-Хөгжлийн бэрхшээлтэй эхчүүд амаржихдаа хүчирхийлэлд өртсөөр байна-
Сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй эмэгтэйг төрөх эмнэлэгт очиход дохионы хэлний хэлмэрчгүй, эрсдэлээс сэргийлэх нэрийн дор жамаараа амаржих боломжтой байхад саналыг нь ч сонсохгүйгээр шууд кесарево хагалгаанд оруулсан талаар нэгэн ээж бидэнд хэлэв. Ойлголцоход хүндрэлтэй байсан тул эмч, сувилагч нар түүний биеийн байдлыг бодитоор үнэлж чадаагүй аж. Тэрбээр энэ талаар “Эмнэлгийн эмч, ажилтнууд хөгжлийн бэрхшээлтэй эхчүүдтэй харилцахаас төвөгшөөдөг. Тэдний дур мэдэн гаргасан шийдвэрийн улмаас эхчүүд төрөх явцад яг юу болоод буйг, яагаад мэс засалд орсноо ч ойлгохгүй, айдас, түгшүүртэй амарждаг нь нууц биш. Амаржих газруудын орчин, багаж хэрэгсэл нь одоо ч, тэр дундаа тэргэнцэртэй болон тулгуур эрхтний бэрхшээлтэй эхчүүдэд хүндрэлтэй хэвээр байна. Үзлэгийн болон төрөх ор нь хөгжлийн бэрхшээлтэй иргэний онцлогт тохирдоггүй. Нуруу, түнхний бэрхшээлтэй эхчүүдийг заавал стандарт байрлалаар хэвтүүлж төрүүлдэг нь асар их өвдөлт мэдэрч, цаашлаад гэмтэл бэртэл авах ч эрсдэлтэйг бид хоорондоо хий дэмий л ярьцгаадаг. Ер нь хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийг жирэмсэн болсноос авхуулаад л “бэлгийн харьцаанд орох ёсгүй, хүүхэд төрүүлэх эрхгүй” мэтээр нийгмийн олонх үздэг нь түгээмэл. Ялангуяа тангараг өргөсөн эмч, мэргэжилтнүүд энгийн хүмүүсээс ч илүү нүд үзүүрлэн, загнаж зандарч, ялгаварлан гадуурхдаг. “Өөрийгөө яая гэж байж бас жирэмсэн болчихсон”, “Хүүхдээ асарч, тэжээж чадах уу, чи” гэх мэтээр сэтгэл зүйн дарамт үзүүлэх энүүхэнд. Оюуны бэрхшээлтэй, өөрийгөө илэрхийлэх чадвар сул бол бүр ч үзлэг, үйлчилгээг дутуу дулимаг хийх, ар гэрийнхнийг нь байлцуулахгүйгээр эмнэлгийн шийдвэрийг тулгах зэргээр эрхийг нь ноцтой зөрчих тохиолдол нийтлэг. Хөгжлийн бэрхшээлтэй л бол бие даан шийдвэр гаргах чадамжгүй гэсэн үг биш.
Бэрхшээлээсээ хамаараад өөр шүү дээ. Энэ бол нийгэмд тогтсон маш буруу хандлага” гэж ярилаа.
65 ХУВЬ НЬ БИЕ МАХБОД, СЭТГЭЛ ЗҮЙН ХОХИРОЛ АМСЖЭЭ
Хөгжлийн бэрхшээлтэй охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд, тэр дундаа төрөх үеийн тусламж авах эрх, үйлчилгээний хүртээмж манай улсад энэ мэт хангалтгүй, тулгамдаж буй томоохон асуудлын нэг хэвээр байгаа юм. Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК) болон иргэний нийгмийн байгууллагуудын хийсэн тандалт, судалгаа, тайлангуудад хөгжлийн бэрхшээлтэй эхчүүдэд тулгамддаг асуудлуудыг ил болгосоор буй. Өөрөөр хэлбэл, амаржих газруудын үйлчилгээний доголдол, эмнэлгийн ажилтны харилцаа, хандлага, иргэнийг зохих мэдээллээр хангахгүй байгаа зэрэг дутагдал хүний эрхийн олон судалгаагаар баталгаажиж, зөвлөмж, арга зүйгээр ханган, зөрчил арилгуулах хугацаатай даалгавар өгдөг ч тусгай хэрэгцээт эхчүүдийн төрөх үеийн хүчирхийлэл (үүнийг олон улсад оbstetric violence хэмээдэг), албадан мэс засалд оруулах тохиолдол буурахгүй байна.
Одоогоос дөрвөн жилийн өмнө эмхэтгэж, олон нийтэд танилцуулсан ХЭҮК-ын “Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн асуудал” судалгаанд тэдний эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахад тулгардаг бэрхшээлүүдийг дэлгэрэнгүй өгүүлсэн байдаг. Судалгаанд хамрагдсан, хүүхэд төрүүлсэн эмэгтэйчүүдийн 65 хувь нь амаржих газарт ямар нэгэн байдлаар бие махбодын болоод сэтгэл зүйн хүчирхийлэлд өртжээ. Үлдсэн хэсэг нь буюу 12.5 хувь нь эмнэлгийн ажилтны харилцаа, хандлагыг муу гэж үнэлсэн бол 4.8 хувь нь төрөлтийн талаар ямар ч зөвлөгөө өгөөгүй, долоон хувь нь өөрт нь тохирсон ор, тоног төхөөрөмж байгаагүй, 4.8 хувь нь ариун цэврийн өрөөг ашиглаж чадаагүй гэнэ. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд эмнэлгийн босго дахин давна гэхээс эмээж буйгаа хэлсэн аж. Тэд жирэмсний хяналтад орохоос эхлээд төрөх, төрсний дараа хүүхдээ асрах хүртлээ хүртээмжгүй орчин, үл ойлголцол, тоомсорлол, ялгаварлан гадуурхалтын “шуурган” дундуур туучдаг байна.

ХҮҮХДИЙГ НЬ Ч ҮЗЛЭГ, ШИНЖИЛГЭЭНД ХАМРУУЛДАГГҮЙ
Ээж болно гэдэг хүний амьдралын хамгийн эмзэг хийгээд нандин, бас хариуцлагатай мөч байдаг. Тиймдээ ч жирэмсэн эмэгтэйд мэргэжлийн тусламж, аюулгүй орчин, өвдөлтийг нь ойлгох эмч, өөрийнх нь сонголтыг хүндэтгэх харилцаа, хайр халамж хэрэгтэй. Гэтэл хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйд энэ бүхнээс гадна онцлог, хэрэгцээнд нь нийцсэн орчин, тоног төхөөрөмж, хүртээмжтэй мэдээлэл, үйлчилгээ, дэмжлэг чухал билээ. Энэ бол тусгай эрх ямба эдлэх тухай биш, эрүүл мэндийн тусламжийг бусдын адил тэгш хүртэх ойлголт юм. Гэтэл хөгжлийн бэрхшээтэй ээжүүд одоо ч эрхээ эдэлж чадахгүй, нөхөн үржихүйн тусламж, үйлчилгээ авахад тулгардаг зовлон бэрхшээл, саад тотгор нь арилаагүйг ХЭҮК-оос 2026 оны дөрөвдүгээр сард танилцуулсан “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэл”-д онцолсон байна.
Тус илтгэлийн “Иргэний эрүүл мэндээ хамгаалуулах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах эрхийн хэрэгжилт” гэсэн бүлэгт салбарын хяналтын газраас 2023-2025 онд эрүүл мэндийн 1109 байгууллагад хийсэн хяналт, шалгалтын дүнгээр хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн жирэмсэн, төрөх үеийн болон түүний дараах тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж хангалтгүй байгааг дурдсан байв. Тусгай хэрэгцээт эх, хүүхдийн эрх, эмчилгээний стандарт хангагдахгүй байгаа нь уг шалгалтаар илэрснийг ХЭҮК-ынхон ЭМЯ-ны 2026 оны 3/1185 тоот албан бичгээр баталгаажуулжээ. Тухайлбал, тэдэнд анхан шатны тусламж, үйлчилгээг хамгийн түрүүнд үзүүлэх ёстой I шатлалын эмнэлгүүдийн 23 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй, нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн бүртгэл, судалгааг гаргаж, тэдэнд онцгойлон анхаарч, гэр бүл төлөвлөлтийн тусламж үзүүлээгүй байжээ. Мөн 11 хувь нь алслагдсан нутагт амьдардаг эхчүүдийг төрөх хугацаанаас нь өмнө амрах байр, эмнэлэгт хүргэх стандарт мөрдөөгүй. 23 хувь нь жирэмсний эрт үеийн илрүүлэгт хамруулаагүй, мэргэжлийн эмчийн хяналтад хугацаанд нь шилжүүлээгүй, хайнга хандсан. Хүүхдийг нь төрсний дараа хоёр сар хүртэл нь зургаагаас доошгүй удаа гэрээр үзэж, дүгнэлт гаргах ёстой ч эмнэлгүүдийн 46 хувь нь эл үүргээ биелүүлээгүй байна. 53 хувь нь 2-12 сартайн үзлэг, шинжилгээ, хяналтыг сар тутам хийгээгүй, жил бүр хянаж, дүгнэлт гаргах стандартыг ч хэрэгжүүлээгүй байж.
Эдгээр нь тусгай хэрэгцээт ээжүүдийг жирэмсэлснээс эхлээд хяналтад авах, шаардлагатай тусламж, үйлчилгээ төлөвлөх, эрсдэлийг үнэлэх, эхийг зохих шатны эмнэлэгт зуучлах тогтолцоо бүрдээгүйг харуулж буйг тайланд дурджээ. Комиссын судалгаанд, жирэмсний хяналтад орохоор харьяа эмнэлэгтээ очоод татгалзсан хариу сонссон эмэгтэйн мэдүүлэг ч бий. Ямар нэгэн хүндрэл гарвал эмч хариуцлага хүлээхгүй гэдгийг сануулж, заналхийлсэн байна. “Эрсдэлтэй жирэмсэн” гэж үзсэн бол лавлагаа шатлалын эмнэлэгт холбох ёстой байтал эмч хувийн үзэл бодлоор асуудалд хандаж, шууд татгалзсанд үйлчлүүлэгч гомдол мэдүүлэх нь аргагүй. Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйг жирэмсэн болох, хүүхэд төрүүлэхэд тохиромжгүй хэмээн урьдчилан дүгнэх нь эмнэл зүйд байж болохгүй алдаа бөгөөд үүнийг мэргэжлийн түвшинд олон шинжилгээ, оношилгоогоор тогтоож, шаардлагатай хяналт, тусламжийг зохион байгуулах ёстой. Түүнээс биш, хөгжлийн бэрхшээл нь тусламж үзүүлэхээс татгалзах үндэслэл болохгүй гэдгийг олон улсын эмчилгээний удирдамжуудад ч дурдсан байдаг.
СОНГОЛТ ХИЙХ БОЛОМЖТОЙ ОРЧИНД ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХИЙГ ЗӨВЛӨДӨГ
Харааны бэрхшээлтэй эмэгтэйд тохиолдсон явдал жирэмсний хяналтын өөр нэг асуудлыг илчилдэг. Түүнийг төрөлтийг дэмжих сургалтад эхчүүдтэй хамт хамрагдахад эмч бусдад нь дасгал хөдөлгөөнийг хэрхэн хийхийг заахдаа үзүүлэн харуулж, тайлбарлах байдлаар явуулсан нь хүртээмжгүй, бас доромжлол байжээ. “Гараа ингэж өргө, хөлөө тийш сунга” гэх зааврыг тэрбээр сонссон ч хөдөлгөөнийг харах боломжгүй учраас даган дуурайж, давтан хийж чадаагүй аж. Уг сургалтад тухайн төрөх эмнэлэгт амаржих эхчүүдийг бүгдийг нь хамруулсан ч мэдээллийг хүн бүрд ойлгомжтой хэлбэрээр хүргээгүй нь ялгаварлан гадуурхагдах үндэслэл болсныг тэрбээр онцолсон байна. Цаашлаад манай төрөх эмнэлгүүд брайл үсгийн хаягжилт, хэрэглээ нэвтрүүлээгүй өдий хүрэв.
Сонсголын бэрхшээлтэй эмэгтэйчүүд ч төрөх явцдаа өвдөлтөө тайлбарлах, эмчийн асуултад хариулах, ургийн болон өөрийн биеийн байдлын талаар мэдээлэл авах, ямар нэг ажиллавар, эмчилгээний талаар шийдвэр гаргах эрх нь хязгаарлагдмал буй. “Өргөө” амаржихынхан 2022 онд ганц нэг сувилагч, асрагчаа хэлмэрчийн сургалтад хамруулсан гэх ч албан ёсны дохионы хэлмэрчтэй төрөх эмнэлэг Монголд одоогоор алга. Харилцааны энэ мэт наад захын саадыг арилгаагүй нөхцөлд орчны бусад хүртээмжийг сайжруулах тухай ярих нь илүүц биз ээ.
Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй 108 мянга орчим хүн бий. Үүний 45 хувь нь эмэгтэйчүүд, тэдний 38 000 гаруй нь нөхөн үржихүйн насныхан. Гэвч хүн амын бүлэг болсон эдгээр эмэгтэйг амаржихад үйл явцыг нь хурдлуулахын тулд хярзанг нь дураараа хайчилдаг, зөвшөөрөлгүй кесарево хагалгаанд оруулдаг, цохиж, алгаддаг, элдэв үгээр доромжилдог, ялгаварлан гадуурхах явдал буурахгүй байгаа юм. Бие махбодын бэрхшээлээс нь улбаалан кесарево хагалгаа хийлгэхийг тулгах, зөвлөгөө, мэдээллээр хангахгүй байх нь эмнэлгийн тусламжийг хүн төвтэй үзүүлэх зарчимтай нийцэхгүй байна. Ялангуяа өөрийгөө ойлгуулж чадахгүй тохиолдолд харилцааны олон арга, хэрэгслээс тохирохыг нь сонгохыг ДЭМБ-аас зөвлөдөг. Тус байгууллагын Төрөх үеийн туршлагыг хангах зөвлөмжид бүх эмэгтэйд нэр төр, хувийн нууц, нууцлал, аюулгүй байдлыг хангасан, зүй бус харилцаа болон хүчирхийллээс ангид, сонголт хийх боломжтой орчинд тусламж үзүүлэхийг улс орнуудад уриалсныг тэмдэглэх нь зүйтэй.
Үргэлжлэл бий.