Дэлхийн хүн ам энэ зууны сүүлч гэхэд 10 тэрбумд хүрнэ. Тэр олон хүнийг орон гэртэй, гэдэс цатгалан байлгаж, аюулгүй нөхцөлд амьдруулахын тулд дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөд хэдийнэ нэрвэгдэж, тэнцвэрт байдал нь алдагдаад байгаа байгаль орчныг туйлдуулахгүй байх нь чухал. Тэгэхийн тулд бодлого, зохицуулалт хэрэгтэй бөгөөд тийм зөв менежментийг “ногоон” эдийн засаг хэмээж буй. Товчхондоо бол байгальд ээлтэй эдийн засгийг цогцлоох нь шинэ эриний трэнд. Бүгдэд ач тусаа өгөх, хаа хаанаа хор хохирол багатай аж төрөх боломжийг бүрдүүлсэн цагт гариг дэлхий, хүн төрөлхтөн аврагдана гэдгийг өнөө үеийнхэн бүгд ухамсарлах болж. АНУ-д төвтэй “Dual Citizen” төв энэ чиглэлээр дагнан судалгаа хийж, улс орнуудыг эрэмбэлдэг, дэлхийн хамгийн том байгууллага юм. Тус төв 2012 оноос Дэлхийн “ногоон” эдийн засгийн индекс гаргаж буй. Энэ жил 60 орны эдийн засгийн бодлого, байгаль экологийн үзүүлэлтийг судалж, жагсаалтаа гаргасан байна. Жагсаалтыг тэргүүлсэн 10 орны ес нь Европын улс байгаа бол тэдэнтэй өрсөлдсөн “ганц дайчин” нь өмнө нь уг индексийг тэргүүлж байсан Төв Америкийн Коста Рика аж. Харин манай улс хамгийн сүүлд буюу 60 дугаар байрт, Вьетнамын дараа бичигджээ. Хотын хувьд Данийн нийслэл Копенгаген, Нидерландын нийслэл Амстердам, Шведийн нийслэл Стокгольм “ногоон” эдийн засагтай хотуудыг тэргүүлсэн байна.
АМ, АЖЛЫН ЗӨРҮҮ
“Dual Citizen”-ийн судалгааг харвал аль ч орны эрх баригч, улстөрчид байгаль орчныг хайрлаж хамгаална гэж ам гарах нь их бололтой. Гэвч тэр бүр хэлсэндээ хүрдэггүй байна. Тус төвийн шинжээчид эдийн засгаа байгальд ээлтэй болгоно гэж амладаг, бүр хууль тогтоомж баталж, төр засгийн бодлогодоо тусгасан орнуудыг мөн жагсаажээ. Эрх баригчдынх нь ам, ажил зөрсөн улсуудын эхэнд АНУ, Япон, Австрали зэрэг хөгжингүй орон орсон байна. АНУ гэхэд л “ухамсрын түвшин”-гөөрөө зургаад орсон ч хуулийн хэрэгжилтээрээ 28-д, Япон улс бодлогоороо долоод, хэрэгжүүлэх тал дээр 44-т бичигджээ. Харин хэлсэндээ хүрч, хийнэ гэснээ хэрэгжүүлдэг хамгийн сайн үнэлгээтэй орнууд нь Герман, Дани, Швед гэнэ. Энэ жилийн индексээс өөр нэг зүйл ажиглагдсан нь хөгжиж буй орнуудын тааруу үзүүлэлт. Хүн амынхаа тоогоор дэлхийд тэргүүлэгч, хүлэмжийн хий хамгийн их ялгаруулдаг орны нэг БНХАУ болон хөгжиж буй орнуудын дунд эдийн засгийн өсөлтөөрөө толгой цохидог Энэтхэг, Гана, Арабын Нэгдсэн Эмират, Катар, Камбож, Тайланд зэрэг улсын үнэлгээ өмнөх жилүүдийнхээс улам мууджээ. Уг нь эдийн засаг, байгаль экологи гэдэг холдуулж, салгаж боломгүй хос байх учиртай.
ЯАЖ “НОГООРОХ” ВЭ
Байгальд ээлтэй хэмээн тодотгодог ч “ногоон” эдийн засгийг цогцлоох нь зөвхөн байгаль орчинд бус, эдийн засгийн хөгжилд ч тустай гэдгийг мэргэжилтнүүд онцолдог. Хамгийн “ногоон” эдийн засагтай Шведээр жишээ татвал тус улс 1980-аад оноос нүүрснээс татгалзах тухай ярьж, 2020 он гэхэд хатуу түлшнээс татгалзах зорилт тавьжээ. Энэ нь байгальд ээлтэйн дээр эдийн засагт эергээр нөлөөлж, өмнө нь хог хаягдалд тооцож байсан модны үртсийг шахмал түлш болгох үйлдвэрлэлийг хөгжүүлсэн байна. Швед ой ихтэй тул энэ нь маш хямд түүхий эд. Шведүүд мөн усан цахилгаан станц барьж байгуулах арвин туршлагатай. Хатуу түлшнээс татгалзаж буй тул цөмийн болон усан цахилгаан станцаар эрчим хүчнийхээ 30 хувийг хангадаг. Жагсаалтын хоёрт орсон Норвегийн хувьд 2030 он гэхэд нүүрстөрөгчийн хий ялгаруулдаггүй улс болох зорилт тавьжээ. Энэ нь эхэндээ зардал чирэгдэл ихтэй байсан ч яваандаа ашгаа өгч, өдгөө төмөр зам, сэргээгдэх эрчим хүчний салбараасаа норвегичүүд жил бүр олон зуун сая ам.доллар халааслаж байна. Дизель түлш хэрэглэгчдэд торгууль ногдуулж, бүх аж ахуйн нэгж агаар цэвэршүүлэгч болон сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй байна гэж хуульчилсан нь эдийн засагт эергээр нөлөөлсөн нь энэ. Нэр нь баялаг эрэг гэсэн утгатай Коста Рика улс харин мод тарихыг чухалчилдаг. Зөвхөн 2008 онд гэхэд л таван сая гаруй мод тарьсан байна. Таатай уур амьсгалтай, жилийн дундаж температур 21 градус байдаг нь давуу тал. Гэхдээ хамгийн чухал нь төрийн бодлого бөгөөд мод хугалсан, хууль зөрчин их хэмжээгээр мод бэлтгэсэн, гол мөрөн бохирдуулсан хүнийг зүгээр ч нэг байгаль сүйтгэгч бус, харин эрүүгийн этгээд гэж үздэг. 2021 онд хүлэмжийн хий үл ялгаруулагч, дэлхийн анхны улс болох зорилготой тус улс зөвхөн ийм хууль хэрэгжүүлснээсээ хойш жилд дунджаар 10 сая жуулчин, эко аялагч хүлээж авах болсон гэж “Dual Citizen” үзжээ.
Г.ЛХАГВА