Олон улсын аялал жуулчлалын зах зээл тогтвортойгоор сэргэж, цар тахлын буюу 2020-2021 оны тэг зогсолтын үеийн хямралыг даваад буйг НҮБ-ын Аялал жуулч лалын байгууллага (UN tourism)-аас мэдээлэв. Өнгөрсөн онд дэлхий дахинд 1.5 тэрбум жуулчин аялж, тус салбарын орлого 2.2 их наяд ам.долларт хүрчээ. Аялагчийн тоо ч, ашиг орлогын хэмжээ ч таван жилийн өмнөх үеийнхээс 3-4 дахин өссөн аж. Энэ оны I улиралд олон улсад 307 сая жуулчин аялсан нь өмнөх жилийн мөн үеийнхээс хоёр хувиар өссөн дүн болов. Дэлхийн аялал жуулчлалын зөвлөл (WTTC) болон “Statista”-гаас гаргасан таамаглалаар оны төгсгөлд жуулчдын тоо нэг тэрбумаас давж, утаагүй үйлдвэрлэлийн салбар дахь шууд худалдааны эргэлт 1.07 их наяд ам.долларт хүрч, 6.8 хувиар өсөхөөр буй гэнэ. “Олон улсын аялал жуулчлал урт хугацааны хямралын дараах хамгийн эмзэг үеэ өнгөрөөж, тогтвортой өсөлтийн замд шилжээд байна” гэж судлаачид дүгнэх болов.
Харин Монгол Улс 2025 онд түүхэндээ хамгийн олон буюу 847 мянган жуулчин хүлээн авч, салбарын орлого 728 сая ам.долларт хүрсэн гэж мэдээлж буй. Энэ нь аялагчдын урсгал цар тахлын үеийнхээс 14-25 дахин өссөн, жуулч лалаас төвлөрүүлсэн орлогын хэмжээ 91 хувиар нэмэгдсэн үзүүлэлт гэх. НҮБ-ын Аялал жуулчлалын байгууллагаас манай улсыг аялал жуулчлалын өсөлтөөр дэлхийд тэргүүлж буй 20 орны нэгээр нэрлэж, бүс нутгийнхаа зах зээлд хүчтэй өрсөлдөгч, шинэ цэг болон тодорч байгааг өнгөрсөн хавар зарласан. 2026 оны эхний найман сарын байдлаар Монголд 622 мянган жуулчин ирээд байна. Аялал жуулчлалын идэвхтэй улирал шувтрах дөхсөн тул энэ тоо цаашид дорвитой нэмэгдэх, эсэх, оны төгсгөлд зорилтот түвшинд буюу өмнөх жилийн мөн үеийнхээс давах уу, үгүй юү гэдэг нь эргэлзээ дагуулж буйг судлаачид анхааруулсаар. Хэдийгээр салбарын масс үнэлэмж, тоон үзүүлэлт эерэг утгуудыг илэрхийлж байгаа ч үүний цаана томоохон сорилт дагуулсан бодит эрсдэл, тулгамдсан асуудал цөөнгүй. Олон улсын болон Монголын зах зээл дэх чиг хандлага, өөрчлөлтийг харьцуулан хүргэе.
ХЭМЖЭЭ ЮҮ, ЧАНАР УУ
Олон улсын аялал жуулчлал тоо хэмжээнээс чанарт шилжих (Value over volume) стратеги барьж байна. Жуулчдын тооноос илүү тэдний тухайн улс, орон нутагт үлдээж буй үнэ цэн, эдийн засгийн нөлөөллийг чухалч лах болов. НҮБ-ын Аялал жуулчлалын байгууллагын судалгаанд дурдсанаар орчин цагийн жуулчдын аялах давтамж цөөрсөн ч нэг удаагийн аялалд зарцуулах хугацаа болон төсөв нь цар тахлын өмнөх үеийнхээс дунджаар 1822 хувиар өсжээ. Жишээ нь, Европын аялал жуулчлалын төв гэгддэг Франц орныг 20242025 онд зорьсон гадаад иргэдийн урсгал 2019 оны түвшинд хүрээгүй ч салбарын орлого нь 63.5 тэрбум еврогоос давж, түүхэн дээд амжилт үзүүлж. Жуулчид соёлын чанартай арга хэмжээ, дээд зэрэглэлийн үйлчилгээнд илүү их мөнгө төлж эхэлсэн нь энэ. Испанийн үндэсний статистикийн хүрээлэн (INE)-гээс мэдээлснээр тус улсад аялж буй жуулчдын нэг өдрийн дундаж зарцуулалт 170-195 евро болж, зургаан жилийн өмнөхөөс 21 хувиар өссөн байна. Жуулчид олон хоногоор илүү тухтай, чанартай аялахыг ийн эрмэлзэх болжээ. Ийм учраас л олон улсын зах зээлд тооны араас хөөцөлдөх бус, нэг жуулчнаас эдийн засагт төвлөрүүлэх үр өгөөжийг нэмэгдүүлэх, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах буюу тоо хэмжээнээс чанарт шилжих бодлогыг нийтлэгээр баримталж эхлэв.
Үүнийг дагаад дэлхийн томоохон хотууд татвар татаасаар жуулчдыг хязгаарлах бодлогууд ч хэрэгжүүлэх болж. Тэд олон сая “хямд” жуулчин хүлээн авахаас татгалзаж, эдийн засгийн чадамжтай, “чанартай” аялагч дыг шигших зохицуулалтуудыг хэрэгжүүлж байна. Италийн Венец хотын захиргаа богино хугацаагаар буюу өдрөөр аялагч иргэдээс 5-10 еврогийн нэвтрэх татвар авч эхэлсэн бол Нидерландын Амстердам жуулчдын тоог 20 саяас хэтрүүлэхгүй гэсэн хатуу хязгаарлалт тогтоож, хотын төвд зочид буудал, үйлчилгээний газар барихыг бүрэн хоригложээ. Энэ мэтчилэн дурдвал шинээр тогтоосон хориг хязгаарлалттай холбоотой бодлого, шийдвэр цөөнгүй. Олон улсын аялал жуулчлалын макро чиг хандлага, урсгал ийм “зүг” рүү явж байна. Харин Монголд юу болж байна вэ?
“Хэмжээнээс чанарт шилжих” стратеги. Манай улс яг үүний эсрэг бодлого баримталсаар ирсэн, өдгөө ч энэ байр сууриндаа бат бөх зогссоор. Жуулчдын чанар, салбарын үнэ цэн гэхээсээ илүү тооны араас хөөцөлдсөөр байна. Нэг сая жуулчин авах мөрөөдөл, зорилготойгоо “мөнхөрч” буй гол шалтгаан нь энэ. Салбарын статистик, тайлан мэдээлэл нь гүйцэтгэл сайтай гардаг хэрнээ бодит нөхцөл байдал сайнгүй байдаг нь ийм учиртай. Тухайлбал, Монгол Улс 2024 онд 727 мянган жуулчин хүлээж авсан. Тухайн онд аялал жуулчлалын орлого түүхэн дээд түвшинд буюу 1.5-1.6 тэрбум ам.долларт хүрсэн юм. Харин өнгөрсөн онд үүнээс 120 гаруй мянгаар олон жуулчин хүлээж авсан хэрнээ салбарын орлого чүү чамай 720 сая ам.долларт хүрчээ. Өнөө жил ч ийм байдал давтагдах төлөвтэйг салбарын мэргэжилтнүүд хэлж буй.
Гадаадын иргэн харьяатын газар болон Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны тайланд тэмдэглэснээр манай оронд энэ онд ирсэн жуулчдын 50-60 орчим хувийг орос, хятадууд эзэлжээ. Гэвч аяллын гол бүс, тусгай хамгаалалттай нутаг, үйлчилгээний газруудад тэд бараа сураггүй гэх. Харин хөдөө, орон нутагт япон, солонгосчууд л голдуу аялцгаах болж. Энэ нь Монгол Улс хилээр нэвтэрч байгаа гадаадын зорчигч болгоныг жуулчин хэмээн бүртгэж, хөөсөрсөн тоо гаргадагтай нь холбоотой. Тэдгээрийн хэд нь жинхэнэ аялагч вэ гэдгийг ялгаж салгаж, нарийвчлан тоолдоггүйн үр дагавар. Жуулчдын тоо хурдацтай өсөөд байхад салбарын орлого, үр ашгийн үзүүлэлт базаадаггүйн цаад шалтгаан нь ердөө энэ.
2026 он гарснаас хойш Монголд ирсэн аялагчдын тоо өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 20 гаруй мянгаар илүү байна. Олон улсын байгууллагууд манайхыг аялал жуулчлалын өсөлтөө тогтвортой хадгалж буй орнуудын нэг хэмээн онцлон танилцуулсаар. Гэтэл тур оператор компани, жуулчны баазынхан өнөө жил хөл хөдөлгөөн харьцангуй бага, ашиг орлого муу байгааг хэлэв. Сүүлийн жилүүдэд манай зорилтот зах зээлүүдийн нэг болсон БНСУ-аас ирэх аялагчдын урсгал ч эрс татарсан гэнэ. Тийм ч учраас салбарын бизнес эрхлэгчид, судлаачид “Эхлээд ядаж жуулчны тоогоо бодитой гаргадаг болъё. Хилээр нэвтэрсэн гадаадын иргэн, барилга, авто замын ажилд дайчлагдахаар ирсэн хүмүүсийг аялагч гэж үзэхээ больё” хэмээсэн. Ингэж байж тоо хэмжээнээc чанарт шилжих, аялал жуулчлалын үр өгөөжийг бодитоор нэмэгдүүлэх боломжтой гэж тэд үзэж буй.
ТРЕНД АЯЛАЛ, ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ
Олон улсад wellness tourism буюу алжаал тайлах эрүүл мэндийн аялал, climate sensitive tourism буюу байгальд ээлтэй, уур амьсгалын өөрчлөлтөд мэдрэмжтэй аялал тренд чиглэл болон хөгжиж байна. Алжаал тайлах аялалд хамрагдагчид зөвхөн эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах бус, сэтгэл зүйн эрүүл мэндээ дэмжих, хуримтлагдсан ядаргаагаа тайлах, нийгмийн стрессээс өөрийгөө чөлөөлөх, эрч хүч авах зорилгоор энэ төрлийн хөтөлбөрийг сонгодог аж. Тэд иог, бясалгал, рашаан сувилал, халуун рашааны, эрүүл, зөв хооллолтын, дижитал детокс буюу гар утас, интернэтийн хэрэглээг хязгаарлах, байгалийн чимээнд амрах зэрэг баялаг хөтөлбөртэй аяллыг үнэд оруулжээ. Дэлхийн алжаал тайлах хүрээлэн (GWI)-гийн судалгаагаар ийм төрлийн аялагчид энгийн жуулчдаас 130 хувиар илүү их мөнгө зарцуулдаг гэнэ. Тиймээс улс орнууд тэднийг чанартай жуулчин хэмээн үзэж, тусгай бүтээгдэхүүн, үйлчилгээ санал болгож эхэлжээ.
Харин уур амьсгалд мэдрэмжтэй аялал нь байгальд ээлтэй хөтөлбөртэй, орон нутгийн иргэдэд түшиглэсэн, илүү уламжлалт хэв шинжтэй гэнэ. Орчин үеийн жуулчид, ялангуяа миллениаль болон Z үеийнхэн байгаль орчинд ул мөр багатай, эко хөтөлбөрөөр аялахыг илүүд үздэгийг судалгаагаар тогтоожээ. Тэр ч бүү хэл, агаарт хамгийн бага нүүрстөрөгч ялгаруулдаг нисдэг тэрэг бүхий авиа компанийг сонгож зорчих, цахилгаан машин, мориор аялах хандлага залуусын дунд моод болж. Тэгвэл Монголд ямар аялал тренд болж байна вэ?
Манай улсад алжаал тайлах зорилготой эрүүл мэндийн аялал хараахан хөгжөөгүй, харьцангуй шинэ соёл, үйлчилгээ гэдгийг энэ салбарт ажилладаг хүмүүс хэлдэг. Харин байгалийн, эко аялал урсгалаараа аажмаар хөгжсөөр өдий хүрснийг дурдлаа. 20 орчим жил жуулчны хөтчөөр ажилласан Б.Эрхэм “Монголд соёлын буюу нүүдэлчин ахуйд түшиглэсэн болон тусгай сонирхлын аялал тэргүүлэх чиглэл хэвээр байна. Нэршлийн хувьд хол юм шиг сонсогдох ч эдгээр нь байгалийн аялал жуулчлал шүү дээ. Монгол соёл, нүүдэлчин ахуйг байгалиас салгах аргагүй. Тусгай сонирхлынх гэхээр морин аялал, ховор амьтан, шувуу үзэх, говийн нар харах, үлэг гүрвэлийн мөр үзэх гээд бас л байгальтай холбогдолтой. Харин үүнийг дэлхий нийтийн тогтвортой, эко аяллын чиг хандлагатай хэрхэн уялдуулж, хөгжүүлэх вэ гэдэг нь гол асуудал. Сүүлийн үед Архангай, Булган, Сэлэнгэ зэрэг төвийн бүсийн аймагт малчин айлууд жуулчид хүлээн авах нь олширсон. Мөн соёлын наадам, арга хэмжээ зохион байгуулах нь нэмэгдлээ. Эдгээрийг тогтвортой аялал жуулчлалын бодлоготой уялдуулах нь илүү үнэ цэнтэй болгоно. Жуулчин гээд ирсэн болгоныг найрсгаар хүлээж аваад, хамгийн үнэ цэнтэй бүтээгдэхүүн болох байгалиа үнэгүй шахам үзүүлээд байх уу. Монголчууд жуулчдад хөндий байшин, хоосон гэрийг асар өндөр үнээр зардаг мөртлөө байгалиа тэгж үнэд хүргэж чаддаггүй. Тусгай хамгаалалтттай газарт нэвтрэх хураамжид 2030 мянган төгрөг авахаар шүүмжилдэг. Бидний мэдэх Бутан улс тогтвортой хөгжлийн хураамж гэж жуулчин бүрээс 100 ам.доллар авдаг шүү дээ. Тэд жуулчдад байгалиа үзүүлээд зогсохгүй эрсдэл, хамгааллын зардлаа ч тооцож авдаг. Бид энэ жишиг рүү ойртох хэрэгтэй” гэсэн юм.
НҮБ-ын Аялал жуулчлалын байгууллагын мэдээлэлд дурдсанаар олон улсын аялал жуулч лалын зах зээлд одоо хамгийн тулгамдаж буй сорилт нь Ойрх Дорнодын хямралаас үүдэлтэй шатахууны үнийн хэлбэлзэл, тээврийн зардал гэнэ. Харин манай улсын хувьд хамгийн бодитой бэрхшээл нь хөөсрөлд хөтлөгдсөн үзүү лэлт болон түүнд шүүлтүүргүй ханддаг бодлого, шийдвэр гаргагчид болоод байна.
Н.Дүүл