Хоёр жилд нэг удаа болдог Монголын мэс заслын эмч нарын X чуулган өнгөрсөн баасан гаригт боллоо. Энэ удаагийн чуулганыг “Улаанбаатар төмөр зам”-ын Төв эмнэлэг зохион байгуулсан юм. Монголын анхны мэс засалч В.Ичинхорлоогийн мэндэлсний 100, Монголд дурангийн хагалгаа үүсэж хөгжсөний 20 жилийн ойн хүрээнд энэ чуулган болж буй. В.Ичинхорлоо нь 1939, 1945 оны дайнд шархадсан дайчдад мэс засал хийн, шаардлагатай тохиолдолд өөрөө донор болж байсан гэдэг. Монголын мэс заслын эмч нарын нийгэмлэгийн ерөнхийлөгч, академич Н.Баасанжав чуулганыг нээж “1994 онд Улсын клиникийн төв эмнэлэгт дурангийн мэс засал анх хийснээс хойш одоо клиникийн III зэргийн эмнэлэг болон 13 аймагт ийм мэс засал хийдэг болсон.
Өмнөх чуулганаас хойш мэс засалчид эд, эрхтэн шилжүүлэн суулгах, нөхөн сэргээх хагалгаа, дурангийн мэс заслыг өдөр тутам хийж, судсан доторх мэс заслыг хөгжсөн орны түвшинд гүйцэтгэж байна. Түүнчлэн мэс засалч нар гадаад харилцаагаа өргөжүүлэн, АНУ, БНСУ, ОХУ, Герман, Япон, Хятад, Франц зэрэг 16 оронтой хамтран ажиллаж, олон зуун мэс засалч гадаадад мэргэжил дээшлүүлэн, сурч байна” гэв. Энэ удаагийн чуулганд анх удаа гадаадын төлөөлөгчид оролцсоноороо онцлог байсан юм. АНУ, ОХУ, БНСУ-ын эмч, мэргэжилтнүүд, нийслэл, орон нутгийн төлөөлөл болох 300 гаруй эмч тус чуулганд оролцов. Тэд салбарынхаа хөгжил, дэвшил, алдаа оноогоо ярилцаж, тулгамдаж байгаа асуудлаа хэлэлцлээ. “Улаанбаатар төмөр зам”-ын Төв эмнэлгийн ерөнхий эмч Б.Батболд “Гадаадын эмч нартай хамтран мэс засал хийхэд манайхны чадвар гологддоггүй. Тоног төхөөрөмж, санхүүгийн асуудал нь гол бэрхшээл байдаг” гэсэн бол Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын эмч Х.Тулгаа “Манайд бусад аймагтай харьцуулахад мэс заслын эмч хангалттай.Мэс заслын 10 орчим эмч ажилладаг. Гэвч тоног төхөөрөмж хангалтгүй байна. Манай салбарыг улс төржүүлэхээ болимоор юм. Өндөр хөгжилтэй оронд мэс засалд үйлдвэрийн рентген тодотгогчтой шарик, салфетик хэрэглэдэг. Гэтэл манайхан метрийн самбай хайчилж, ариутган шарик, салфетик болгон ашигладаг. 1970-аад оны тоног төх өөр өмж өө одоо ч бид хэрэглэсээр байна. Газар ухаж байна гэж үзвэл бид хүрзээр, гадаадынхан экскаватороор ухаж байна” гэсэн юм.
Сүүлийн үед манайхан гадаад руу эмчилгээ, хагалгаа хийлгэхээр явах болсон. Энэ талаар мэдрэлийн мэс заслын эмч, клиникийн профессор Ш.Болд “Дэлхийн хэмжээнд хийж байгаа нарийн мэс заслыг манай эмч нар хийж байна. Монгол хүний зан юм уу, гадаадынхныг мундаг гэж бодож, гадагшаа явж, мэс засал хийлгэх болсон. Үнэндээ гадаадад мэс засал хийлгээд хүндрээд ирж байгаа хүн олон байна. Мэс засал бол эрсдэл өндөртэй эмчилгээ. Хүндрэл хаана ч гарч болно. Би нуруу, нугасны мэс засал голчилж хийдэг. Гадаадад мэс засал хийлгээд, өвчин нь хүндэрсэн олон хүн над дээр ирсэн. Хүний хүрсэн зүйлд гар хүрэхэд хэцүү байдаг. Эмнэлэг нь ч эмчилгээ хийсэн материал, зургаа бидэнд өгдөггүй. Ийм үед өвчтөнийг хагалгаа хийсэн газраа оч гэхээс өөр арга байдаггүй” хэмээн ярив.
Э.ЭРДЭНЭЦЭЦЭГ