Сонгинохайрхан дүүргийн XV хороонд байрлах уламжлалт анагаах ухааны Элэг судлалын клиник төвийг 2008 онд менежментийн гэрээгээр хувьчилсан юм. Тэгвэл “Элэгний Хатанбаатарын клиник” гэдгээр нь иргэдийн анддаггүй тус төвийг 2025 онд нийслэлийн өмчид буцаан шилжүүлснээр эдүгээ хүүхдийн эмнэлэг болгохоор шинэчлэн засаж байгаа аж. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлэг хүүхдийн 135 ортой бөгөөд томууны оргил дэгдэлтийн үеэр эл тоо 400-д хүрдэг тул тус клиникийг хүүхдийн тусламж, үйлчилгээнд ашиглахаар болжээ. Ингэснээр хүн ам олонтой тус дүүрэгт хүүхдийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээг 24 цагаар үзүүлэх боломж бүрдэх аж. Мөн Баянгол дүүргийн захын хороодын хүүхдүүдэд ч үйлчлэх гэнэ. Барилгын засвар, тохижилтын ажлыг эрчимжүүлж, эмнэлгийг ирэх сарын 1 гэхэд ашиглалтад оруулна гэдгийг нийслэлийн ЗДТГ-аас мэдээллээ.
О.Оргилох