Хүнд юу үнэтэй вэ гэвэл аав, ээж, хань ижил, үр хүүхэд гээд нэрлэж болно. Гэтэл “Таны үнэт зүйл юу вэ” гэсэн асуултыг шууд утгаар нь ойлгоод, үнэт эдлэл, үл хөдлөх хөрөнгөө нэрлэх хүмүүс ч байх юм. Материаллаг юм бүхнийг орой дээрээ залж, тахин шүтэх болсон энэ нийгэмд үнэт зүйл гэдэг ойлголтыг иймхэн зүйлээр хэмжиж байгаа тэр хүний буруу, зөвийг энд шүүх гэсэнгүй. Гагцхүү нийт ард түмний тухайд юу үнэтэй вэ гэвэл асуудалд арай өөрөөр хандах ёстой болно. Харин өнөөдөр манай монголчуудад нийтээрээ эрхэмлэн дээдлэх үнэт зүйл үгүй болсныг амьдрал өдөр тутамд мэдрүүлж байна. Өлсөж, зовж үзээгүй цамаан ард түмэн үнэ цэнэтэй юмаа олж харж чаддаггүй нь үнэн бололтой. Эрийн сайндаа энд төрөөд, эрх дураараа тарвалзаж байгаа юм шиг бардам ам, шалдан гуятай “аавын цээж”-нүүд нийгэмд нэмэгдэхийн хэрээр монгол түмний үнэт зүйлийг хэн дуртай нь уландаа гишгэх болов. Эрхэмлэх зүйлгүй ард түмэн гэдэг шаардлагатай цагт хүсэл зоригоо нэгтгэн тэмцэж чадахгүй, дур дурандаа явсаар бусдын өгөөш болдог түүх олон.
Энэ тухай урьд нь “Үнэт зүйлээ үлээсэн Монгол” нэртэйгээр бичиж байснаа үргэлжлүүлэн, Монголын ард түмнийхээ өмнө хэлэх үг, хийсэн гавьяатай эрхэм хүмүүсийн байр суурийг энэ удаад хүргэж байна. “Хүн хэлэхээс нааш ухаарахгүй, цаас чичихээс нааш цоорохгүй” гэдэг учраас Монгол Улсын 15 дахь Ерөнхий сайд Шаравын Гунгаадорж, ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн Дөнгөтийн Цоодол, FILA (Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо)-гийн Алдрын танхимд нэрээ мөнхөлсөн дэлхийн шилдэг найман шүүгчийн нэг, ардын багш Адуучийн Басхүү нарын үг та бүхэнд нэгийг бодуулах биз ээ.
1-Улс орон болгон өөр өөрийн гэсэн онцлогтой. Таны бодлоор манай монголчуудын нийтлэг үнэт зүйл нь юу байх ёстой вэ?
2-Өнөөгийн залуус үнэт зүйл гэдэг ухагдахууныг уг үндсээр нь ойлгохгүйн улмаас үнэгүйдүүлж байна гэдэгтэй Та санал нийлэх үү?
3-Эрхэмлэх үнэт зүйлтэй ард түмнийг төлөвшүүлэхийн тулд яах ёстой вэ?
Ш.Гунгаадорж: МОНГОЛЧУУДЫН НИЙТЛЭГ ҮНЭТ ЗҮЙЛИЙН ТУХАЙ ХУУЛЬЧИЛСАН Ч БОЛНО
1.Эх орон гэдэг эрхэм зүйл дээр л монголчууд санаа бодол, хүсэл зоригоо нэгтгэх ёстой юм. Энэ сайхан эх оронд эрх дураараа амьдрах нөхцөлийг үр хойчдоо бүрдүүлж өгөхийн тулд өвөг дээдэс минь яаж зүтгэснийг, хэр их хөлс, цус урсгасныг мартах учиргүй. Эзэн Чингисийн үеэс эхэлж ярихаа больё гэхэд Манжийн дарлалд 200 жил амьдарсан, Үндэсний эрх чөлөөний болон Ардын хувьсгалын он жилүүдэд монголчууд юу үзэж туулсныг бид мэднэ. Бусад орон шиг хилийн маргаангүй, зэвсэгт мөргөлдөөн, дайн дажингүй тайван амгалан амьдарч байгаа нь зөвхөн бидний өндөр хувь заяатайнх биш юм шүү. Өмнөх үеийнхэн маань бидний төлөө, эх орон, газар шороо, тусгаар тогтнолынхоо төлөө зовохдоо зовж, өлсөхдөө өлсөж, цус нөжөө урсган, шаардлагатай цагт амиа хүртэл өгч байсан. Тийм их үнээр олдсон үнэт зүйлээ бид одоо үгүй хийж хэрхэвч болохгүй. Өвөг дээдэс маань хэчнээн нөхцөл байдалд орсон байлаа ч монгол түмнийхээ уламжлалт түүх, соёл, зан заншил, нүүдлийн мал аж ахуйг үеийн үед өвлөн үлдээж чадсаны ачаар манайх шиг жижиг улс оршин тогтносоор ирсэн юм. Харин одоо нүүдлийн мал аж ахуйгаа ад үзэх болсон нь нүүдлийн соёл иргэншлээ устгахын дохио гэж би эмзэглэдэг.
2.Ерөнхий хандлага тийм байгаа. Гадаадад өндөр боловсрол эзэмших хүсэлтэй залуус олшрохын хэрээр харийн соёлыг тахин шүтэж, эх орон, түүх, соёлынхоо үнэ цэнийг ойшоохгүй байгаа нь анзаарагддаг. Хүний эрх, эрх чөлөө ярьсан явцуу үзэлтэй, ахархан бодолтой хүмүүс ёстой л нөгөө “Намайг хэн хэлэх вэ, нохойг хэн саах вэ” гэгчээр дур дураараа аашилж байна. Энэ бол нэг талаас хувь хүмүүсийн ухамсрын асуудал боловч нөгөө талаас төрийн бодлого зохицуулалт алдагдсаны тод жишээ. Гэхдээ арай ч бүгд тийм болчихоогүй гэдгийг би сая Улаанбаатар хот болон Дорноговь аймгийн залууст лекц уншихдаа мэдэрлээ. Залуус өнгөрсөн түүхээ мэдэж ойлгоё, сайнаас нь ч, саараас нь ч ялгаагүй суралцах хэрэгтэй юм байна гэдэг бодолтой болж эхэлжээ. Өнөөдрөөрөө амьдардаг орчин үеийн хүн болох гээд өнгөрсөн үе рүүгээ чулуу шидэж, бүхнийг харлуулах нь ихээхэн учир дутагдалтай гэдгийг ойлгож эхэлсэн нь сайн хэрэг.
3.Эх орон, газар шороогоо хайрлах, тусгаар тогтнол эрхэмлэн дээдлэх үзлийг цэцэрлэгийн наснаас нь эхлээд хүүхдүүдийн ой тойнд суулгах хэрэгтэй юм. Энэ бол төрийн бодлогоор нэн түрүүнд зохицуулах асуудал. Улстөрчид зүүн, баруун гэж хуваагдалгүй, монголчуудын нийтлэг үнэт зүйл ийм байх ёстой, үүнийг хүүхэд, залуустаа мэдүүлэхийн тулд ингэнэ гээд хуульчилсан ч болно шүү дээ. Манай боловсролын тогтолцоонд үгүйлэгддэг чухал зүйл бол хүүхдүүдэд зөвхөн эрдэм ухаан заахаас гадна монгол хүн гэдгийг нь ойлгуулах явдал. Монгол хүн ахас ихсээ хүндэтгэх ёс, эх орон, байгаль дэлхийгээ хайрлах үзэлд хар багаасаа сурдаг байсан уламжлал алдагдсаны хар гайгаар өдгөө ийм байдалд хүрлээ. Үүнийг оройтохоосоо өмнө засаж залруулах хэрэгтэй.
Д.Цоодол: ТОМООХОН ГҮРНИЙ ХЭЛ ГЭХЭЭРЭЭ Л ТОМ БАЙДАГ ЮМ БИШ
1.Монгол түмний маань эртнээс уламжилж ирсэн утга зохиол, түүх, соёл бол эрхэмлэх ёстой үнэт зүйл яах аргагүй мөн. Харин өнөөдөр бид уран зохиолын тэрхүү баялаг уламжлалаа үнэ цэнэтэй хэвээр нь байлгаж чадахгүй байна гэж би боддог. Манайд өчнөөн зохиолч байгаа атлаа төрөлх сайхан монгол хэлээрээ бичсэн бүтээл тун ховор байна. Монголоороо бус, муухан орчуулгын хэлээр ярьж, бичдэг хүмүүс олширчээ. Байдал ийм байхад насаараа монгол хэлээ судалсан, эх хэлээ шүтэж амьдрах ёстой томоохон эрдэмтэн “Монгол хэл мөхөх болоогүй. Гадаадын хэдэн үг бидний ярианд орж ирлээ гээд монгол хэл хотойх юмгүй. Аяндаа бүх зүйл цэгцрээд сайхан болно” гэж ярьсан нь үнэхээр харамсалтай. Хэл, соёлын ирээдүй гэдэг тэнгэр бүрхэж байгаад цэлмэдэг шиг аяндаа болчихдог юм биш шүү дээ. Тэр тусмаа хүүхдүүддээ хар багаас нь том гүрнүүдийн хэл сургахыг чухалчлах болсон энэ үед бүр ч худлаа. Томоохон гүрний хэл гэхээрээ л том байдаг юм биш. Монгол хэл маань ямархан яруу тансаг, баялаг сайхан билээ дээ. Энэ хэлээр бид дэлхийд алдартай “Монголын нууц товчоо”- гоо бичсэн улс шүү. Тиймээс цөөн хүн ярьдаг жижиг улсын хэл гээд үүнийгээ ойшоохгүй байвал Монгол мөхнө.
2.Өөрсдийнхөө сайн сайхан, үнэ цэнэтэй зүйлээ мэдэхгүй хэрнээ бусдыг дуурайж далдганадаг “элэг буруу” хүн олширч байгаад сэтгэл өвдөх юм. Монголчуудын ахуй амьдрал, өв соёл, зан заншил, нэгнээ хайрлаж хүндэтгэх уламжлалыг хэн ч муулж байгаагүй байх аа. Эртний Монголын эзэнт гүрэн байхад ч, хожим ядарч зүдэрч явахад ч гадаадаас ирсэн жуулчид, эрдэмтэн зохиолчид бүгд л бидний түүх соёл, өв уламжлалыг магтан биширсэн байдаг. Монголчууд хэзээ ч одоогийнх шиг эд мөнгөнд шунаж, хүний юмыг дураараа эзэгнэхдээ тултал ёс суртахууны доройтолд орж байсангүй. “Монгол хүмүүс их өгөөмөр, бас шударга. Жишээ нь, айл нүүхдээ орхиод явсан өмч хөрөнгө нь эзнээ иртэл бууцан дээрээ байж л байдаг, хэн ч түүнд гар хүрдэггүй” гэхчилэн бидний өвөг дээдсийн тухай гадаадын жуулчид тэмдэглэж үлдээсэн нь бий. Монгол айлд ороход монгол зан заншил угтдаг байсан тэр уламжлал одоо алдагдсан байна. “Зочин угтаж, ундалж дайлах жинхэнэ монгол зан заншлыг мэдэрье гэвэл хөдөө л оч” гэж би онгирдог байсан чинь одоо хөдөө ч тийм биш болж. Хэчнээн хүнд бэрх цагийн шалгуурыг давахдаа ч гээж орхиогүй үнэт зүйлүүд бидэнд олон байгаа. Харин өнөөгийн энх цагт жаргаж суугаа бид эдгээр үнэт зүйлээ гарынхаа салаагаар урсгах хэрэггүй.
3.Үнэ цэнэтэй зүйлээ үнэлж, хайрлах сэтгэлийг хүүхэд, залууст суулгахгүй бол мянган сайхан өв соёлоо ЮНЕСКО-д бүртг үүлээд ямар ч нэмэргүй. Тиймээс үүнд төр засгийн үүрэг, оролцоо их чухал. “Ниргэсэн хойно нь хашгирав” гэгчээр монгол хэлээ ихээхэн зэрэмдэглэсэн хойноо саяхнаас их, дээд сургуульд орох хүүхдээс монгол хэлний ерөнхий шалгалт авдаг болсон нь сайн хэрэг. Төрийн түшээд минь цаашид үүнээс ч ихийг санаачилж, хэрэгжүүлэх шаардлагатай байна. Ард түмэн чинь та нарыг энэ мэт хэрэгтэй зүйл хийгээсэй гэж л олсон хэдэн төгрөгнөөсөө татвараа харамгүй төлдөг юм шүү.
А.Басхүү: ТАМЫН ТОГООНЫ ҮЛГЭРЭЭ ДУУСГАХ ЦАГ БОЛСОН ЮМ БИШ ҮҮ
1.Монгол хүн бүрийн эрхэмлэх ёстой үнэт зүйл нь тусгаар тогтнол гэж би боддог. Харамсалтай нь одоо цагт манайхан тусгаар тогтнол гэдэг зүйлийнхээ үнэ цэнийг ойлгож ухаарахгүй болж байгаад санаа зовинох юм. Тусгаар тогтносон улсдаа эзэн шиг эзэн байхын тулд монголчууд бид хоорондоо эвтэй байх ёстой. Хүн хүнээ хайрлаж, хүндэтгэдэг сайхан ёс заншил монголчуудад олон зуун жилийн өмнөөс уламжлагдан ирсэн. Яах вэ, хажуугаар нь бас бидний нэрлэдгээр “тамын тогооны үлгэр” байсан л байх. Гэхдээ одоо цаг өөр болсон. Мэдээлэл, харилцаа холбоо хөгжөөгүй гучин хэдэн онд бол хэлмэгдүүлэлт байсан байж болох. Харин өнөөдөр бүх зүйл ил тод, нээлттэй болсон байхад нэгнээ утга учиргүй хардаж сэрддэг өнөөх муухай зан байсаар л. Зөвхөн спортын салбарт гэлтгүй, хаа сайгүй нэгэндээ үл итгэх байдал даамжирч байгаа нь юунд хүргэх бол гэхээс айдас төрөх юм. Монголчууд аа, тамын тогооны үлгэрээ дуусгах цаг болсон юм биш үү гэж хэлмээр санагддаг.
2.Зуун хувь санал нийлнэ. Өнөөгийн залуус үнэт зүйлийг их өрөөсгөл ойлгодог болсон нь анзаарагддаг. Сайн аавынхаа буянаар үнэтэй машин хөлөглөж, тансаг хоол идэж байгаагаа, хэдэн сая долларын өртөгтэй шоу зохион байгуулж буйгаа их үнэ цэнэтэй амьдрал гэж боддог юм шиг. Энэ бол том төөрөгдөл гэдгийг тэдэнд яагаад аав, ээж нь хэлдэггүй юм бол гэж бас гайхдаг. Хэлээд ч хүний үг сонсох чадваргүй залуус олширчээ. Монгол гэрийн хүмүүжил, “аавын сургаал алт, ээжийн сургаал эрдэнэ” гэдэг үгийн үнэ цэнэ өнөөдөр утгаа алдах болсон нь ерөөс энэ нийгмийн тогтолцоо буруу яваад байгаагийн илэрхийлэл болов уу.
3.“Бидний үед тийм байсан. Та нар ингэж чадахгүй байна” гэж дүрэмдээд байвал одоогийн хүүхэд, залуус ойлгохгүй. Харин одоо байгаа нөхцөл байдалд тулгуурлан ирээдүйн тухай ярьж өгвөл арай илүү хүлээж авах байх. Өнөөдөр Монголд өндөр шилэн барилгууд сүндэрлэж, үнэтэй брэндийн дэлгүүрүүд салбараа нээж байгаа нь хөгжил юм шиг хэрнээ даяарчлал хэмээх энэ шуургыг бид дагаад гүйгээд байвал хэн гэдгээ танихгүй, өөрийн гэсэн үнэт зүйлгүй хоцорно гэдгийг хүүхэд, залууст ойлгуулах хэрэгтэй байна. Тусгаар тогтнолоо үнэлэхгүй, дээрээс нь үндэсний эв нэгдэлгүй ард түмний ирээдүй ямагт бүрхэг байдгийг ухааруулах нь чухал.
Л.ГАНЧИМЭГ