Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг Орос хэлний дээд сургууль гэдэг нэртэй байхад нэгэн ангид ижилдэн дасаж, насны ханиа, үнэнч андаа ололцсон 38 хүүхдийн тухай та бүхэнд сонирхуулъя. Орос хэлний багшийн дээд сургуулийн 1986 оны 5в ангийн төгсөгчид төрөлх сургуулийнхаа 35 жилийн ойн баяр тохиосон энэ жил оюутан ахуй насаа эргэн дурсаж, хөгжилтэй үеийнхээ дурсамжуудыг бидэнтэй хуваалцсан юм.
ТҮҮХ ИНГЭЖ ЭХЭЛСЭН
Монгол Улсын их сургууль, Улсын багшийн дээд сургуулийн дэргэдэх орос хэлний хоёр факультетийг нэгтгэн 1979 оны наймдугаар сард Орос хэлний багшийн дээд сургуулийг байгуулжээ. Монгол Улсад орос хэлний багш, мэргэжилтэн бэлтгэх шаардлага тухайн үед нэлээд чухал байсан төдийгүй энэ хэрэгцээг хангах зорилгоор шинэ сургууль байгуулсан түүхтэй. Түүнээс хойш гадаад хэлний дээд сургууль, Хүмүүнлэгийн ухааны их сургууль гэх зэргээр нэрээ өөрчилсөн ч энэ сургуулийн соён гэгээр үүлэх, ирээдүй хойч үеийнхээ оюуны боловсролыг тэтгэх үйлс тасралг үйгээр өргөжин хөгжиж байна.
38 оюутан гурван группэд хуваагдан хичээллэдэг байсан бөгөөд орос сургууль төгссөн хүүхдүүд “спец” буюу “мэргэжилтэн” группэд суралцдаг байжээ. Орос хэлний багшийн дээд сургуулийн 1986 оны төгсөгчдийн олонх нь охид. Тэд сургуулиа дүүргээд, Орост мэргэжил дээшлүүлэн өдгөө ч орос хэлийг хүүхдүүдэд заан сургах ажлаа үргэлжлүүлж явна. Тухайн үед М.Мядагмаа, П.Батмөнх, Х.Пагвадорж нарын багшаараа замчуулан эрдмийн замд дөтөлсөн бол өдгөө өөрсдөө шавь нараа газарчлан явна.
Социализмын үед хоёр улсын найрамдалт харилцаа өндөр төвшинд байсан учраас Орос хэлний багшийн дээд сургуулийн оюутнууд нэг жилийн хугацаатайгаар ОХУ-д суралцдаг байсан аж. Харьков, Белгород хотод суралцсан тэр жилийн дурсамж оюутнуудад насандаа мартахг үй түүх болон үлджээ. Тухайн үед тэднийг одоогийн ХИС-ийн Хэл соёлын сургуулийн захирал К.Чулуунхишиг удирдан авч явсан аж.
HAND MADE ТӨРИЙН ДАЛБАА
ОХУ-д нэг жилийн хугацаатай суралцаж байхдаа оюутнууд Ялалтын баяраар Төрийн далбаагаа барин жагсах ёстой болжээ. Тэдэнд бэлэн далбаа байгаагүй учраас даавуу худалдан аваад шөнөжин сууж, далбаагаа оёсон байна. Цурам хийлгүй хоносон ч маргааш өглөө нь буюу 1985 оны тавдугаар сарын 9-нд алтан соёмбот далбаагаа өндөрт өргөн жагсаад, дараа нь сургуулийнхаа тайзан дээр тоглолт хийж олныг гайхашруулжээ. Тухайн үеийн оюутнууд олон нийтийн ажил, урлаг, спортын арга хэмжээнд идэвхтэй оролцож, өөрсдийгөө хөгжүүлдэг байсны тод жишээ энэ юм. 1986 оны төгсөгчдийн дунд тухайн үеийн Оюутны урлагийн их наадам, цэнгээнт бүжгийн тэмцээний шилдгээр тодорч байсан авьяастнууд ч бий. “Ровесник”, “Лотос” нэртэй хоёр ч хамтлаг тэдний дунд бүрэлдсэн юм билээ. Тэд Ш.Алтангэрэл багшийнхаа удирдлага, зохион байгуулалтаар Төв аймагт аялан тоглож байсан гэсэн. Түүнчлэн сар бүр ангиараа “Спартак”, “Цөмөөхэй”, “Хунт нуур” бүжгэн жүжиг, “Учиртай гурван толгой” дуурь үзэж оюундаа хөрөнгө оруулалт хийдэг байжээ.
МАСЛО, ТАЛХ
Хэдийгээр тухайн үеийн оюутнууд улсаас тэтгэмж авч, бүхий л зардлаа Төрөөр даалгаж суралцдаг байсан ч түүгээрээ цамаархсан удаагүй. Тэр ч бүү хэл тэтгэмжийн мөнгөө хямгатай зарцуулж, гэр бүлийнхэндээ илүүчлэх нь ч бий. Гэрээс нь мах, боорцог явуулчихдаг болохоор масло, талханд л мөнгөө зориулдаг байсан хэмээн тэд ярилаа.
МАРДАГДАШГҮЙ ДУРСАМЖУУД
-Оюутнуудыг намрын ажилд Багануур руу Алтак багш (Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Алтангэрэл) маань авч явсан юм. Гурван охин оюутан- тогоочоор томилогдлоо. Багш маань их алиа хошин зантай хүн л дээ. Туранхай Цэцгээг Вермишель, махлагдуу Шинэжилийг Макарон, цагаан шаргал царайтай Өнөрөөг Каша хэмээн хочилж, ажлын дараа урамшуулахдаа энэ нэрээр нь дуудаж, их л хөгжилддөг байж билээ.
Д.Цацрал
-Манай группэд Никифарова багш авиа зүйн хичээл ордог байлаа. Хөдөөнөөс ирсэн нэгдүгээр курсийн жаахан охин Хүнсний дөрөвдүгээр дэлгүүрийн хажуугаар өнгөрч явахдаа багштайгаа тааралдлаа. Өөдөөс ирж явааг нь харчихаад багштай “Здравствуйте?” гэж мэндэлнэ гэж бодож байснаа, яг тулж ирсэн хойно нь сандраад “До свидания” гэж хэлчихэж билээ. Түүнээс ичээд, нүүр минь улаа бутарч, жигтэйхэн сандарсан даа.
Г.Цэцгээ
-1983 оны намар манай сургуулийн 100 гаруй оюутан намрын ургац хураалтын ажилд оролцохоор МУИС-ийн үүднээс “ЗИЛ 130” машинтай хөдөллөө. Тухайн үед Хөвсгөл аймгийн Тариалан, Эг-Үүрийн сангийн аж ахуйд 40 гаруй оюутан очиж ажилласан юм. Тариа хураалтын гол ажлыг манай ангийнхан нугалж байлаа. Бид хөвөнтэй ногоон куртка, бакиал гутал өмсчихөөд хоёр ээлжээр ажиллана. Үтрэм дээр ирсэн тариаг гурав, дөрөвхөн оюутан машинаас буулгана. Эрэгтэй оюутан цөөтэй болохоор ч тэр үү, анх ажил хийж туршлагаг үйтээд ч тэр үү тариа буулгах ажил л их удаан үргэлжилдэг байв. Гэтэл удсан ч үгүй тэд маань тэвш дүүрэн тариаг хэдхэн минутад буулгаад, нуруулддаг болсон шүү. Завгүй ажиллахын зэрэгцээ сумын улаан буланд болдог үдэшлэгт бөөнөөрөө очиж хөгжилдөөд, харин буцахдаа сумын залуусаас охидоо хамгаалах гэж хэрэндээ л “тэмцэлддэг” байлаа.
Вера
-Ш.Алтангэрэл, Д.Энхтайван багшаараа ахлуулан Багануур руу явж ажилласан тэр зуны дурсамж илүү тод санагдаж байна. Биднийг шинэ орон сууцанд байрлуулсан бөгөөд бид Багануур хотын цэвэрлэх байгууламжийн гаднах талбайг зүлэгжүүлэх ажил хийдэг байлаа. Сар гаруй ажиллахдаа эхлээд шинээр ашиглалтад орсон байрны подвалийг цэвэрлэдэг байсан юм. Би юм зөөж яваад мөрөө бэртээж, хөдөлж чадахаа болиод, эмнэлэгт үзүүлж хэд хоног гараа сойж явлаа. 1984 оны наадмыг ийнхүү бид Багануурт үзсэн юм. Наадмын барилдаанд оюутнуудын төлөөллийг оролцуулна гэхээр нь би барилдах болов. Бэртчихсэн хэдий ч барилдаад хоёр давсан даа. Намайг барилдаж байхад охидууд санаа зовоод л хашгиралдана. Хөгжилтэй сайхан дурсамж дэндүү олон юм даа.
Ж.Эрдэнэ
-Их, дээд сургуулийн урлагийн үзлэгт Ш.Алтангэрэл багш биднийг оролцуулж, бүх тоглолтыг зохион байгуулдаг байлаа. Авьяаслаг хүн шүү. Багшийнхаа заавраар уралдаанд оролцож, манай сургуулийн найрал дуучид хоёрдугаар байрт шалгарч мөнгөн медаль хүртэж байсан удаатай.
Л.Батсүрэн
-Сургуулийн бүжгийн хамтлагийг Л.Эрдэнэтуяа, А.Туяа багш нар удирддаг байлаа. Өөрсдөө залуухан учраас оюутнуудаасаа ч ялгарахгүй. 1983 онд Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнд бидний зургаан охин оролцож, цэнхэр атлаас худалдан авч цэнгээнт бүжгийн хувцаснуудаа шөнөжин оёж хоносон билээ. Тэр жил бид СЭЗДС-ийн “Улаан сарнай” болон бусад хамтлагтай өрсөлдөж би хамтран бүжиглэгч Жамсранжавынхаа хамт хувийн үзүүлэлтээрээ гуравдугаар байрт шалгарсан. Бас намрын ажлын дараа “ЗИЛ 130” машинтай урт цуваа үүсгэн ирж явахад анхны цас орж, бид бакиалтай хөлөө дааруулахгүй гэж хөнжлүүдээрээ битүү бүтээж, ачааны машины тэвшин дээр явсаар арай ядан хотын бараа харж байлаа. Гэтэл 22-ын товчоон дээр ирээд хэдэн цаг зогсож, гэртээ харих гэж мөн ч хүлээж билээ. Гэхдээ манай ангийн охид, хөвг үүд ажилсаг, тэвчээртэй, дайчин, хөдөлмөрч байсныг одоо ч эргэн дурсахад сайхан байна аа.
Ц.Туул
АМЬДРАЛД МӨНХӨРСӨН СУРГУУЛЬ
Орос хэлний багшийн дээд сургуулийн 1986 оны 5в ангийн төгсөгч Г.Цэцгээ “Миний амьдрал ХИС-ийн эрдэмтэн багш нар, сургуулийн хамт олонтой салшгүй холбоотой. Учир нь бидний оюутан ахуй насны үерхэл, ажил амьдралын гараа энэ л сургуулиас эхтэй. Би ангийнхаа хөвгүүнтэй гэрлэн, гал голомтоо бадрааж энэ сургуульд сурч байхдаа хүүхдүүдээ төрүүлсэн” хэмээн ярилаа. Ангиасаа төрсөн хосууд оюутан ахуй үедээ хоёр хүүгээ өлгийдөн авч, хожим нь 1990 онд Москва хотноо Пушкиний нэрэмжит Орос хэлний дээд сургуульд сурч байхдаа удаах охиноо, 2005 онд ХИС-ийн Эрдмийн сургуулийн докторантурт суралцаж байхдаа бага охиноо төрүүлжээ. Түүний нөхөр, ангийн анд Ж.Эрдэнэ нь Монгол Улсын боловсролын салбарт 20 гаруй жил удирдах алба хашсан бөгөөд өдгөө Үндэсний аудитын газарт ахлах аудитороор ажиллаж байна.
Орос хэлний багшийн дээд сургууль төгсөгчид 2011 онд холбоогоо байгуулж, өдгөө бүх төгсөгчдөө нэгтгэн идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа аж. Тус холбооны ерөнхийлөгчөөр Л.Дамдинсүрэн, тэргүүнээр О.Наранцэцэг ажилладаг. Тэд жил бүр багш нараа хүлээн авч уулзан, Шинэ жилийн баяраа тэмдэглэдгээс гадна шилдэг, тэргүүний багш, төгсөгчдөө “ОБДС-ийн ОД” хүндэт медалиар шагнадаг болжээ. 1986 оны төгсөгчдөөс энэ шагналыг 2012 онд Ж.Эрдэнэ, 2014 онд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын гадаад хэлний багш Х.Амаржаргал нар хүртсэн аж.
Ж.СОЛОНГО