаалаар Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө боловсруулах журам, аргачлалыг боловсруулж, сургуулиуд өнгөрсөн хоёр жилд мөрдөж иржээ. Тэгвэл 2026-2027 оны сургалтын ганцаарчилсан төлөвлөгөөгөө даруй боловсруулж батлуулахыг Боловсролын ерөнхий газраас сургуулиудад даалгасан байна.
Холбогдох журам, аргачлалын дагуу ерөнхий боловсролын сургуулиуд ялгаатай хэрэгцээтэй суралцагчдад зориулсан сургалтын төлөвлөгөөгөө эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн санал, зөвшөөрлийг үндэслэн боловсруулж, тэдний оролцоо, дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх юм. Түүнчлэн цэцэрлэгт хамрагдаж буй хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдад зориулсан ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө ч давхар боловсруулах аж.
Ганцаарчилсан сургалт нь хүүхэд бүрийн хөгжлийн бэрхшээлийн төрөл, өвчний үе шат, сурах чадвар, ялгаатай байдалд тааруулан боловсролын үйлчилгээг хүргэх зорилготой хөтөлбөр юм.
О.Оргилох