БОУАӨЯ, Цаг уур, орчны шинжилгээний газрынхан БНСУ-ын Байгаль орчны яам, Байгаль орчны корпорацтай хамтран “Улаанбаатар хот болон 21 аймгийн төвд агаарын чанарын хяналтын автомат станц суурилуулах” төсөл хэрэгжүүлж байна. Үүний хүрээнд Цаг уур, орчны шинжилгээний газарт хэвлэл мэдээллийн байгууллага, олон нийтэд зориулсан Агаар, орчны шинжилгээ, мэдээллийн төв байгуулж, ашиглалтад орууллаа. Уг төвд Улаанбаатар хот болон 21 аймгийн орчны агаар дахь хүхэрлэг хий, азотын ислүүд, PM2.5, PM10 тоосонцор, озон, нүүрстөрөгчийн дутуу исэл болон цаг уурын үзүүлэлтийн бодит цагийн өгөгдлийг шууд хүлээн авч мэдээлэх юм.
Мөн аймгийн төвүүдийн агаарын чанарын хяналт, шинжилгээний анхан шатны мэдээ, өгөгдлийг хүлээн авах MAMIS сервер, Улаанбаатар хотын агаар, орчны фото мониторинг хийх зориулалт бүхий камер суурилуулжээ. Ингэснээр Улаанбаатар хот болон төв, орон нутгийн агаарын чанарын мэдээ, мэдээлэл, тайлан, дүгнэлтийг төрийн байгууллага, олон нийтэд түргэн шуурхай хүргэх боломж бүрдэж буй гэнэ. Түүнчлэн цаг агаарын сэрэмжлүүлэг мэдээ шиг агаарын бохирдлын урьдчилсан прогнозыг тус төвд боловсруулж хүргэснээр иргэд өдөр тутмын ахуй амьдрал, ажлаа төлөвлөх, улмаар эрүүл мэндээ хамгаалах чухал ач холбогдолтой.
О.Оргилох