Улаанбаатар хотын зам улам өргөн, уулзварууд чөлөөтэй болж байгаад хэн хүний магнай тэнэгэр. “Таг зогсчихдог байснаа бодвол алгуурхан ч гэсэн урагшилсаар байдаг болсоон, хө” гээд жолооч нарын ам сайн. Харин машингүй иргэд цаанаа л гонсгор. “Бүтээн байгуулалт нүдэн дээр өрнөж байгаа ч чинээлэг иргэдэд л зориулагдаж байна” гээд сэтгэл дундуур. Нээрээ л зам өргөсгөх нь машинтай хүмүүст хэрэгтэй. Барилга, орон сууц барих нь банкны шалгуурыг давах тогтмол орлоготой, ажилтай иргэдэд тустай. Хувийн цэцэрлэг, сургууль, эмнэлгүүдэд зөвшөөрөл бөөндөж олголоо ч төлбөрийн чадвартайд нь л үйлчилнэ. Төрийн сургуулиудыг нураачихаад барьдаггүй. Улсын эмнэлгийн барилга дээр шинийг босгохын оронд газрыг нь дээрэмдээд эмч, сувилагч нарыг нь “айлын” хаяанд мартчихдаг...Ингээд үзвэл бүтээн байгуулалтууд дандаа л түрийвч түнтгэр иргэдэд зориулагдсан байгаа биз. Ард иргэдээ шоргоолж шиг нарийхан болтол бүсийг нь чангалуулж, ядарсан иргэдээ ягт нь тулгах гээд байгаа ч юм шиг. Энэ бүхэн улсын төсөв батлах үеэс эхэлдэг.
Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлт 2015 онд 10.2 хувьд хүрнэ гэж ирэх жилийн улсын төсөвт таамаглажээ. Энэ нь жирийн иргэдийн амьдралд наалдах болов уу. Монгол Улсын 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөл өлд “Хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг төлөвлөхдөө зураг төсөв, техник, эдийн засгийн үндэслэл нь хийгдсэн төсөл арга хэмжээг Барилгын тухай болон Төсвийн тухай хуульд заасны дагуу төсвийн төсөлд тусгах, төсөвт тусгагдсан төсөл, арга хэмжээг төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтад оруулах чиглэл баримтална” гэсэн өгүүлбэр нүд баясгав. Өнөө жил босгох байсан барилга, байгуу ламжуудаас 65-ыг нь улсын төсвийн төлөвлөгөөнөөс бүрмөсөн хасаж, 243 төсөл, арга хэмжээг царцаасан. 281 тэрбум төгрөг хэмнэсэн гэх эдгээр “царцаамаг”-тай хамт ард түмний нэлээд хэсгийнх нь итгэл, урам царцсан юм. Үүнийг харин хэн ч анзаарааг үй. Нэгэнт бариад эхэлчихсэн барилгыг царцаах нь хэмнэлт биш харин ч үрэлгэн явдал байлтай. Тухайлбал, инженерийн шугам сүлжээ, техникийн нөхцөлийг нь бүрэн шийдвэрлээгүй байтлаа Барилгын тухай хуулийн 15.1.1 дэх заалтыг зөрчиж, нийслэлийн Хан-Уул дүүрэгт 300 ортой амаржих газар барьж эхэлсэн, гүйцэтгэл нь удааширч, төсөвт өртөг нь нэмэгдсэн хэмээн энэ эмнэлгийг адалж, “царцаамаг” болгосон билээ.
Эхчүүд нялзрай үрээ дөнгөж төрүүлээд эмнэлгээс хөөгдөж, зарим нь хүүхэдтэйгээ дөрвүүл нэг орон дээр шахцалдан зүдэрч байхад яаж ийгээд инженерийн шугам сүлжээ татан, энэ эмнэлгийг яаралтай барьж дуусгах шаардлагатай байтал царцаасанд хэн хүнгүй урам хугарсан. Гэмтлийн эмнэлгийн барилгыг бушуухан нураагаад буурин дээр нь шинийг барих ёстой байтал тус эмнэлгийг ГССҮТ-ийн тасаг болгоод, “Мөнгөн гүүр” эмнэлэгт түрээсээр толгой хоргодуулсан. Барьж байна гэсээр ашиглалтад оруулалг үй 3-6 жил дуншсан 47 объектын дийлэнх нь боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, спорт, аялал жуулчлалын салбарынх. Үүнээс сургуулийн барилга, өргөтгөл 51, цэцэрлэгийн барилга, өргөтгөл 52, соёлын төв 21, спорт цогцолбор, заал 20 байв. Энэ мэтчилэн эмнэлэг, сургууль, цэцэрлэг, спорт заал хүлээж байсан багачууд, ахмадууд, залуус, эцэг эхчүүд хот, хөдөөгүй бий. Тэдний горьдлого энэ жил талаар болов. Ирэх жил харин яах бол. Сэлэнгэ аймгийн төвийн VI сургуулийн өргөтгөл, Өмнөговь аймгийн Хүрмэн, Дорнодын Баяндун, Дундговийн Өндөршил сум, нийслэлийн Сүхбаатар дүүрэг дэх 25 дугаар тусгай сургуулийн дотуур байр, Сүхбаатар дүүрэгт шинээр барих цэцэрлэг, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүрэгт барих 640 хүүхдийн лаборатори сургууль, 104 дүгээр сургуулийн барилга, тус дүүргийн найм, хорьдугаар хорооны 120 хүүхдийн цэцэрлэгийг ирэх жил гэсгээхээр төсвийн төсөлд тусгажээ.
Эрүүл мэндийн салбарын “царцаамаг”-уудаас Яармагт барьж байгаад орхисон 300 ортой төрөх эмнэлэг, Геронтологийн төвийг гэсгээлгүй нэгмөсөн тас хөлдөөхөөр шийдэж байх шиг. Орхон аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Хүүхдийн эмнэлэг, Баянхонгор аймгийн Баянцагаан сумын 20 ортой эмнэлгийг харин гэсгээх нь. Ашгүй дээ хэмээн баярлаж болох ч цаана нь хэзээ гэсэх нь тодорхойгүй царцаамаг олон үлдлээ. Огт гэсэхгүй нь ч олон байгаа нь тиймхэн.
Х.БОЛОРМАА