Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Асгамба багийн харьяат, аймгийн алдарт уяач, аймгийн арслан Шанзангийн Дамдинсүрэн гуайг улсын сайн малчин цолоо гардах үеэр нь уулзаж, ярилцлаа. Мааньтын дугуй хэмээх газарт өвөлжиж буй улсын сайн малчны мал сүрэг онд мэнд орж, өнгөтэй байна билээ.
-Хэдэн жил мал маллаж байна вэ. Багаасаа л мал дагаж амьдрав уу?
-Багаасаа мал дагаж, хошуугаа тосолж явна даа. Миний үеийнхэнд тэмээгээр жин тээж явсан хүн ховор байдаг юм. Манай нутагт л лав байхгүй. Би үеийн хөгшид дундаа жин тээж үзсэн ганц хүн нь. 1958 онд тэмээн жин тээж, Улаанбаатар орж байлаа. Залуудаа Нэгдэл дундын үйлдвэрт хэдэн жил машин жолоодсон. Ойр хавийн сумдын дунд өвс тэжээл зөөж, айл нүүлгэж, тостой холилдож, хэдэн жил манаргасан. Тэгээд энд тэндхийн наадамд барилдаж, заримыг нь хаяж, заримд нь хаяулаад хэсэг туусан. Хүн ер нь амьдралдаа олон юм үзэх юм. Сүүлийн 22-23 жил мал маллалаа. Үндэсний өв уламжлал болохоор малд хайртай, мал маллах дуртай. Миний хувьд мал маллахаас илүү сайхан ажил байхгүй. Малчид цэвэр агаараар амьсгалж, цэнгэг ус ууж байдаг амьдралын эрүүл хэв маягтай, эрүүл хүнстэй хүмүүс. Цагаан идээгээ идэж, айраг цагаагаа уучихаад явж байхад төвийнхний яриад байгаа элдэв янзын өвчин барагтай бол тусахгүй гэж боддог.
-Мал маллана гэдэг амаргүй ажил. Нас дээр гарахаар ядарч байна уу?
-Үе тэнгийнхэн маань намайг “Төв бараад. Биеэ амраа” гэдэг юм. Төвд очоод амарч чадахгүй юм билээ. Тамын амьтан тамдаа жаргалтай гэдэг шиг хэдэн малынхаа захад явж байвал жаргалтай санагддаг. Мал маллах амар ажил биш. Мал дагаж өнгөрүүлсэн амьдралаа эргээд харахад дардан цагаан байгаагүй. Зуд турхан, ган гачиг гээд малчин хүний тэсвэр тэвчээр, сэтгэлийн хат бүхнийг шалгах шалгуур олон. Шуурга, мөндөр, цасан шамарганд хээр гадаа хэдэн малынхаа дэргэд хонох бол энүүхэнд шүү дээ. Мал маллагааны тухай хэдэн өдөр ярьсан ч барагдахгүй туршлага бий. Хачин нарийн ажил шүү дээ. Гаршаад ирвэл үүн шиг амархан ажил байхгүй.
-Зуд гэдэг байгалийн давагдашг үй хүчин зүйл үү. Эсвэл малчдыг шалгадаг шалгалт уу?
-Малчдыг шалгаж, дүн тавьдаг том шалгалт шиг байгаа юм. Зал хуугийн зуд нүүрлээд байна гэдэгтэй санал нийлдэг. Могой, морь жил дам насан, Мон голыг даяарчилсан зуд болдог жил улсын аварга малчин Чулуундорж бид хоёр Тамир (Архангай аймгийн Та мир сум) давж, малынхаа 70-80 хувийг онд оруулж байлаа. Ямар ч зудтай жил сайн малчин бол малаа аваад л үлддэг.
-Малчдын амьдрал ахуй хэр байна даа?
-Малаа сайн маллаж, өсгөж үржүүлж чадвал сайхан амьдрах боломж байна. Жилдээ 200 сая төгрөгийн орлоготой малчин олон болсон. Зах зээлийн аясаар юмны үнэ өсөөд байгаа ч малын буян их юм хойно болж л байна. Гаднаа машин сойгоогүй айл хөдөөд цөөхөн. Овоо хэдэн малтай нь ачааны, суудлын том, жижиг хэд хэдэн ч машинтай болсон. Монголын мал ченжүүдийг, ченж үүдээр дамжуулж бүх ард түмнийг тэжээж байна. Санаа зовоодог нэг зүйл байдаг юм. Мал маллах хүн цөөрлөө. Мал маллана гэдэг эрдэм. Энэ эрдэмд нэвтэрсэн малч ховордлоо. Түрүү үеийн малчдын нас дээр гарч, залуус төв суурин газар руу зүтгэж байна. Уг нь малын дөртэй хүн бол хөдөө амьдрахад алзахгүй шүү дээ. Байхгүй, болохгүй бүтэхгүйгээ байнга тоочиж суудаг, амны ядууралд орчихсон хүмүүсийн ярьж байгааг сонсоод заримдаа дургүй хүрдэг. Зүгээр сууж байгаад бэлэн хоол идэхийг хүсдэг хүн олон болж. Ер нь хөлсөө урсгаж, хөдөлмөрлөж олсон хоол хүнд шингүүртэй шүү дээ.
-Малчдын талаар төрөөс баримталж буй бодлого, чиглэлийн талаар бодож санаж явдгаа хуваалцаач?
-Малчдыг төрөөс сайн дэмжиж байна. Хашаа хороо барьж, худаг ухаж өгч байна. Сум орон нутгийн малын эмч, мэргэжилтнүүд угаалга, тарилгаа цагт нь хийчихдэг. Ингэхээр малчнаас шалтгаалах ажил л үлдэж байгаа юм. Засаг төр чанарлаг, ашиг шим ихтэй, цомхон мал сүрэгтэй бай гээд байх шив дээ. Би ч үүнийг зөв гэж боддог. Сүүлийн үед бэлчээрийн даацаас болоод малаа цөөлж, чанаржуулах бодлого барьж байгаа. Ер нь байгалийн шалгуурыг давж, зудад тэсэж үлдсэн малыг хамгийн чансаатай нь гэж боддог. Харин бэлчээрийг хувьчлах цаг арай л болоогүй юм шиг санагддаг. Өөрийнх нь мал барж идэхгүй их өвстэй уулын амыг нэгнээсээ харамладаг, мал нь идэх өвсгүй болохоор сандарсан зарим нь дайраад буучихдаг, үүнээсээ болоод нутаг усныхан хоорондоо хэрэлдэж, маргалддаг боллоо. Одоохондоо бид бэлчээр хувьчилж эзэмших туршлагагүй байна. Олон зуун жил малчид хаяа багтахаараа айлсаж, мал нь хошуу багтахаараа идээшилж ирсэн уламжлалтай болохоор хэдхэн жилийн дотор үүнийг өөрчилж болохгүй. Хаана ямар өвс ургамалтай, хэдэн мал идээшлэх даацтай зэргийг судлах гээд наад захын бэлтгэл ажлыг сайн хийх хэрэгтэй байна.
-Таныг Бурхантын хөндийд бужигнуулж явсан гэх юм билээ?
-Ё.Сугаррагчаа “Үндэсний бөхийн товч лавлах” номдоо “Бурхантын хөндийд бужигнуулж явсан Баян хонгорын арслан Ш.Дамдинсүрэн” гэж бичсэн байдаг юм. Залуудаа “хөөрхөн” ноцолдчихдог л байлаа. Дээхнэ үед нэгдлийн гишүүн, илгээлтийн эзэн залуус малын хашаа хороо барих гэж цугларна. Тэгээд хоорондоо ноцолдоно. Эр хүн бүр өөрийгөө бяртай гэж бодож явдаг гэдэг дээ. Би ч тэгж боддог байлаа. Үеийнхээ залуусыг авч шидээд байхаар овоо бяртай ч юм шиг бодогдоод, их бяртай хүний дэргэд очихоороо юу ч үгүй болчихдог л байж дээ. Цэргийн албаа Дарханд хаасан. Тэнд их сайн барилдаж байсан. Дарханы наадамд хэд ч түрүүллээ дээ. Тэр үед цэргийн арслан цол байгаагүй, сүүлд надад цэргийн арслан цол нөхөж олгосон. 1964 онд цэргийн алба наас халагдаж ирээд аймгийн наадамдаа түрүүлсэн. Би чинь одоо аймгийн хурц арслан хүн шүү дээ. Манай нутаг нэг хэсэг бөх сайтай байлаа. Аймгийн таван арслантай байсны ихэнх нь өөд болчихлоо доо.
-Улсын наадамд зодоглож байв уу?
-Улсын наадамд хоёр удаа зодоглосон. Хоёуланд нь хоёр даваад, гурвын даваанд унасан. 1966 онд Баян хонгор, Архангай, Өвөрхангай, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн залуучуудын чуулга уулзалтад оролцож, бөхийн барилдаанд нь үзүүрлэж байлаа.
-Таныг гараа, дэвээ сайтай гэж ахмад бөхчүүд магтдаг байсан гэсэн?
-Тэгж ярьдаг л байсан. Монгол бөхийн гараа, шаваа, дэвээ гэдэг чинь урлаг юм шүү дээ. Тэр урлагийн зах зухаас үзүүлж чадаж байсан юм байлгүй. Тухайн үед ахмад бөхчүүдээ харж, дуурайдаг байсан байх.
-Аймгийн арслан хүний хувьд бөхийн барилдаан үзэж, залуусын барилдаанд дүн шинжилгээ хийж байна уу?
-Тэгэлгүй яах вэ. Одоо сайхан болж. Бид чинь хотод барилдаж байгаа бөхийг гэртээ сууж байгаад зурагтаар үзчихэж байна. Бөхөө үзээд, нутгийнхаа бөхчүүдийг дэмжээд л сууна шүү дээ. Улсын харцага Д.Батболд, улсын начин Б.Сэр-Од нарын залуус бөхийн спортоор хичээллэх хүсэлтэй нутгийнхаа хүүхдүүдийг авч явж, тусалж дэмжиж байгаад баярладаг. Спортыг дэмждэг хүмүүс спорт цогцолбор барьж, бөхийн дэвжээ байгуулсан байна билээ. “Аймгийн хурц арслан цолтой хүний хувьд гайгүй бие хаатай барилдчихаар хүүхэд байна уу, судалж байгаарай” гэдэг юм. Тийм хүүхэд нэг л харагдаж өгөхгүй золиг юм. Энэ жил монгол бөхийг Геннисийн номд бүртгүүлсэн нь гайхамшигтай үйл явдал боллоо. Манай аймгаас л гэхэд 200 хүн явсан. Тэр сайхан барилдааныг үзээд ёстой магнай хагартлаа баярласан.
-Танай морьд аймгийн наадамд дээгүүр давхидаг. Бас та аймгийн алдарт уяач цолтой байх аа?
-Аймгийнхаа наадмаас нэлээд хэдэн айраг, түрүү авч, нутгийн түмнээ баясгасан. Одоо хүүхдүүдийн маань морь овоо давхиж байгаа. Миний хүү Дүгэрсүрэнгийн шар хээр гэж нутгийнхнаа баясгасан хурдан буян бий. Аймгийн наадамд тасралтгүй түрүүлж байгаа хурдан халтар азарга манай хүргэн А.Жаргалсайханых. Таван тэгш ой давхцсан өнгөрсөн зуны наадмаар манай хүүхдүүдийн морьд сайн давхисан.
-Танайх хэдэн хүүхэдтэй вэ. Гэр бүлийнхнийхээ тухай яриач?
-Би таван хүү, гурван охинтой. Та нар таних байх даа, Төрийн шагналт, гавьяат жүжигчин Сосорбарам миний том хүү. Удаах хүү Гомбосүрэн малчин, гурав дахь охин Амгалан аймгийн Боловсролын хэлтэст ажилладаг. Удаах нь аймгийн алдарт уяач Дүгэрсүрэн. Тэгээд Одсүрэн, Отгонсүрэн, Жаргалсайхан, Баяраа гэж бий. Манай гэр бүлийн хүн маш ажилсаг, сөхөрч унатлаа зүтгэдэг, цөлх дүү хүн. Бид хоёр нэг голынх. Багаасаа танилцаж үерхээд 52 жил хамт амьдарч байна.
Х.УЯНГА