Кока-Кола, интернэт, доллар... Дэлхий даяаршиж, иргэншил хоорондын зааг улам бүр бүдгэрч, ардчилал цэцэглэж, техник технологи хөгжиж... гэж ярьцгаадаг. Гэхдээ даяаршиж буй энэ дэлхийн хаа нэгтээ, аль нэг өнцөг буланд өчигдрөөрөө, магадгүй 100 жилийн өмнөх шигээ үлдсэн ард түмэн, хүмүүс байсаар, тэдний амьдрал урссаар л. “Ийм нэгэн амьдрал” буландаа бид тэр хүмүүсийн тухай, тэдний ёс заншил, амьдралын хэв маягийн талаар өгүүлэх болно.
Заан жолоодогч бас сургагч. Энэтхэгт тэднийг махаутууд хэмээн нэрлэнэ. Эрт цагт энэтхэгчүүд дайн тулаанд орохдоо заан унадаг байсан. Зааны хүзүү, нуруун дээр суугаад тушаал өгдөг байсан цэргүүдийг махаут гэж нэрийддэг байж. Тулаанд орох зааныг бэлтгэхэд багаар бодоход таван жил шаардлагатай хэмээн судар бичгүүдэд тэмдэглэн үлдээсэн нь ч бий. Өнөө цагт баяр ёслол, хүндэтгэлийн үйл ажиллагаа, хуримын үеэр нэр хүндтэй, баян иргэд заан хөлсөлж унацгаадаг аж. Эрт цагт аварга биетнүүдийг сурган, тулаанд унаж, удирддаг байсан махаутууд өдгөө заануудыг арчлан маллах үүрэгтэй болжээ.
Эзэнгүй, шархадсан, бэртэж гэмтсэн зааны тугалуудыг авчирч асран, ажилд сургадаг хэд хэдэн төв Энэтхэгийн Керала мужид бий. Махаутууд зааны тугалыг бүр багаас нь өөртөө дасгадаг. Тухайлбал, өөрийг нь асарч, тордож, гаршуулж буй махаутыг зааны тугал дуугаар нь таньдаг гэнэ. Зааныг 13 настайгаас нь эхлэн сургадаг бөгөөд 25 насандаа тэд “ажилд орох” чадвартай болж, 65 насандаа “тэтгэвэрт” гардаг байна. Керала мужийн Зааны эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн дүрэмд зааснаар хүмүүс гурван сарын турш сургалтад сууж, хоёр сар дадлага хийсний эцэст махаут болдог аж.
Тэд зөвхөн амьтдад тушаал өгөх биш, хэрхэн харилцах, хооллох, арчлах, бэртэж гэмтсэн тохиолдолд анхан шатны тусламж үзүүлэх туршлагатай болсны дараа махаутын үнэмлэх авдаг гэнэ. Заануудад доод тал нь 20 орчим команд, дохио зааж өгч байж тэднийг ажил хийлгэдэг. Махаутууд тушаалаа чанга дуугаар тод хэлж, түүгээр зогсохгүй саваа модоор зангаж, чиглүүлэхээс “хичээл”-ээ эхэлнэ. Махаутуудын ярьж буйгаар заанууд 3-4 жилийн дотор бүх командыг тогтоодог бөгөөд хэзээ ч мартдаггүй аж. Заасан бүхнийг сайн тогтоож, даалгаврыг нь биелүүлж буй “сурагчдаа” амттанаар шагнадаг. Тугалыг сургахын хажуугаар салхилуулж, угааж, цэвэрлэх ажил мөн л махаутуудад ногдоно. Тугалуудыг өдөр бүр усанд оруулах ёстой. Улаан буудайн зутан, дал модны навч, өвсөөр заануудыг хооллодог бөгөөд чихрийн нишингэ, лууван бол тэдний дуртай амттан. Өдөрт нэг тугал дунджаар 140 кг хүнс, 150 литр ус ууна.
АМЬ ДҮЙСЭН АЖИЛ
Заануудыг зандрах, зодохыг эрс хориглоно. Амьтны эвийг олж, эелдэг зөөлөн харилцах нь махаутуудад тавигдах үндсэн шаардлага. Бас аюулгүй байдлаа хангах гол хэрэгсэл. Зодуулсан заанууд улайрч, эргэн тойрныхон руугаа дайрах тохиолдол ч бий. “Хэчнээн өөрт чинь дассан,дуулгавартай заан байлаа ч энэ бол амьтан гэдгийг мартаж болохгүй. Тэднийг зандрах, цохих, шавхуурдана гэдэг амиа хорлож буйгаас хэмээн туршлагатай махаутууд ярьдаг. Махаутуудын хийсэн бодлогогүй үйлдэл ихэвчлэн үхлээр төгсөнө. 2007 оны дөрөвдүгээр сард “India Today International” сонинд гарсан нийтлэлд “Сүүлийн хоёр сарын турш 48 махаут амиа алдаж, эсвэл тахир дутуу болжээ” хэмээн өгүүлсэн байна. Махаут нь үхэж, эсвэл ажлаасаа гарсан тохиолдолд өнчирсөн заанууд сэтгэл санааны хямралд орох нь ч бий.
УДАМ ДАМЖСАН МАХАУТУУД
Заан сургах, жолоодох, арчлах эрдмийг үе дамжуулан өвлүүлдэг байжээ. Өөрийн гэсэн арга барилтай, алдартай махаутууд хүүхдүүддээ мэргэжлээ өвлүүлдэг заншил одоо ч Энэтхэгт бий. Могол хааны үед махаут байсан хүмүүсийн үр сад өнөө ч алдартай махаутууд болсон байдаг. Эрт цагт заан гэдэг махаутуудын хувьд зөвхөн ажил нь байгаад зогсохгүй баялаг байжээ. Таван заантай махаут чинээлэгт тооцогдож байсан бөгөөд тэднийгээ хүүхдүүдээ өвлөж үлдээдэг байсан аж.
ЗААН ГОЁХОД УРЛАГИЙН МЭДРЭМЖ ХЭРЭГТЭЙ
Баяр ёслол, хуримын үеэр унах зааныг гоёх ажлыг махаутууд гүйцэтгэнэ. Хоёр, гурван цаг ажилласны эцэст зааныг гоёмсог хээ угалзаар чимнэ. Хөл, хошуу, нүүрэнд нь ямар хээ зураг, ямар будаг ашиглах нь махаутын урлагийн мэдрэмжээс хамаарна. Заанаа хэрхэн гоёсноороо махаутууд хоорондоо өрсөлдөх нь ч бий. Энэтхэгийн соёл, зан заншлыг тусгасан хээнээс гадна орчин үеийн угалз ашигладаг бөгөөд заримдаа кино жүжигчин дуучны дүрийг хөл дээрээ зуруулчихсан заан ч харагддаг гэлцдэг. Хагас өдрийн хугацаатай заанаа хөлслүүлэхэд махаутууд дунджаар 3500 орчим рупи авна. Гэхдээ ийм захиалга өдөр бүр ирээд байдаггүй, арваннэгдүгээр сараас дөрөвдүгээр сар хүртэл бороо ихтэй, хурим, баяр ёслол бага, жуулчид цөөн ирдэг үед махаутууд бараг л сул зогсоно. Гэсэн ч эхлээд заанаа, дараа нь өөрийгөө тэжээнэ гэж боддог махаут олон бий гэнэ.
МАХАУТУУД УЛАМ ХОВОРДСООР
Зардал ихтэй, амь дүйсэн ажил эрхлэх махаутууд өдгөө улам ховордсоор байна. Энэтхэгийн нийслэлд болдог баяр ёслол, жагсаалд заан оролцуулахыг хэдэн жилийн өмнө хориглосон. Заан сургах лиценз олгох нь ч ховорджээ. Заанууд тээврийн хэрэгсэлд саад болдог гэсэн үндэслэлээр тэр аж. Түүнээс гадна 2003 оноос заан худалдах, худал дан авахыг бүрмөсөн хориглосон байна. Ингэснээр махаутуудын бизнес хумигдаж, зөвхөн сонирхол, сэтгэлээ дагасан хүмүүс л энэ ажлыг хийх болсон гэнэ.
Х.ОД