Солонгосын намар. Ёстой л солонго нэрэндээ таарсан, олон өнгөөр солонгорсон сайхан улирал ажээ. Тиймдээ ч солонгосчууд намрынхаа улиралд дуртай байдаг бололтой. Цаг агаар нь ч тогтуун, бүгчим биш. Ийм сайхан улирлынхаа үеэр Монголын сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагынхны төлөөллийг БНСУ-ын Сэтг үүлчдийн холбооны ерөнхийлөгч Пак Чон Рюл эх орондоо урьсан юм. Пак Чон Рюл тэргүүтэй тус улсын Сэтгүүлчдийн холбооны төлөөлөгчид өнгөрсөн долдугаар сард Монголд ирснийхээ хариуд манайхныг ийн урьсны дагуу МСНЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид, дэд ерөнхийлөгч Д.Заяабат, С.Шаравдорж, ерөнхий нарийн бичгийн дарга Х.Батхишиг, Ч.Үлэмжхүү, “Өнөөдөр” сонины Компьютерийн албаны дарга Н.Уламбаяр, МҮОНТ-ийн редактор М.Наранцогт, “Молор” телевизийн гүйцэтгэх захирал Ш.Должинсүрэн, Монголын сайтын холбооны ерөнхийлөгч Ж.Жаргалсайхан, www.gogo.mn цахим хуудсын сэтгүүлч Г.Одгарав, Эрүүл мэндийн сэтгүүлчдийн салбар зөвлөлийн тэргүүн, анагаах ухааны доктор С.Бадамжав, “Алтан чагнуур” сэтгүүлийн хариуцлагатай нарийн бичгийн дарга С.Алтанзагас, “Эрдэнэт” үйлдвэрийн олон нийттэй харилцах хэлтсийн дарга Д.Мөнхсайхан нар энэ айлчлалын бүрэлдэхүүнд багтав.
ПАК ЧОН РЮЛ: МСНЭ-ТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛСОН НЬ МИНИЙ ХИЙСЭН ЧУХАЛ АЖИЛ
Хувьтай хүн хур борооноор гэдэг. Манай бүрэлдэхүүнийг Сөүлд очиход бороо угтлаа. МСНЭ-ийн удирдах бүрэлдэхүүний тус улсад хийж буй аяллын гол зорилго бол хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, туршлага солилцох байсан юм. Тиймээс айчлалын хөтөлбөрт тус улсын өдөр тутмын “Жүнан илбо” сонин болон тэндэхийн бусад салбарын үйл ажиллагаатай танилцахаар тусгасны дагуу эхлээд JTBC телевизээр орлоо. “Жүнан” хэвлэл мэдээллийн группийн отгон салбарын нэг энэ телевиз байгуулагдаад гурван жил болжээ. Тус улсад сүүлийн үед нэрд гарч буй энэ телевиз нь хэд хэдэн том бичлэгийн студитэй. Нэвтрүүлэгтэйгээ холбоотойгоор хурдан шуурхай засах тайз, чимэглэл гээд бүхнийг өөрсдөө бэлтгэдэг гэдгийг тус телевизийн гадаад харилцааны менежер эмэгтэй тайлбарлаж байлаа. Үүний дараа “Жүнан” хэвлэл мэдээллийн групп, “Жүнан илбо” сонины газраар оров. Тус групп нь сонин, сэтгүүл, цахим хуудас, телевиз гээд 30 байгууллагыг зангидан ажиллаж байгаа бөгөөд 1965 онд анх байгуулагдаж өдөр тутмын сониноо гаргаж эхэлжээ. Харин мэдээллийн цахим хуудсуудынхаа анхныхыг 1994 онд олонд хүргэж, өнөөг хүртэл ажиллуулж байгаа аж. Тус улсад цахим мэдээллийн сүлжээ хэдийгээр өргөжсөн ч цаасан сонины захиалга борлуулалт буураагүй гэнэ.
Солонгосын өдөр тутмын хамгийн том сонин “Жүнан илбо”-гийн редакц манай өдөр тутмын сонины редакцын нэгэн адилаар Эдийн засаг, Нийгэм, Улс төр, Урлаг соёл гэсэн албатай. Хаа газрын өдөр тутмын сонины сэтгүүлчид үдээс өмнө нь бичих материалынхаа эрэлд гарч, мэдээллээ цуглуулан, үдээс хойш орж ирээд компьютерээ “балбадаг”. Тэдэнд хамгийн гол туслагч нь нэн тэрг үүнд дугаарын удирдагч байх аж. Дугаар удирдагч нь сониныхоо зай талбайг сэтгүүлчдэдээ хувааж, “Ийм зайд төчнөөн мөрт багтаан текстээ бич. Энэ зайд зураг орно” хэмээн хувааж өгдөг аж. Тэднийх манайхыг бодвол макет нь хүний анхаарал татахуйц байх ёстой гэдэггүй бололтой. Дөрвөлжлөөд л нүүрээ хуваачих юм билээ. Сэтгүүлчдэд тусалдаг, ажлыг нь хөнгөвчилдөг, манайд байдаггүй нэгэн чухал хэлтэс “Жүнан илбо”- д байгаа нь Судалгааны алба. Тус алба сэтгүүлчдийнхээ бичиж буй нийтлэлийн чухал хэрэгтэй баримт, тооцоог хамгийн багадаа сарын өмнөөс бэлтгэн холбогдох судалгааг хийж, мэдээллээр хангадаг юм билээ. Ийм Судалгааны албатай болохоор сэтгүүлчид нь ямар нэгэн тоо баримтын алдаа гаргадаггүй, уншигчид ямар мэдээлэл хүсэж байгаад үнэлэлт дүгнэлт өгдөг аж.
Мөн шаардлагатай мэдээлэл, эшлэл авах зэрэгт нь туслах зорилгоор номын санг ч редакц дотор нь байгуулжээ. Тэнд олон жил ажилласан, хашир туршлагатай сэтг үүлчдэдээ тавих анхаарал ч бас өөр. 10-аас дээш жил ажилласан ахлах редакторууд нь гэхэд тус бүртээ өрөөтэй, утас холбоо, зурагт гээд зүйлс нь тэндээ байх юм билээ. Цалингийн хувьд арай ч өндөр хэлэв үү гэж бодсон. 1-2 жил ажилласан жилийн дундаж цалин нь хүн гэхэд 28 мянган ам.доллар. 10-15 жил ажилласан нь жилд 42 мянга, 20-иос дээш жил бол 68 мянган ам.долларын цалин авдаг гэж ярьж байсан. Магадгүй сэтгүүлчдээ уурхайчны дараа орох хүнд хөдөлмөр эрхэлдэг гэдэг утгаар нь ийм өндөр цалин олгож байж болох юм. Гэхдээ барууны орны сэтгүүлчидтэй харьцуулахад цалин нь ч бага, эрх чөлөө нь ч хязгаартай юм болов уу гэсэн бодол надад төрсөн. Яагаад гэхээр тус улсын зургаан сэтгүүлч Засгийн газрынхаа үйл ажиллагааг шүүмжилж бичсэнийхээ төлөө хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллах, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ хасуулчихаад буй аж. Энэ тухай БНСУ-ын Сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Пак Чон Рюл МСНЭ-ийн ерөнхийлөгч тэргүүтэй үзэг нэгт нөхөдтэйгөө уулзах үедээ хэлсэн юм. Тэрбээр “Би та нарыг манай оронд ирснээс хойш нэг цагийн дараа ирлээ.Олон улсын сэтгүүлчдийн холбооны бага хуралд оролцож, эрхээ хасуулсан зургаан сэтгүүлчийнхээ эрхийг сэргээлгэх талаар илтгэл тавилаа. Би ч гэсэн ялгаагүй одоогоос 14 жилийн өмнө бичих эрхээ хасуулж, үзэг барих гараа хугалуулсан юм шиг л байсан. Нэг жилийн турш ийм байхад миний ажиллаж байсан CBS телевизийн нөхөд минь надад тусалж, тодорхой хэмжээний мөнгө цуглуулан цалинг маань олгож байсан түүхтэй. Надтай адил зовж байгаа мэргэжил нэгт сэтгүүлчдэдээ туслах нь миний үүрэг” хэмээж байв.
Мөн энэ уулзалтын үеэр манай улсад өнгөрсөн долдугаар сард айлчилж, маш өндөр сэтгэгдэлтэй буцсанаа “2012 онд Сэтгүүлчдийн холбооны ерөнхийл өгчөөр сонгогдоод олон ажил хийсний хамгийн чухал нь МСНЭ-тэй харилцаа холбоо тогтоож, хамтран ажиллах болсон минь байлаа. Би ирэх онд ажлаа өгсөн ч МСНЭтэй харилцаа холбоогоо хэвээр нь үргэлжлүүлнэ” хэмээсэн юм. 50 жилийн түүхтэй БНСУ-ын Сэтг үүлчдийн холбооны 43 дахь ерөнхийл өгч Пак Чон Рюл “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл хэр хүчтэй, үнэний дуу хоолой болж байна, улс орны хөгжил төдий чинээ урагшилна” гэж үздэг хүн юм билээ.
УРГАХ МОДГҮЙ ҮЛДСЭН ОРНЫ НОГООРЧ, ХӨГЖСӨН ТҮҮХ
1950-иад оны эхэн үеийн хоёр Солонгосын дайны дараа өмнөд солонгосчууд улс орноо өөд нь татах, дэлхийн хөгжлөөс хоцрохгүйн тулд эрвийх дэрвийхээрээ зүтгэж, эцэстээ гадаадаас ажиллах хүчин авах болсон орны нэг. Монголчууд үүнийг сайн мэднэ. Дайны дараа тус улсын эдийн засаг тартагтаа тулсан байж. Энэ үед өлсөж, туйлдсан солонгосчууд ургаж буй модоо огтлон БНХАУ руу экспортолсоор ургах ч модгүй үлдэж байсан гашуун түүхтэй. Гэвч эдийн засгаа сэргээж, хямралаас гарах үед ногоон байгууламж ямар их ач холбогдолтойг ойлгож, мод тарьсан айл өрхийг урамшуулах арга хэмжээ авсны дүнд ногоон байгууламжаа сэргээж авчээ. Өдгөө тус улсын зам талбайн хажуу, уул толгод гээд бүхий л газраа модтой, ямар нэгэн барилга байгууламж барилаа ч ургаа модыг устгахгүйг хичээдэг нь анх удаа тус оронд хөл тавьсан сурвалжлагч надад ажиглагдсан. Ер нь солонгосчууд эдийн засгийн хямрал, хүндрэл бэрхшээлийг нийтийн хүчээр давахыг чармайдаг түүх бий.
2000 оны дунд үед дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямралын үеэр Засгийн газар нь мэдэгдэл хийж, гаднаас зээл авах талаар зурагтаар мэдээлэхэд ард иргэд нь татгалзаж, өөрсдийнхөө эдэлж хэрэглэж буй алт, үнэт эдлэлээ Засгийн газартаа хандивласнаар хямралыг даван туулж байсан гэдэг. Өдгөө тус улс далайн эргээ шороогоор дүүргэн, газар нутгаа тэлж, замын түгжрэлээс гарахын тулд хурдны болон давхар замуудыг олноор тавьж, авто зам тавих технологиороо дэлхийд тэргүүлэхийн төлөө хичээж буй. Тиймдээ ч Хан мөрнийхөө хоёр эргийг холбосон төмөр бетон гүүр 30 гаруйг сүүлийн 10-аадхан жилийн дотор барьж байгуулсан гэнэ. Хөнгөн, хүнд үйлдвэрлэлээ хөгжүүлснээр эдийн засгаа ч сайжруулсны бодит жишээг тэнд ажиллаж буй монголчууд сайн мэдэж байгаа. Үүнтэйгээ зэрэгцүүлээд байгалийн болон эрүүл мэндийн чиглэлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, түүх соёлоороо бахархах чиглэлд түлхүү анхаарч байгаагаа тус улсын Аялал жуулчлалын газрын албаны хүн бидэнтэй уулзахдаа хэлж байв.
Улс орон бүр л хөгжлийн түүхтэй, бахархах өвөг дээдэстэй. Солонгосчууд ч гэсэн хан, вангийнхаа өрг өөг анхных нь төрхөөр хадгалан хамгаалж, өдгөө жуулчдын сонирхлыг татах арга хэмжээ, тулааны үзүүлбэр үзүүлж байгаа юм. Түүгээр зогсохгүй Чежүд монгол залуусаар морьтны гайхамшигт үзүүлбэр хийлгэж мөнгө олж байгааг хараад бид үүнийг яагаад хийж чаддаггүй юм бэ гэх бодол ч төрж байснаа нуух юун. Тус улсаас хийсэн сурвалжлагынхаа дараагийн дугаарт “Хьюндай”- гийн усан онгоцны үйлдвэр, дэлхийд нэртэй “Самсунг” корпорац, Чежү арлаас хийсэн сурвалжлагаа хүргэх болно.
Г.ЦОЛМОН