Би өнгөрсөн зууны дал наяад оноос Чингиз Айтматовыг “амьдаар нь” харах, болбол уулзах ихийн их хүсэл мөрөөдөлд автаж билээ. Хасаг эхтэй, кыргыз эцэгтэй энэ их хүний “Цайран харагдах хөлөг онгоц” туужийг эх хэлээрээ, “Жалила”, “Материнское поле” (Эхийн тал) өгүүллэгийг оросоор уншсанаас хойш ийм гүйцэгдэшгүй сэтгэлийн хийн дайруулд өртсөн юм. Би оросоор уран зохиолын ном гадарлахдаа муу.
Харин Айтматовын зохиолыг дориун уншчихна. Кыргыз хэл хэллэг, өгүүлбэрийн бүтэц, зохиомж монголтой ойрхон, ижил дуудлагатай үг хэл ч олон байдаг, бас нүүдэлчний ахуй амьдрал орос хэлээр буусан зохиолуудад нь дөт байдаг болов уу. “Цайран харагдах хөлөг онгоц”-ын өвгөн аав нь эцэгтээ хаягдсан зээ хүүдээ ярьдаг “Чигчийн чинээ хүү” гэдэг үлгэр намайг дөрөв тавтай байхад эмэг эх минь тулганы галын дэргэд өвөр дээрээ аваад хэлдэг туультай үгийн зөрөөгүй таардаг юм. Иссык Кул нуурын цаад зах Харгол, Нарийн гол, Баянгол гэдэг монгол нэртэй дөрвөн сууринд Ижил мөрнөөс 1771 онд эх монгол нутгийн зүг нүүж явсан хоёр зуун түмэн халимаг торгуудаас тасарч хоцорсон арван хоёр мянган “Сарт Халмага” (халимаг омог) нэртэй торгууд нартай би нутагт нь уулзсан.
Одоо хүртэл төрөлх хэлээ орхилгүй хоёр зуун дөчин жил болсон тэд нараас Айтматов “Чигчийн чинээн хүү”-гийн үлгэрийг мэдсэн юм уу, эсвэл эмэг эхээсээ над шиг сонссон байж болно гэж бодохоор чих дэлдийн, нүд эргэлдээд байх болсон. Их зохиолчийн “Эхийн тал” дайнд эр нөхөр, гурван хүүгээ алдсан эхийн гаслант амьдралыг гэрэл, сүүдрээр яруу тод зураглан дүрсэлснийг яахин мартах билээ. Гучин насандаа бичсэн анхных нь тууж “Жалила”-гаас жинхэнэ хайр сэтгэлийн уянгалаг хөнгөн аялга, их усны мөнгөн хаялга сонсогддог.
Францын нэртэй зохиолч Луи Арагон “Жалила”-г “Хайр сэтгэлийн тухай энэ дэлхийн хамгийн сайхан тууж” гэж дуу алдсан байдаг. Мал зүйч мэргэжилтэй Айтматов гучин тавтайдаа (1963) Төрийн шагнал хүртэж, түргэн хугацаанд ЗХУ-ын хамгийн нэр хүндтэй зохиолч болж чадсан байна. Тухайн цагт барууны уншигчид социалист реализмын төлөөлөгч нараас М.Шолохов, Ч.Айтматовыг л уншдаг болсноор түүний “Цаазын тавцан”, “Зуунаас ч урт өдөр”, “Улаахан алчуурт хонгор минь” гээд роман, туужууд дэлхийн бараг бүх хэлээр хэвлэгдэж, Турк зэрэг улс орнууд зохиолоор нь кино бүтээсэн байдаг.
Чингиз Айтматовын бүх бүтээл С.Бадраа, Г.Аким, Г.Амар зэрэг манай сайн дуун хөрвүүлэгч нарын ач буянаар Монголын олон мянган уншигчдын оюун санааны мялаалга болж өгсөн дөө. Харин XXI зуун гарсаар танил уншигчид нь цөөрсөн, зохиолыг нь дахин хэвлэх “ухаан дутсан”. “Чингис хааныг магтан дуулах нь шинэ дайн дэгдэх хүртэл аюултай” гэж хэлсний төлөө Айтматовыг “шийтгэсэн” нь энэ.
“Үнэн үг хэлсэн хүнд зуугуул монгол дургүй, үхэр шулсан хүнд Зундуйн Дорж дургүй” гэх үү дээ. 2012 оны хавар Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн Кыргыз улсад хийсэн албан ёсны айлчлалын ажлын хэсэгт орсноор миний бие Чингиз Айтматовын төрсөн нутаг, зохиол бүтээлийнх нь эх уурхай болсон Бага Азийн хөх сувд Иссык Кул нуурын уснаас амсаж, зулайгаа чийглэв. Ингэж миний дөчин жилийн мөрөөдөл биелсэн.
Иссык Кулын хөвөөгөөр явж байхад Айтматовын зохиолын баатруудтай уулзах шиг урам сэргэнэ, гуниг амтагдана. “Цаазын тавцан” романы гол баатар малчин Бостон, гэр бүлийг нь доромжлон дайрсан, бэлтрэгээ алдсан өлөгчин чононд төрсөн ганц үрээ зуулгаад араас нь хөөж гүйцэлгүй дууссан бүх хэргийн эзэн архичин Базарбайг занал хорслоор дүрэлзэн өрвөлзөх зүрхэндээ хахаад буудан унагасан “Гараараа шороо татваганан самардах” цусан булингартай элс харагдах шиг ...
2008 онд Айтматовын 80, эцгийнх нь 100 жилийн ой давхацжээ. Энэ түүхт ойг Бага Азийн бүх “Стан” улс нэгэн зэрэг тэмдэглэж. Ч.Айтматовыг улс болгон урин уулзалт хийж, урлаг соёлын хөтөлбөрүүд ар араасаа цувжээ. Их зохиолч Туркменистан улсаар явж байхдаа уушгины хатгалгаа авч, тэндээсээ шууд Холбооны Германд онгоцоор очиж эмчлүүлсэн боловч үр дүн өгсөнгүй, дэлхийд цуутай их бичгийн хүн Чингиз Айтматов 80 нас сүүдэр зооглоод ертөнцийн мөнх бусыг үзэж, тэнгэрт хальжээ. Монгол Улсын Ерөнхийл өгчийн албан ёсны айлчлалын багт хэдэн зохиолч, сэтгүүлч, зураачдыг зориуд оруулсан нь санамсаргүй явдал биш юм.
Кыргызын Соёлын сайд тэднийг хүлээн авахдаа хүүрнэл зохиол, ший жүжгийн хэд хэдэн алдар цуутай зохиолчид, зураачид, хөгжмийн зохиолчид, жүжигчдийг оролцуулсан юм. Уулзалт хоёр улсын урлаг, уран зохиолын талаар чөлөөт ярилцлагаар эхэлж, сүүлдээ дуу дуулж, шүлэг уншиж “найр хавтгайрсан”. Би Чингиз Айтматовын амьдрал, уран бүтээл, дурсамж дуртгал, мөнхжилийн талаар асууж, монгол хэлээр бүх зохиол нь гарсан манай уншигчдын хамгийн хүндтэй зохиолч гэж “тал засав”. Чингиз Айтматов бол зөвхөн Кыргыз улсын хүн биш, дэлхийн хүн.
Энэ хүнийг дэлхий даяар танина, хүндэлнэ, энэ бол бидний бахархал. Таалал төгсөхөд нь дэлхийн 100 гаруй улсаас эмгэнэлийн цахилгаан Ерөнхийлөгч, Төрийн тэргүүн нарын нэрээр ирж байсан гэж тэд ярьж байлаа. Соёлын сайдын онцлон тэмдэглэснээр их зохиолчийн гэр музей нээгдсэн. Нийслэл хот Бишкект босоо хөшөө болон дурсгалын ордон босно. Айтматовыг дэлхийн утга зохиол мартахгүй. Мартагдахгүй.
Манай улсад ирсэн жуулчид, албан, хувийн хэргээр ирсэн зочид заавал Айтматовыг асууж дурсдаг уншигчид нь байдаг. Айтматовын төрсөн нутаг Иссык Кул нуурын соёл амралтын хүрээлэнд эхэлсэн ажил бий. Та нар тэнд очихдоо хөшөөг нь үзэж болно. Манай эх орны байгалийн сайхан Иссык Кул нуур Ч.Айтматов, Оросын нэрт жуулчин М.Пржевальский нарын төрсөн нутаг. Тэр хоёр их хүний нэртэй хот, дүүрэг хөшөө дурсгал бий гэж хэлсэн юм. Дашрамд дурдахад Ч.Айтматов Монголд лав хоёр удаа иржээ.
Эхнийх нь тавиад оны адгаар нийслэлд цөөхөн хоног байхдаа манай Дуурь бүжгийн чаатарын бүжигчин бүсгүйд сэтгэлээ өгч, хожим дурсамждаа энэ сайхан бүсгүйд зориулан хэдэн сайхан мөр татлаагүйдээ харамссан байдаг. Энэ хүний хоёр дахь эхнэр Фрунзе (одоогийн Бишкек) хотын Дуурь бүжгийн их чаатарын “Ардын” цолтой нэртэй бүжигчин байсан бөгөөд ид насандаа өөд болжээ. Дараагийн эхнэр нь Наран улсаар явж байхдаа танилцсан нутгийн дуучин бүсгүй байсан юм гэнэ билээ.
Амьдралын утга уянгын сайхан дууч байсан энэ их хүн сайхан дууч, бүжигчдийг зүрхэндээ тээж, бүтээлийнхээ зовж жаргасан олон бүсгүйчүүлийн дүрийг олж авсан болов уу. Иссык Кулийн эрэг дээрх соёл амралтын хүрээлэнд вандан сандлын түшлэг дээр гараа тавиад суусан Айтматовын “Сайн байна уу, та” гээд мэндэлчихмээр “амьд” хөшөө байна. Энд ирсэн хүн болгон Айтматовтой зэрэгцэн сууж, зургаа татуулна.
Их зохиолчийн хөшөөтэй зэрэгцэн зохиолынх нь баатруудыг зураг, баримал, үзмэрээр харуулсан бага оврын ордон музей босгожээ. Тэнд орвол монгол уншигчдын хуучин танилууд урдаас тосч угтана. Чингиз Айтматовын энэ суумал хөшөө манай Бэгзийн Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэнд босгосон хөшөөтэй ихэр юм шиг ав адил. Нутаг нутгийн уран бүтээлчдийн бүтээл төдийгүй, эрдэмтдийн нээлт бие биенээ давтсан байдаг нь цөөнгүй. Ямар ч болсон Кыргыз, Монголын уран барималчид Чингиз Айтматов, Бэгзийн Явуухулан хоёрын хөшөөг ижилхэн, адилхан буулгасан нь баярлууштай.
Ц.Мухар 2012 он