Нийслэлийн 375 жилийн ойн өдөр санагдана. Чингисийн талбайд баярын шоу болж, ёслолын буудлага нижигнэх үеэр танил ах гар станцаар (хүн нэг бүрийн холбооны хэрэгсэл) гэрэл, цахилгааны бэлэн байдал шалгаж, сүрхий ажилтай яваатай таарав. Ахыг эрчим хүч, гэрэл, цахилгаантай холбоотой ажил хийдгийг нь л гадарлахаас хаана, яг ямар албатайг мэдэхгүй надад тийн өндөржүүлсэн бэлэн байдалд буй нь бас ч гэж сүржин санагдаад явчихав. Гэвч гэртээ ормогц тог тасарчих нь тэр. Орц харанхуй, цахилгаан шат ажиллахгүй. Харанхуйд айхаа мэдэхгүй чанга чанга үглэн, бухимдсаар долоон давхарт гарч, цоожны нүх тэмтрэн байж хаалгаа нэг юм онгойлголоо. Босго давав уу, үгүй юү, гадуур хувцсаа ч тайлж амжаагүй байтал хөргөгч дуугарч тог ирсэн нь мэдэгдэв. “Тоглоомтой юм” гэж бодосхийн тог ирсэнд баярласангүй. Байхад нь баярлаж, хайрлахаа мэдэхгүй хэрнээ байхгүйдээ бүх л амьдралыг минь зогсоочих шахдаг цахилгаан гээч зүйлийг эзэгнэгч, энгийн нэг ажилчны ажлын нэг өдрийг сурвалжиллаа. Түүнийг Данаажавын Батсүх гэдэг. “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн харъяа Сонгинохайрхан дүүргийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн Тоолуур, техник үйлчилгээний хэсгийн монтёр (цахилгаанчин)-оор ажилладаг.
07.00 цаг. Хоосон шахуу автобус түгжрэлгүй замаар давхилдах өглөөний харанхуйгаар нийслэлийн зүүн хагасаас баруун хагасыг зорилоо. Манайх Амгалан буюу Баянзүрх дүүргийн наймдугаар хороонд. Харин “Нэг өдөр”-ийн “эзэн”-ийх Баянхошуу буюу Сонгинохайрхан дүүргийн наймдугаар хорооных. Уламжлал ёсоор утаа, жавар намайг угтлаа. Гэвч баруун тийш явах тусам утаа нэмэгдэх юм. Болзоот хүнийхээ гэрийг олох гэж нэлээд юм болов. Хүнсний дэлгүүрээр багцаалдан гудамж ороож, утасны шон тоолж хэдэнтээ эргэлдэн, замаа мухарлаж байсан ч гэрийн эздийг ажил, хичээлдээ гарахаас өмнө амжиж очлоо.
07.30 цаг. Сонгинохайрхан дүүрэг, наймдугаар хороо, Нуурын 7-28 тоот. Гэрийн эзэн зурагчин, бид хоёрыг хашааныхаа үүдэнд угтлаа. Хашаанд гурван гэр, шинэвтэр тоосгон байшинтай. Байшин нь Д.Батсүхийнх. Том ч биш, жижиг ч биш, бас ганган, хээнцэр биш хэрнээ дулаан, тохилог тэднийд оруут гутлаа тайлахгүй байж түвдсэнгүй. Цайгаа ууцгааж байна. Аав, ээж, охин гурав албандаа гарах гээд завгүй байхад нь зочны өрөөний хананд өлгөөтэй Алтан-Овооны зургаас үүдэлтэйгээр нь “Та Сүхбаатарынх уу” гэж мэдэмхийрээд амжлаа (Миний бие Сүхбаатарынх тул нутгийн шүтээн уулын зургийг хоймроо залсныг нь хараад нутгархах гэсэн нь тэр). Гэвч Д.Батсүх ах Завханы Идэрийнх гэнэ. Эхнэр С.Янжмаа нь мөн тэр нутгийнх аж. Д.Батсүх ах эхнэртэйгээ хамт ажилладаг. С.Янжмаа эгч мөн Төвийн Борлуулалтын хэсэгт тоолуурын заалт бичигч хийдэг.
Тэд 07.00 цагт босоод бужигнадаг гэсэн. Үнэндээ тэднийх бужигнаад байхаар олуулаа биш юм билээ. Ганц охинтой. Б.Наранжаргал гэдэг. “Эхлэл” бүрэн дунд сургуулийн арваннэгдүгээр ангид сурдаг. “Төвлөрсөн дулаанд холбогдоогүй хэрнээ дулаахан байна шүү” гэж учрыг лавлахад цахилгаан халаагууртай гэдгээ хэллээ. Тэгэхээр нь “Та мэргэжлийнхээ давуу талыг ашигласан юм уу” гэвэл “Тийм юм юу байх вэ дээ” хэмээгээд инээмсэглэсэн юм. Үнэхээр ч нүүрс үнэртэхгүй, дөрвөн жилийн өмнө наасан ханын цаасанд хөө, тортог шингээгүйн шалтгаан цахилгаан халаагуур бололтой.
07.40 цаг Тэр гурав гэрээс гарлаа. Охиноо сургуульд нь хүргээд ажилдаа очиход бүтэн цаг шаардлагатай.
08.40 цаг. Сонгинохайрхан дүүргийн Хэрэглэгчдэд үйлчлэх төв. Ажилдаа ирснээ мэдэгдэж, хурууны хээгээр бүртгүүлэв. Хувцсаа сольж өмсөөд эхнэр, нөхөр хоёр өөр өөрийн хэсэгтээ очлоо. Хэдийгээр тэдний ажил нэг ч хувцас солих өрөөнөөс хоёр тийш салж, оройдоо л бие биенийхээ барааг харна. Учир нь тэд Төвийн байранд үргэлж байгаад байхгүй. Байнга гадуур гүйх ажилтай гэлээ. Үндсэндээ өглөө ирэх, орой тарахаа бүртгүүлж, ажлын хувцас, багаж хэрэгслээ авах гэж л Төвд ирдэг гэхэд болно. Д.Батсүх ах инженерээс аюулгүй ажиллагааны зааварчилгаа авч, гарын үсгээ зураад, ажлын багаж хэрэгслээ шалгасан юм. Хүн бүр өөр өөрийн ажлаа хүлээж авах зуур хөөрхөн дуу шуугиан болох юм. Эхнэрийг нь Янжмаа гэдэг учраас Д.Батсүх ахыг “Сүхбаатар жанжин” гэж хошигнон дуудахыг ч сонслоо. Тус Төвийн 170 гаруй ажилчин, албан хаагчийн олонх нь эрчүүд. Тэр тусмаа Тоолуур, техник үйлчилгээний хэсэг залуучууд олонтой болоод ч тэр үү үйл хөдлөл нь ширүүн гээч. Харин хоёрдугаар давхрын голд ширээ тойрч суугаад, жирийтэл жагсаасан хүснэгт аятай олон хуудас цаасыг анхааралтай гэгч нь харж, үзэг барьж дээр нь ямар нэг тэмдэглэл хийх хүмүүс тун завгүй. Тэд өр, авлага барагдуулах үүрэгтэй хүмүүс ажээ.
09.30 цаг. Гуравдугаар хороо, Баянбулагийн 3-27 тоот. Энэ өдрийн эхний ажил. Тус хэрэглэгчийнд явган хүрч очив. Ер нь монтёруудад дуудлаганд нийтийн тээвэр, эсвэл хоёр зээрдээрээ л явах сонголт бий. Тэднийг зөөх албаны унаа байхгүй. Өдрийн 2500 төгрөгөөр бодож унааны мөнгө өгдөг гэсэн. Ингэхдээ тэр тоолуур, дөрөө, багаж хэрэгсэл гээд бүх юмаа үүрээд л алхана. Д.Батсүх ах машинтай ч тэр болгонд өөрийнхөө унааг хэрэглээд байх боломжгүй. Тийм болохоор ихэнхдээ явганаар ажлаа амжуулна. Цахилгаанаа залгуулах дуудлага өгчээ. Айлаа олох гэж бөөн юм болов. Уг нь Д.Батсүх ах гудамж, хороог андахгүй бололтой юм. Бас хашааны хаалга онгойлгохдоо сурмаг. Арайхийн нэг юм 3-27 гэсэн хаяг олсон чинь тэр нь 3-27(а) бөгөөд дуудлага өгөөгүй гэнэ. Хашаан дээр нь лав “а” гэж тодотгосон зүйл алга. Дуудлага өгсөн айл чухам 3-27-гийн а, б, в, г... аль болох нь тодорхойгүй. Тус гудамжинд 3-27-гийн боломжит хэдэн хувилбар байгаа нь бас ойлгомжгүй. 3-27(а)-гаас гарч ирсэн хүний зааснаар “б” хувилбарыг хайлаа. Тэр гудамжийг бүтэн тойрох нь холгүй юм болсон ч айлаа олсонгүй. Гэтэл тэр айл руу хэд хэдэн хашаа дамжиж байж орох учиртай байж. Энэ мэт асуудал юу ч биш гэдгийг Д.Батсүх ах хэлж байлаа.
Нийслэлийн хамгийн том Сонгинохайрхан дүүргийг цахилгаан хэрэглэгчдийнх нь хувьд зургаан хэсэгт хуваадаг. Тэдгээрээс ердөө нэг нь л орон сууцны хэрэглэгчид. Энэхүү нөхцөл байдал нь иймэрхүү хүндрэлтэй илүүтэй тулгарахад хүргэдэг байна. Ингээд нэг юм айлаа олтол гэрийн эзэн охин “Уг нь манайх хугацаандаа төлбөрөө хийсэн юм. Гэтэл салгачихаж. Манай дээр ямар ч төлбөр гараагүй байсан” гэж гомдоллох нь тэр. Гэвч Төв рүү холбогдож, хэрэглэгчийн кодоор нь шалгаж үзэхэд тус хэрэглэгчийнх “төлбөрийн үлдэгдэлтэй” гэж гарав. Утас цохиж, кодоор нь үнэн, худлыг баталгаажуулж байгаагаас нь ч бодсон нэг үеэ бодвол энэ салбар хувь хүний алдаа мадгаас бага ч болов холдож, илүү цахимжиж буй нь анзаарагдлаа. Уг нь хэрэглэгч цахилгааны дэвтрээ сөхөөд харвал тоолуурын заалт бичих, төлбөр төлөх болон цахилгааныг хязгаарлах тогтмол хугацаа, график тов тодорхой байдаг гэнэ. Бас утсанд нь мессэжээр сануулдаг. Тиймээс ч цахилгааны төлбөрөө заасан хугацаанаас хожимдуулбал ямар ч авралгүй. Монтёртой яриад ч нэмэргүй. Бүх зүйл хугацаа, графикийн дагуу програмчлагдсан тул компьютерийг найрах боломжгүй. Хэдийгээр өнөөдөр ганц товчлуур дараад цахилгааныг залгаж, салгах боломж хараахан бүрдээгүй ч хэн төлбөрөө өгсөн, өгөөгүй талаарх мэдээллийг өдөр бүр өлхөн илрүүлдэг болчихож. Тэгэхээр хамгийн гол нь заасан хугацаанд цахилгаан хэрэглэсэн төлбөрөө тушаах нь хэн хэндээ чирэгдэлгүй гэдгийг “Энэ өдөр”-ийн эзэн хэлж байлаа. Өөрөөр хэлбэл, төлбөр тушаах ёстой өдрийн маргааш нь өглөө болж хожимдоход л таны нэр “таслагдах айл”-ын жагсаалтад бүртгэгдэх нь байна шүү. Ер нь ах дүү болтлоо дундаа орсон ганц монтёроор цахилгааны асуудлаа аргалуулдаг үе ард өнгөрчээ. Учир нь тус салбарт 2005 оноос эхлүүлсэн шинэчлэлийн хүрээнд хуучных шиг монтёр нь цахилгааны төлбөрөө бэлнээр хурааж, дургүй нь хүрвэл цахилгааныг салгаж, дураа хүрвэл залгаж, заалтаа өөрөө тэмдэглэдэг байсан үе хэдийнэ ард хоцорчээ. Тоолуурын заалт бичигч багаж нь хүртэл хүнээс хамааралгүй. Тоолуурын заалтыг авахдаа гар удирдлагатай багажаар уншуулж, түүнийгээ шууд компьютерт холбож мэдээллээ бэлтгэдэг болж. Тиймээс хүний хүчин зүйл байхгүй гэсэн үг. Хүмүүсийн ухамсар ч дээшилж байгаа гэдгийг Д.Батсүх ах хэлж байсан. Гэхдээ л цахилгааныг нь салгах гээд ирэхэд зодчих шахам дайрах хүмүүс байсаар л байна. Заримдаа дуудлагаар очиход шийтийг нь эвдээд мэргэжлийн бус хүнээр цахилгаанаа залгуулчихсан хээв нэг сууж байдаг хүмүүс ч бий гэсэн.
10.40 цаг. Мандал-Овоогийн 25-4 тоот. Хөдөө ч ийм зам байхгүй дээ гэж бодогдом эвдэрсэн замаар бас л баахан явган хайлаа. Хаягийн замбараагүй байдлаас гадна нэг хэцүү зүйл бий. Тэр нь нохой. Ажлынхнаас нь нохойн халдлагад өртөөгүй хүн бараг үгүй гэсэн. Зарим хүн бараанаар нь нохойгоо сул тавьчихдаг нь аймшигтай. С.Янжмаа эгч нохойд хазуулж, хоёр сар хэвтэрт байсан гэсэн. 310 мянган төгрөгийн өр үүссэн учраас тус хэрэглэгчийн цахилгааныг хязгаарлах даалгавартай яваа. Цоожтой хаалга угтав. Хамар хашааных нь хүн “Өнөөдөр 200 мянгыг нь хийнэ гэж байсан. Зайлуул, нөхөр нь гадаадад байдаг юм. Таслахгүй байж болохгүй юу” гэж учирлав. Гэсэн ч Д.Батсүх ах цахилгааныг нь тасаллаа. Янз бүрийн зовлон тоочиж, элдвийг учирлах хүмүүсийг заримдаа өрөвдөх ч ажил юм хойно яах ч аргагүй. Гэхдээ энэ тохиолдолд 200 мянгыг нь тушаасан ч цахилгаанаар хангах боломжгүй аж. Заавал бүрэн барагдуулах ёстой. Харин авлага барагдуулах хэсгийнхэнтэй тусгай гэрээ хийсэн тохиолдолд хэсэгчлэн төлөх боломжтой гэв. Нөгөө талаас ганцхан сарын дотор ийм их хэмжээний төлбөр гарсан нь “но”-той гэж байлаа. Өөрөөр хэлбэл, тухайн айлын тоолуур дээр ойр орчмын хэд хэдэн айлын төлбөр гарч, хувааж төлдөг байж болзошгүй гэнэ.
11.45 цаг. Дуудлага өгсөн дараагийн хэрэглэгч болох гуравдугаар хорооны Баганарангийн 43-39 тоот руу автобусаар явав. Энэ зуур “Дотор холболтоос болж цахилгаан тасарсан байна” гээд ирэх шаардлагагүй гэж хэрэглэгч нь хэлснээр бид дараагийн дуудлагад явлаа.
12.20 цаг. Зам зуур шийт шатсан хэрэглэгчийнд очихоор болов. Шийт шатсан шалтгаан хэрэглэгчээс хамааралгүй бололтой тэд сэлбэг хэрэгслийг нь үнэгүй сольж, засаж өглөө. Ер нь ихэнх тохиолдолд цахилгааны хэт ачааллын үед ингэж шатдаг гэнэ. Шинэ жил, Цагаан сар зэрэг томоохон баяр, ёслолын үеэр цахилгаан түгээх сүлжээнийхэн оргил ачаалалтай ажилладаг байна. Тиймээс ч тэд энэ үеэр байнгын бэлэн байдалд ажилладаг. Ер нь тэд хагас цэргийн зохион байгуулалттай ажилладаг юм билээ. Он дуусах гэж байгаатай холбоотойгоор даргаасаа эхлээд 27 бригад болон хуваагдаж авлага барагдуулах уралдаан зарлажээ. Тус даалгаврыг Д.Батсүх ах ч, С.Янжмаа эгч ч гүйцэтгэх ёстой. Гэхдээ эдийн засгийн хямралаас болоод ч тэр үү хэрэглэгчид төлбөрийн үлдэгдлээ барагдуулах нь муу байна гэсэн юм. Шийт нь шатсан хэрэглэгчийнх цахилгаан халаагуур тавих санаатай байгаа гэв. Гэвч тухайн хэсгийн цахилгааны хүчин чадлыг урьдчилан судалж байж цахилгаан халаагуураа худалдаж авах шаардлагатайг хэлж байлаа. Учир нь ачаалал хэтэрсэн бүсэд цахилгаан халаагуур суурилуулах зөвшөөрөл олгохгүй байгаа аж. Мөн тэр айлын эзэн хашаандаа шийт байрлуулахаар олон хүн орж гараад жаахан түвэгтэй юм гэж байлаа. Уг нь шийт байрлуулж, харж хамгаалсны урамшуулал гэж сард 2500 төгрөг олгодог юм байна. Монтёрууд аль болох хариуцлагатай, чамбай айлын хашаанд шийтээ байрлуулахыг эрмэлздэг гэсэн. 13.50 цаг Үдийн хоол идэв. Гадуур явж байгаад таарсан газраа хооллох нь олонтаа.
14.20 цаг. Нэгдүгээр хороолол. Есдүгээр байр. Тус дүүрэгт хамаарах цорын ганц орон сууц бүхий хороолол болох нэгдүгээр хорооллын есдүгээр байранд ирлээ. Тус байранд хэд хэдэн айлын хуучин хар тоолуурыг электроноор солих ажилтай. Учир нь тус байранд цахилгааны алдагдал хамгийн өндөр гарч байгаа тул байраар нь тоолуурыг үнэ төлбөргүй сольж өгч буй юм байна. Гэвч цөөнгүй айлын хөршийн хаалга болон тоолуур цоожтой байснаас сольж чадахгүй байгаа гэнэ. Энэ удаа бид арав гаруй айлын тоолуур шинэчлэх зорилготой байсан ч дөнгөж хоёрыг л солилоо. Бидний мэдэх хуучны хар тоолуурууд нь нарийвчлал багатай учраас алдагдал ихтэй. Харин электрон тоолуур нь цахилгааныг өдөр, шөнийн өөр тарифаар тооцох болсон энэ үед хэрэглэгчдэд ашигтай. Тус тоолуурт найман жилийн баталгаа өгч буй. Эхлээд нэг айлын хаалгыг баахан балбаж, утсаар нь залгасан ч хүн гарч ирсэнгүй. Тоолуурын хаалт цоожгүй байсан ч ямар ч байсан эзэнд нь мэдэгдэх үүднээс ийн хаалгыг нь тогшсон хэрэг. Ингээд хүн гарч ирэхгүй болохоор цахилгааныг түр салгаж тоолуурыг сольж эхэлтэл өнөөх айлаас хүн гарч ирээд “Яагаад гэрэл унтраачихав. Хоол хийж байхад чинь” гээд бухимдах янзтай. Д.Батсүх ах өдөрт 50-60 тоолуур сольчихдог. Цахилгааны алдагдал бууруулах зорилгоор Дэлхийн банкны санхүүжилттэй төсөл хэрэгжүүлж 2006-2009 онд 90 мянган хэрэглэгчийн тоолуурыг үнэгүй шинэчилсэн юм билээ. Одоо харин тоолуурыг үйлдвэрийн үнээр шинэчилж буй. Тоолуурын тусгай лабораторид засвар үйлчилгээ, тохируулгыг нь хийгээд улсын байцаагчийн баталгаажуулжээ. 16.00 цаг Ажил дээрээ ирэв. Инженер Эрдэнэцэцэгт ажлаа тайлагнав.
Уг нь Д.Батсүх ахын ажлын цаг 09.00-21.00 цаг. Заримдаа монтёрууд 09.00-14.00, 14.00-21.00 цаг гэж ээлжээр ажилладаг гэсэн. Энэ өдөр дуудлага багатай тул 18.00 цагт ажлаасаа эхнэрийн хамт гарлаа. С.Янжмаа эгч тоолуурын заалт бичиж өдөржин явжээ. Тэрбээр өдөрт дунджаар гэр хороололд 100-150, орон сууцанд 200 айлын тоолуурын бичилт хийдэг аж.
19.00 цаг. Гэртээ. Их ажлын дараа гэртэй ирсэн тэд оройн хоол хийж байна. Янжмаа эгчийн аав Самданшадав гуай хүүхдүүдийнхээ хашаанд аж. Хүүхдүүдээ ажлаас ирлээ гээд ороод ирлээ. Тэрбээр охин, хүргэнээ “Ажлын төлөө төрсөн хүмүүс” хэмээн тодорхойлсон. Бас Д.Батсүх ахыг инженерийн мэдлэгтэй гэж бяцхан магтсан. Нийтлэлийн маань баатар 1992 онд Дарханы Политехникийн коллежийг төгсөж, Завхан аймгийн Эрчим хүчний станцад ажиллаж байгаад одоогийн ажлаа хийх болжээ. Өнгөрсөн жил дүүргийн хөдөлмөрийн аварга болсон гэсэн. Салбартаа тасралтгүй 13 жил ажилласан нэгэн. “Таны ажлын чухам юу нь сайхан юм бэ” гэсэн миний асуултад Д.Батсүх ах “Гэрэл асна, асаана гэдэг чинь л сайхан шүү дээ” гэж хариулсан юм. Тийм ээ, тэр гэрэл асаагч. Түүний амьдрал ч бас дандаа гэрэлтэй байг.
Б.НОМИН