Эмэгтэй та нөхөн үржихүйн эрхтэн болох хөхөө тогтмол шалгаж, хэрэв ямар нэгэн зүйл тэмтрэгдвэл, зангилаа үүсэж, хэлбэр, хэмжээ нь өөрчлөгдвөл, арьс хонхойж, толгой нь дотогш татагдах, хэвийн бус шүүрэл, ялгадас гарах зэрэг шинж тэмдэг илэрвэл эмчид яаралтай хандаарай. Магадгүй эдгээр нь хөхний хорт хавдрын шинж тэмдэг байж болзошгүй юм. Зарим тохиолдолд уг өвчний эхэн үед өвчтөнд мэдэгдэхүйц шинж тэмдэг илэрдэггүй тул зовуурьгүй байсан ч нас, эрсдэлээ үнэлүүлж, үзлэг, оношилгоонд жил бүр хамрагдах нь чухал. Учир нь манай улсад хөхний хорт хавдраар гурван хоног тутамд нэг хүн нас барж буй гэсэн мэдээллийг Үндэсний статистикийн хорооноос саяхан танилцуулав.
Монголд нэг үеэ бодвол хөхний өмөнгийн эрт илрүүлэг, оношилгооны хүртээмж нэмэгдсэн. Гэвч өвчлөлийг бууруулж, нас баралтаас сэргийлэхэд энэ нь хангалтгүйг тоо, баримт ч харуулсаар байгаа юм. Тодруулбал, өвчнийг аль шатанд нь илрүүлж, оношийг баталгаажуулан, эмчилгээг хэр үр дүнтэй, хүртээмжтэй хийж байгаагаар тухайн улсын эрүүл мэндийн тогтолцооны бодит үр дүнг хэмждэг учиртай. Харин манайхан хавдрын өвчлөл хожуу шатандаа оношлогдсоор байна гэж олон жил хошуугаа унжуулж ярьснаас бус, бууруулах бодлого төдийлөн авч хэрэгжүүлэхгүй өнөөдөртэй золгожээ.
Дэлхий нийтээр жил бүрийн аравдугаар сарын турш хөхний хорт хавдрын эсрэг дуу хоолойгоо нэгтгэж, уг өвчний талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэн, эрт илрүүлгийн ач холбогдлыг таниулан сурталчилдаг уламжлалтай. Манай эрүүл мэндийн байгууллагууд ч “Хөхний хорт хавдартай тэмцэх сар”-ын хүрээнд ягаан тууз өлгөж, нөлөөллийн аян өрнүүлэн, өвчнийг даван туулагчдын түүхийг хуваалцаж, тэдэнд болон олон нийтэд уг өвчин эдгэрдэг гэдгийг ухуулан сурталчилсаар ирэв. Өнөө жил ч адил. Гэвч энэ үеэр иргэд нэг л асуултыг тавьдаг “Уг өвчнөөр өвдөхгүй байх, нас барах эрсдэлийг бууруулах боломжтой юу” гэж.
ТАРХАЛТ, ЭНДЭГДЭЛ “ЦОЙЛСООР” Л БАЙГ УУ
Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-ийнхний мэдээлснээр эмэгтэйчүүдэд зонхилон тохиолддог хорт хавдрын IV-т, нөхөн үржихүйн эрхтний өмөнгийн II-т хөхнийх бичигдэж байна. Тус төвийнхөн эл өвчний талаар ярихдаа ихэвчлэн оношлогдсон болон эрт илрүүлэгт хамрагдсан хүний тоо, шинээр нэвтрүүлсэн оношилгоог онцлох нь түгээмэл. Мэдээж хүн төрөлхтөнд хамгийн их тулгамддаг, анагаахын шинжлэх ухааны эрдэмтэн, судлаачдын өнөө хэр нь ялан дийлж чадаагүй аюулт тахал болсон хавдрыг эрт илрүүлж, бүртгэх нь юу юунаас илүү чухал. Тэр ч утгаараа манайх эл үүргээ сайн гүйцэтгэсээр ирсэн. Статистикаас харвал хөхний хорт хавдрын өвчлөл өндөр хэвээр. Сүүлийн жилүүдэд нэмэгдсээр 2025 оны жилийн эцэст 2882 хүн оношлогдсон нь 2021 оныхоос 865-аар өссөн үзүүлэлт юм. Жилд дунджаар 340-406 хүн шинээр оношлогдож, сүүлийн таван жилд 515 хүн нас барсан аж.
Хөхний өмөнгөөр өвчилсөн эмэгтэйчүүдийн олонх нь хожуу шатандаа оношлогддог нь эмчилгээний үр дүнд шууд сөргөөр нөлөөлж буйг ХСҮТ-ийнхөн хэлсэн. Олон улсад ч эмэгтэйчүүдийн дунд хамгийн түгээмэл тохиолддог хавдрын нэг нь хөхнийх. ДЭМБ-ын мэдээллээр 2024 онд дэлхий даяар 2.4 сая эмэгтэй уг өвчнөөр оношлогдож, 694 мянган хүн нас барсан байна. Энэ нь дэлхийн бүх бүс нутгийн эрүүл мэндийн тогтолцоонд тулгарч буй томоохон сорилт гэдгийг ч Хавдар судлалын олон улсын агентлагийн 2026 оны судалгаанд дурджээ.
Монгол Улсын хувьд хөхний хорт хавдрын өнөөгийн нөхцөл байдлыг бодитой үнэлэхийн тулд сүүлийн хэдэн жилийн бүртгэл мэдээлэл, оношлогдсон, эндсэн тохиолдлын тоо дангаараа хангалтгүй, энэ нь өвчлөл эрс нэмэгдсэн, эсвэл эрт илрүүлэг сайжирснаас тоо өссөн гэж дүгнэх боломжгүй гэдгийг судлаачид хэлж байна. Өөрөөр хэлбэл, өвчин нэмэгдсэнийг эрт илрүүлэг сайжирсан гэдэг үгээр халхавчилж болохгүй. Эмэгтэйчүүдийн дунд хөхний өмөн яагаад их байгааг шинжлэх ухаанчаар нотлох хэрэгтэй аж. Уг өвчнийг эхний шатанд нь “барьж авлаа” ч нас баралт буурахгүй бол энэ нь оношилгооноос илүүтэй системийн доголдлыг илчилж буй хэрэг гэв. Тэгвэл манайд өвчин, эндэгдлийн тоо хамт “цойлж” байгаа нь эрсдэлт хүчин зүйл ихтэй, урьдчилан сэргийлэх тогтолцоо хангалтгүй, хавдрын тусламж, эмчилгээний хүртээмж төдийлөн сайнгүйг илтгэх үзүүлэлт юм.
40-ӨӨС ДЭЭШ НАСНЫХАН ЖИЛ БҮР МАММОГРАФТ “ХАРУУЛАХ” ШААРДЛАГАТАЙ
Хэдэн жилийн өмнө, одоо ч хорт хавдрын оношилгоо, эмчилгээний гол ачаалал нь ХСҮТ-д төвлөрч буй. Олзуурхууштай нь, өнөөдөр төрөлжсөн болон хувийн эмнэлгүүдэд хөхний өмөнг илрүүлдэг гол шинжилгээний нэг маммограф нэвтрээд байна. Улмаар хөхний өвчний төвлөрсөн клиникүүд ч бий болов. Гэвч маммографын тоо нэмэгдсэнээр эрт илрүүлэг сайжирсан гэж шууд дүгнэх боломжгүй аж. Учир нь уг шинжилгээний төлбөр өндөр, нэг удаа хийлгэхэд тухайн эмнэлэг, лабораторийн болон багц үйлчилгээнээс хамаараад 65-120 мянган төгрөгийн ханштай тул хүртээмж бага, ялангуяа орон нутгийн иргэд тэр бүр үзүүлж чаддаггүй гэнэ.
Маммограф нь хөхний эдэд үүссэн өөрчлөлтийг рентгенээр илрүүлдэг шинжилгээний орчин үеийн арга ч үүгээр эцсийн оношийг тогтоодоггүй. Дүрс оношилгоогоор сэжигтэй өөрчлөлт илэрсэн бол мэргэжлийн эмчийн үзлэг, хөхний ЭХО, эдээс сорьц авч, эмгэг судлалын шинжилгээгээр хавдар мөн, эсэхийг баталгаажуулна. Үүний дараа хавдрын төрөл, үе шат, биологийн шинжид тохирсон эмчилгээний төлөвлөгөө гаргадгийг ХСҮТ-ийнхөн хэлсэн. Гэсэн хэдий ч эл процесс нь хэт удаан, үзлэг, шинжилгээний цаг олдохгүй, сэжигтэй өөрчлөлт илэрсэн тохиолдолд дараагийн оношилгоонд хамрагдахыг хүлээх, онош батлагдсан ч эмчилгээгээ эхлүүлэх гэж өчнөөн өдөр, сараар саатдаг тухай иргэд хэлж байна.
Хөхний хорт хавдрын эрсдэлт хүчин зүйлст нас, удамшил, нөхөн үржихүйн тогтолцооны зарим өвчин, архины хэтрүүлсэн хэрэглээ, хөдөлгөөний хомсдол, таргалалт зэрэг нөлөөлдөг аж. Гэхдээ ДЭМБ-аас мэдээлснээр уг өвчний 80 хувьд нь нас хамгийн их хамаатай бөгөөд 40-өөс дээш бол эрсдэл өндөртэй гэж үздэг. Тиймдээ ч улс орнуудын урьдчилан сэргийлэх бодлого нь дээрх эрсдэлт хүчин зүйлсийг бууруулахаас гадна оношилгоо, эмчилгээний хүртээмжийг энэ насныхан руу чиглүүлэхэд голлон анхаарч байна. Ялангуяа сүүлийн жилүүдэд эмчилгээний чиг хандлагууд нь ч эрс өөрчлөгджээ. Өмнө нь мэс засал, туяа болон химийнх голлох байр суурь эзэлдэг байсан бол эдүгээ хавдрын молекулын онцлогт тохируулсан бай, дархлаа эмчилгээ, шинэ эмүүд ч нэвтэрчээ.
Хавдрын эсэд дааврын рецептор, уургийн илэрхийлэл, биологийн шинж, бусад молекулын өөрчлөлт илэрсэн, эсэхээс эмчилгээний сонголт хамаарч байна. Мөн оношилгооны технологиудад ч дэвшил гарсаар, гурван хэмжээст маммограф, хиймэл оюуныг дүрс оношилгоонд ашиглах замаар хавдрын урьдал үеийг илрүүлэх болжээ. Гэвч өндөр өртөгтэй эдгээр оношилгоо, шинэ эм, эмчилгээг бага болон дунд орлоготой улс орнуудад хийх боломжгүй хэвээр.
ЗӨВХӨН АРАВДУГААР САРД ТЭМЦДЭГ БАЙЖ БОЛОХГҮЙ
Азтай, бас өөртөө хайртай зарим нь өвчнөө эрт илрүүлж, эмчилгээгээ амжилттай давж, хэвийн амьдралдаа эргэн ордог бол олонх нь шинж тэмдгийг анзаарахгүй явсаар, хугацаа алдсанаас хорвоог орхисоор буй. ХСҮТ-ийн статистикаас үзвэл үйлчлүүлэгчдийн тулгамдсан гол асуудал нь өвчин хожуу шатандаа илэрч буй явдал юм. Нийт оношлогдсон хүмүүсийн 72.5 хувь нь III, IV шатанд орсон үедээ эмнэлэгт ханддагаас 60 орчим хувь нь нэг жил ч хүрэхгүй хугацааны дараа нас бардаг аж. ДЭМБ-ын 2026 оны судалгаагаар хөхний өмөнгөөр оношлогдсон хүмүүсийн таван жил амьдрах магадлал дунджаар 77.8, өндөр хөгжилтэй улсад уг үзүүлэлт 87.3, бага орлоготой орнуудад 41.9 хувьтай байна.
Бүх төрлийн хавдартай өвчтөнүүдийн тавилан, амьдралын чанар ижил бөгөөд эхний шатанд оношлогдвол таван жил амьдрах магадлал нь 96-99, өвчний шат өгсөх тусам энэ тооцоолол буурч, эцсийн шатанд 25 хувь болдог гэнэ. Хөхний хавдар нь даавраас, эсвэл гурвалсан сөрөг гэх мэт төрлөөсөө хамаарч эмчилгээнд хариу үзүүлэх нь өөр өөр. Мэс засал, хими, туяа болон дааврын эмчилгээг цаг алдалгүй цогцоор хийлгэх нь нас уртасгах гол үндэс болдог аж. Түүнчлэн өвчнийг даван туулсан эмэгтэйчүүдийн урт хугацааны хэрэгцээг орхигдуулж болохгүй гэдгийг ч судлаачид хэлдэг. Эмчилгээ дууссан ч сэтгэл зүйн дэмжлэг, бие махбодын нөхөн сэргээх тусламж, тогтмол хяналт, хөдөлмөр эрхлэлт, гэр бүлийн харилцаа, санхүүгийн дарамт нь манайд одоо ч эмзэг сэдэв хэвээр байгаа юм.
ДЭМБ, НҮБ-аас 2021 онд Хөхний хорт хавдартай тэмцэх дэлхийн санаачилгыг эхлүүлж, 2040 он хүртэл нас баралтыг жил бүр 2.5 хувиар бууруулах зорилт дэвшүүлсэн. Үүнд хүрэхийн тулд эрт илрүүлэг, шуурхай оношилгоо, цогц эмчилгээг үндсэн чиглэл болгожээ. Нэгдүгээрт, хавдрын нийт тохиолдлын 60-аас доошгүй хувийг эхний шатанд нь оношлох, хоёрдугаарт, сэжигтэй шинж тэмдэгтэй хүн эмнэлэгт хандсанаас хойш 45-60 хоногийн дотор дүрс оношилгоо, эдийн сорьц, эмгэг судлалын шинжилгээг хийлгэж, оношоо баталгаажуулах, гуравдугаарт, эмчилгээ шаардлагатай өвчтөнүүдийн 80-аас доошгүй хувийг зөвлөмжийн дагуу цогц эмчилгээнд хамруулах зорилт дэвшүүлсэн байна. Эдгээрийг уриа төдий бус, үр дүнтэй дагаж мөрдөхийг, эрүүл мэндийн тогтолцоо, тусламж, үйлчилгээгээ уг зорилтуудтай “уяж”, ахиц дэвшил гаргахыг улс орнуудад зөвлөжээ.
Мөн жил бүрийн аравдугаар сар шувтрахад эмнэлгүүдэд өлгөсөн ягаан тууз салхинд хийсэж, сурталчилгааны зурагт хуудаснууд бүдгэрснээр хөхний хорт хавдартай тэмцэх ажил дуусдаг байж болохгүй гэдгийг сануулсан байна.