МонголУлсын ЕрөнхийлөгчУ.Хүрэлсүхийн урилгаар төрийн айлчлал хийхээр Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэргий Милена Милатовичийн хамт өчигдөр манай улсад хүрэлцэн ирэв. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нар зочдыг Сүхбаатарын талбайд албан ёсоор угтаж авсан юм.
Хоёр улсын Төрийн тэргүүн албан ёсны хэлэлцээ хийж, энэ үеэрээ ирээдүйн хамтын ажиллагааны чиглэлээ тодорхойлсон байна. Улмаар хоёр улсын дипломат болон албан паспорттой иргэдийг визийн хураамжаас чөлөөлөх хэлэлцээр, боловсрол, шинжлэх ухаан, хэвлэл мэдээлэл, Худалдаа аж үйлдвэрийн танхим хооронд хамтран ажиллах санамж бичиг байгуулав. Үүний дараа Ерөнхийлөгч нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Уулзалт халуун дотно уур амьсгалтай болж, өнгөрсөн 20 жилийн ололт амжилтаа дүгнэн, цаашид хамтрах төлөвөө тодорхойллоо. Дэлхийд танигдсан монгол ноос, ноолуур, арьс зэрэг өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүнээ бид тус улсад нийлүүлэх, аялал жуулчлалын чиглэлээр хамтрах яриа хэлэлцээг идэвхжүүлэхээр тохирсон” гэв. Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович “Манай улс 2028 онд Европын холбоонд элсэх хүсэлтэй, үүнийг маань Монгол Улс дэмжиж буйд талархаж байна. Үүний тулд бид эдийн засгийн түншлэлээ тэлэхийг зорьж буйн нэг нь Монгол Улс. Бизнесийн салбарт хамтран ажиллахын тулд хоёр улсын Худалдаа аж үйлдвэрийн танхим хооронд санамж бичиг байгууллаа. Манай улсын эдийн засаг аялал жуулчлалд суурилдаг. Мөн Адриатын тэнгист, стратегийн чухал байршилд байрладаг. Тиймээс тээвэр, ложистикийг хөгжүүлэх нь хоёр улсын хамтын ажиллагаанд чухал” гэлээ.
Монтенегро бол 630 мянган хүн амтай, 13 812 ам километр нутаг дэвсгэртэй улс. Ерөнхийлөгч нь энэ жил 40 настай. Түүх нь эртнийх ч тэд Серби улсаас дөнгөж 20 жилийн өмнө л тусгаар тогтносон юм. Тиймээс энэ удаагийн айлчлал хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны болон Монтегро Улс тусгаар тогтнолоо зарласны 20 жилийн ойтой давхцаж буйгаараа онцлог. Мөн Төрийн тэргүүний хувиар манай улсад анх удаа зочилж байгаа юм. Айлчлал энэ сарын 10-нд өндөрлөнө.