Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)-ийнхөн НИПТ буюу инвазив бус (жирэмсэн эхийн биед зүү, мэс ажиллавар хийж, ургаас дээж авахгүй) скрининг шинжилгээг албан ёсоор нэвтрүүллээ. Өөрөөр хэлбэл, эл шинжилгээ нь жирэмсэн эмэгтэйн цуснаас ургийн ДНХ-ийн хэсгийг шинжилж, зарим хромосомын өөрчлөлтийн эрсдэлийг тодорхойлдог байна. Ингэснээр урагт зонхилон тохиолддог 21, 18, 13 дугаар хромосомын илүүдэл болон бэлгийн Х, Ү хромосомын өөрчлөлтийг эрт үед нь илрүүлэх юм. Тус шинжилгээ нь эх, урагт эрсдэл багатай, инвазив бус арга бөгөөд дээрх хромосомын өөрчлөлтийг илрүүлэхэд 99 хүртэлх хувийн мэдрэг чанартай аж.
Ингэснээр жирэмсний хяналтын явцад ургийн гажгийг эрт үнэлж, шаардлагатай тохиолдолд нэмэлт оношилгоо, генетикийн зөвлөгөө болон цаашдын эмнэл зүйн тусламж, үйлчилгээг цаг алдалгүй төлөвлөх боломж нэмэгдсэнийг ЭХЭМҮТийн эмч нар онцолсон. Тодруулбал, ургийн зарим хромосомын өөрчлөлтийг эхийн цуснаас эрт илрүүлэх боломжийг дотооддоо ийн бүрдүүлжээ. Тус эмнэлгийн Анагаахын удам зүйн лабораторийнхон ДНХ-ийн дараалал тогтоох технологид суурилсан уг шинжилгээг хийх сургалтад хамрагдаж, дөрвөн удаагийн гадаад хяналтын үнэлгээг амжилттай давснаар дээрх шинжилгээг хийх олон улсын гэрчилгээгээ өчигдөр гардан авчээ. Ташрамд, шинжилгээгээр өндөр эрсдэлтэй гарсан тохиолдолд эмчийн зөвлөгөөний дагуу баталгаажуулах оношилгоог заавал хийлгэх гэнэ.
Ч.Цэлмэг