Хүүхдийн эмнэлэг
Жил жилийн өдийд монгол хүүхдүүд эмнэлгийн хүйтэн шалан дээр дороосоо жиндэн хэвтдэг “уламжлал” тогтоод олон он улирлаа. Жингэр хэчнээн хуцлаа ч жингийн цуваа явж л байдаг гэсэн үгийг амьдрал дээр хамгийн сайн хэрэгжүүлдэг манай төр засгийн түшээд бяцхан үрсийнхээ эрүүл энхийн төлөө ярьж, бичдэг сэтгүүлчдийн дуу хоолойг ч одоо бараг тоохоо больж. Гэвч Улаанбаатар хотод оршин суугчдын тоо жил ирэх тусам өсөж, хүн амын нягтаршил нэмэгдэхийн хэрээр элдэв янзын өвчин шинээр гарч ирсээр байгаа тул үзэг амраахгүй бичих нь бидний үүрэг гэж боддог. Тиймээс “Өнөөдөр” сонин нялхастаа энэрэлгүй Монгол Улсын төрийн түшээдийн дөжирсөн чихийг хангинатал энэ тухай дуугарах болно.
Арав, арваннэг, арванхоёрдугаар сард янз бүрийн нян, вирусийн гаралтай томуу, томуу төст өвчин гаардаг жамаар өнөө жил мөн л ханиаданд дарлуулсан нялхас хувь, хувьсгалын бүх эмнэлгийг дүүргэж байна. Амархан хүндэрч, хатгалгаа болдог, олон дахин сэдэрдэг гээд өвчний үе шат нь өөр өөр ханиадыг нэгмөсөн дарахын тулд эмнэлгийн орчинд үр дүнтэй эмчилгээ хийлгэх гэсэн эцэг, эхчүүд бяцхан үрсийнхээ төлөө юу байгаагаа харамгүй өгөхөд бэлэн байдаг. Даанч хэчнээн сайхан мөнгө, эрх мэдэл, танил талтай байгаад тэр нь үйлчлэхээсээ нэгэнт өнгөрсөн салбар бол хүүхдийн эмнэлэг болчихоод байна. Нэг найз минь саяхан зургаан сартай хүүгээ хэвтүүлэх гэж Баянгол дүүрэг даяар яваад бүтээгүй учраас сүүлдээ хоногийн 75 мянган төгрөгийн үнэтэй хувийн эмнэлэгт эмчилгээ хийлгэхийн тулд оршин суудаг харьяаллаа хүртэл тийш нь шилжүүлсэн юм даг. Улсынх нь тэртээ тэргүй ачааллаа дийлэхгүй учраас хувийн эмнэлгүүд хүртэл хүүхдүүдийг хүлээж авахдаа харьяалал харгалздаг болсон нь энэ салбарт юу нүүрлээд байгаагийн тод жишээ. Ардын хүүхдийг алагчлах үзэл ардчилсан Монголд жинхэнэ утгаараа газар авч байна.
УИХ-ын чуулганаар уржигдар Засгийн газрын сайд нарыг томилох үед Эрүүл мэндийн яамыг хамгийн болж бүтэхгүй газар, ерөөс энэ салбарыг өөдлөхөө байсан мэтээр ярьж, тэндхийг толгойлох гэж буй Г.Шийлэгдамбыг “өрөвдөн” матрын нулимс унагах гишүүн олон байсан. “Мэргэжлийн бус хүн учраас чамд бүр л хэцүү байна байх. Гэхдээ эрүүл мэндийн салбарынхаа мэдлэг, чадвар, туршлагатай хүмүүсээс зөвлөгөө сайн аваад хичээгээрэй” гэж ч байх шиг. Мэргэжлийн хүн сайдаар томилогдоод, Эрүүл мэндийн яамыг, энэ салбарыг хөл дээр нь босгоод ирдэг бол аль хэдийнэ олон зүйл цэгцэрчих байсан шүү дээ. Монголчууд ардчилсан нийгэмд шилжсэн энэ 25 жилийн дотор нийтдээ 13 Засгийн газар солигдсон хэрнээ тэр 13 сайдаас хэнийх нь ч үед ганц эмнэлгийн байр сүндэрлэсэнгүй. Шинэ Засгийн газар байгуулагдах болгонд “Эх, хүүхдийн эрүүл мэндийн асуудал хүнд байна. Амаржих газар, хүүхдийн эмнэлэг байгуулах хэрэгтэй” хэмээн ёс юм шиг амны уншлага болгодог хэрнээ ачир дээрээ нэгийг ч босгосонгүй. Тэгэхээр энэ бол мэдлэг, мэргэжилгүйдээ бус, мөнгө төгрөггүйдээ ч бус зүгээр л сэтгэл зүтгэлгүй, санаачилгагүй, бас зориггүй хүмүүсээс үүдэлтэй байх нь. Олон улсын жишгээр 150 мянган хүн ам тутамд нэг Нэгдсэн эмнэлэг байх ёстой аж.
Нийслэлийн хамгийн олон хүнтэй Сонгинохайрхан дүүрэгт гэхэд л дор хаяж хоёр Нэгдсэн эмнэлэг байх ёстой байтал дөч, тавин жилийн өмнө барьсан ганц байрандаа хүүхэд, томчуудгүй бүгдийг нь холиод хэвтүүлчихдэг. Саяхныг хүртэл Баянгол дүүргийн хүүхдүүдийг тийш нь зөөж хэвтүүлдэг байсныг болиулахаар 35 ортой Хүүхдийн тасаг нээсэн ч асуудал бүрэн шийдэгдээгүй л байгаа. 2015 оны нийслэлийн төсвийг саяхан хэлэлцэж батлахад түүн дотор хүүхдийн эмнэлгийн байр барих, одоо байгааг нь өргөтгөх гэсэн нэг үг, өгүүлбэр ч байгаагүй. Аргаа бараад, төсөв батлахын өмнөхөн нийтлэл бичихдээ дүүргүүдээс сонгогдсон төлөөлөгчдийг улирал тутам авдаг урамшууллын мөнгөө хүүхдийн эмнэлэг байгуулахад зарцуулах санал гаргачихаач хэмээн уриалсан ч “иргэдийн төлөөллүүд” маань үүнийг ёстой авч хэлэлцсэнгүй. Тэдний хэлдэг ганц үг нь “Эмнэлгийн байр барих, өргөтгөх асуудлыг Эрүүл мэндийн яамны бодлогын хүрээнд шийддэг”. Түүгээр ч зогссонгүй, есөн дүүргийн хэмжээнд ирэх онд ганц эмнэлгийн байр өргөтгөх төсөв оруулсныг нь тэглэж орхижээ. Удахгүй төсвийн тодотголоор энэ асуудлыг эргэж харна гэж байгаа ч хэрхэн өөрчлөгдөхийг хэлж мэдэхгүй нь. Өөрсдийнх нь хүүхэд өвдөхөөр гадаад руу аваачаад эмчлүүлчихдэггүй л юм бол энэ салбарын даацын нуруу хэрхэн хотолзож байгааг төрийн түшээд мэдэх учиртай. Яагаад өдий хүртэл бүх зүйл бахь байдгаараа байгаа юм бэ. Эрүүл мэндийн салбарын бодлогыг тодорхойлох, ямар замаар хэрхэн урагшлахыг нь зааж чиглүүлэх учиртай яамныхан нь нэг тийшээ хараад суучихна. Төсөв санхүүгээр дэмжих ёстой улстөрчид нь болохоор түүн шиг “ашиггүй” хөрөнгө оруулалт алга гээд танаж хасчихна. Улсын эдийн засаг хямарсан гэх өнөө жилийн төсөвт байтугай өсөлтөөрөө дэлхийд тэргүүлж асан жилүүдэд ч ганц амаржих газар, хүүхдийн эмнэлэг байгуулах мөнгө хуваарилаагүй нь монголчуудын эмгэнэл.
Таван жилийн өмнө боломжийн хөөрхөн багтаамжтай хүүхдийн эмнэлэг арав хүрэхгүй тэрбум төгрөгөөр байгуулчихаар байсан бол одоо энэ мөнгө 2-3 дахин өсөөд талийчихаж. Чихэндээ орсон алт, ус хоёрын алийг нь ч ялгахгүй сэгсэрч орхидог илжиг шиг түшээдийн хөлдүү сэтгэлийг даруй гэсгээж, бодит байдлыг ухааруулахгүй бол цаашид энэ төсөв хэдэн арав, зуун тэрбум болтлоо нэмэгдэхийг бүү мэд.
125 ортой эмнэлэгт 207 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна

Хаа сайгүй л ханиадтай, хатгалгаатай хүүхдүүд. Дүүргийн эмнэлгүүд ч ачааллаа дийлэхгүй байна. Жилийн жилд л хүйтний улирал эхлэхтэй зэрэгцэн ханиад томуу дэгдэж, эмнэлгүүд нэг иймэрхүү дүр зурагтай болдог. Өнөө жил ч энэ хэвээрээ. Манай сурвалжлах хэсэг Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлэг буюу бидний хэлж заншсанаар Хүүхдийн II эмнэлгээр орж, ямархуу байгааг сонирхсон юм. Хүүхдийн тасаг руугаа гаднын хүн оруулахгүй, таван хүн цалинжуулан, хүүхдүүдийн болон сахиуруудын хоол ундыг зөөлгөж байгаа аж. “Ачааллаа дийлэхгүйдээ хүн нэмж ажиллуулж буй хэрэг биш. Хүүхдүүд ямар нэгэн халдвар авчих вий гэсэндээ л ингэж байна” хэмээн тус эмнэлгийн дарга М.Чимгээ учирласан. Эднийх хүүхдийн 125, том хүний 180 ортой үйл ажиллагаа явуулж буй. Өчигдрийн байдлаар Хүүхдийн тасагт нь 207 хүүхэд хэвтэн эмчлүүлж байв. Эмнэлгийнхээ хүчин чадлыг харгалзан, том хүний тасагтаа хүүхдүүдээ хэвтүүлэх маягаар зохицуулжээ. “H1N1 вирус дэгдэж байхад манайд 500 хүүхэд хэвтэн эмчлүүлж байсан. Үнэхээр гамшиг болоо юу гэлтэй л байсан санагдана. Түүний хажууд одоогийнх юу ч биш. Энэ жилийн томуугийн оргил үед өдөрт 50-иас дээш хүүхэд хэвтэн эмчлүүлж байсан. Одоо бол 20 хүрэхгүй хүүхэд ирж байна. Нэг үгээр хэлэхэд, томуугийн дэгдэлт харьцангуй буурч байгаа. Ирэх долоо хоногоос том хүний тасагт хэвтсэн хүүхдүүд эмнэлгээс гарах байх. Тэгэхээр үйл ажиллагаа жигдэрнэ” гэж М.Чимгээ ярив.
Нэг үеэ бодвол тус эмнэлгийн ачаалал арай багасаж буй бололтой. Тэрбээр холбогдох албаны хүмүүс орны хойноос хөөцөлдөж явахын оронд нарийн мэргэжлийн, тэр дундаа төрөлхийн янз бүрийн эмгэгийг бүрэн эмчилж, оношилдог хүүхдийн эмнэлэг байгуулах хэрэгтэйг онцолсон.Фэйсбүүк хуудаст ээжүүдийн “Mommy central” гэх групп бий. Энэхүү цахим сүлжээгээр арван мянга гаруй ээж санал бодлоо хуваалцаж, болохгүйг шүүмжилж, болж буйг нь дэмжин, нэгэндээ тусалдаг юм. Тэд ч энэ асуудлаар санал бодлоо илэрхийлжээ. Манай улс эрс тэс уур амьсгалтай тул улирлын чанартай өвчин элбэгтэй. Өвөл нь ханиад томуу, зун нь гэдэсний төрөл бүрийн халдварт өвчин салдаггүй. Өдгөө томуу, томуу төст өвчний дэгдэлт их байна. Аргаа барсан, халширсан, хонгил, шалан дээр хүүхдээ тэврэн хэвтэж буй ээж нар зовлонгоо ийн ярьж байна. “Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэг хатгалгаатай хүүхдийг ч хэвтүүлэхгүй, гэрээр нь эмчилгээ хий гээд явууллаа. Сонгинохайрханы эмнэлэг ч гэсэн хонгилдоо хүүхдүүдээ авч байна. Хан-Уул ч ялгаагүй. Би яг одоо ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн Сэхээн амьдруулах тасагт хүүгээ сахиж байна, байдал үнэхээр хүнд юм. Сүхбаатар дүүргийнх бас ачаалалтай байна” гэцгээв.
Зарим нь “Төлбөр мөнгө нь хэд ч байсан хамаагүй ээ, гайгүй хувийн эмнэлэг байна уу” гэж сурна.Эцэг эхчүүдийн хараа хяналт, асаргаа сувилгаа муу, сургууль, цэцэрлэгийн орчин, нэгж талбайд ногдох хүүхдийн тоо хэтэрхий олон. Үүнээс болоод угаалга, ариун цэврийн стандарт хэм хэмжээ нь алдагддаг. Энэ нь хүүхдүүдийн дунд өвчлөл их байгаагийн бас нэг шалтгаан аж.Тэгвэл нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт өнгөрсөн долоо хоногийнхоос 1.9 хувиар өсчээ. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт амбулаториор 75366 хүн үйлчлүүлсний 8283 буюу 11 хувь нь томуу, томуу төст өвчин гэж оношилсон байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 3.8 хувиар өссөн үзүүлэлт аж. Томуугаар өвчлөгсдийн 79.7 хувьд нь 0-9 насныхан, Хүүхдийн түргэн тусламжийн төвд 2534 дуудлага ирүүлсний 1109 нь томуу, томуу төст өвчтэй байжээ. Өвөл, зуны өвчлөлийн “сезон”-ыг хэдий болтол ингэж торгоож, давах билээ. “Хэдхэн хоног тэсчихвэл өвчний дэгдэлт буурчихна” гээд сууж байдаг улс манайхаас өөр байхгүй л болов уу. Дүүргүүдийн эмнэлгүүд, эмч, мэргэжилтнүүд нь ч хүчрэхээ больж, туйлдаж байна.Тэдэнд боловсон хүчнээс гадна эмнэлэг хэрэгтэй.
Ш.ЭНХБАТ: Мөнгөгүй гэдэг шал худлаа, зүгээр л шалтаг
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Ш.Энхбатаас зарим зүйлийг тодрууллаа.
-Нийслэлийн 2015 оны төсвийг хэлэл-цэхэд эрүүл мэндийн салбартай холбоотой төслийг бүгдийг нь тэглэсэн гэсэн. Та нар ямар санал оруулсан бэ?
-Эрүүл мэндийн яам байхад нийслэл заавал үүнд оролцох шаардлагагүй гэдэг юм шиг байна лээ. Гэтэл манай нөхцөлд бол эрүүл мэндийн салбарыг яам нь ч, төр засаг нь ч төдийлэн дэмждэггүй. Үүний тод жишээ нь сүүлийн 30 гаруй жилийн турш нийслэлд улсын төсвөөр нэг ч эмнэлгийн байр барьсангүй. Хүн амын тоо одоогоос гурав дахин бага байхад төлөвлөж барьсан амаржих газрууд, дүүргүүдийн Нэгдсэн эмнэлгийн байрнуудын ачаалал хэрээс хэтэрлээ. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяанд үйл ажиллагаа явуулдаг эмнэлгүүдийн хүүхдийн тасаг нийтдээ 650 гаруйхан ортой. Гэтэл өнөөдөр тэнд 1050 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Томуу, томуу төст өвчин эрс нэмэгддэг энэ үед эрүүл мэндийн салбарын тогтолцооны гажуудлын горыг эмч, эмнэлгийн ажилтнууд л хамгийн их амсдаг.
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга байхдаа би Яармагийн дэнжид 300 ортой Эх, хүүхдийн эрүүл мэндийн төв байгуулахаар 2010 оноос эхлээд хөөцөлдөж, төсөв хөрөнгийг нь шийдүүлж, барилгын ажил нь 68 хувьтай болсон ч сүүлийн хоёр жил “царцчихлаа”. Тиймээс энэ барилгын ажлыг гүйцээх төсөв хөрөнгийг нийслэлээс гаргуулахаар сая санал оруулсан ч Нийслэлийн ИТХ-аар дэмжсэнгүй. Өөр хэд хэдэн санал байсан. Гэхдээ одоо төсвийн тодотголоор дахиж хэлэлцэнэ гэсэн. Шинэ эмнэлэг барихаа байг гэхэд ядаж ганц нэг эмнэлгийн засвар, өргөтгөлийн ажлыг гүйцэтгэх, “царцсан” барилгаа гүйцээх төсөв санхүүгийн эх үүсвэрийг шийдэж өгөх болов уу гэж найдаж байна.
-Манай улс эрүүл мэндийн салбартаа хөрөнгө бага зарцуулдаг гэж эмнэлгийнхэн ярьдаг. Өдий хүртэл хүүхдийн ганц эмнэлэг байгуулахгүй байгаа нь юутай холбоотой юм бол. Эсвэл хүүхдийн эмнэлэг барихад тийм их хөрөнгө шаардлагатай байдаг юм уу?
-Ерөөсөө л хүүхдийн төлөө гэсэн сэтгэлгүй, хүсэл эрмэлзэлгүй, санаачилгагүй төрийн түшээдтэйн хар гай. Мөнгөгүй гэдэг шал худлаа, зүгээр л шалтаг. Ажиа гэгээн шиг чин сэтгэлтэй Эрүүл мэндийн сайдтай байсан бол өнөөдөр Улаанбаатарт хүүхдийн хэд хэдэн эмнэлэг босчих байлаа. Гэтэл манайхны ам, ажил нь зөрөөд байдаг. Шинэ Засгийн газар байгуулагдах болгонд ярьдаг шигээ амаржих газар, хүүхдийн эмнэлэг байгуулсан бол тухайн үед зардал мөнгө нь харьцангуй бага байсан. Одоо бол хүүхдийн эмнэлэг барихад орны тооноосоо шалтгаалаад 20-30 тэрбум төгрөг зарцуулна. Дэлхийн жишгээр бол эрүүл мэндийн салбартаа дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 10 орчим хувийг зарцуулдаг улс орнууд эмнэлгийн тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй үзүүлдэг. Гэтэл манайд 2.8 хувь байдаг. Тиймээс Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулсан манай Ажлын хэсгийнхэн энэ тоог ядаж 5-7 хувьд хүргэе гэсэн санал оруулсан ч бас л хасагдсан. Тэгсэн хэрнээ ямаанд хүртэл мөнгө зориулах гэсэн гишүүдийн санаачилга багагүй дэмжлэг авсан шүү дээ. Бид бол санал ингэмээр байна гэдэг санал л оруулах үүрэгтэй. Гэвч бидний саналыг ойлгож, дэмжихгүй юм.
“ӨНӨӨДӨР”-ИЙН АСУУЛТ
ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙН ХҮРЭЛЦЭЭ МУУ БАЙНА
Хүйтний улирал эхэлж, ханиад томуугаар өвчлөгсдийн тоо нэмэгдэж байна. Ханиад нь хүндэрч, эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхэд хүүхдийн эмнэлгийн хүртээмж ямар байгаа талаар иргэдийн байр суурийг сонирхлоо.
Н.ОТГОНТУЯА (Сонгинохайрхан дүүргийн VIII хорооны иргэн): -Хүүхдээ дүүргийн эмнэлэгт хэвтүүлэх гэж долоо хоног хөөцөлдөөд чадсангүй. Хатгалгаа болтлоо хүндрээгүй бол эмнэлэгт хэвтэж болдоггүй юм гэсэн. Ханиадны эм, тариа бичүүлээд, гэртээ эмчилж байгаа. Өрхийн эмнэлгийн сувилагчийг гуйж тариагаа хийлгэдэг ч завтай үе нь ховор юм. Гурван сая дахь иргэнээ өлгийдөж авах гэж байгаа мөртлөө хүүхдийн эмнэлгийн хүрэлцээгээ шийдэж чадаагүй л байна. ЭМЯ нүдэнд үзэгдэж, гарт баригдах ажил хийдэггүй. Цаасан дээр бичигддэг хууль тогтоомж иргэдэд ямар ч хэрэггүй.
Д.ГАНБААТАР (Сонгинохайрхан дүүргийн IV хорооны иргэн): -Манай улсын хүүхдийн эмнэлгийн хүрэлцээ маш муу. Өвлийн улиралд энэ нь бүр их мэдрэгддэг. Манайх бага насны олон хүүхэдтэй. Бүгд л ямар нэгэн байдлаар эмнэлгийн тусламж авах шаардлагатай болдог. Гэтэл дүүргийн эмнэлгийн ор хүрэлцдэггүй. Эмнэлгийн шалан дээр хэвтэж байхаар гэртээ эмчлүүлсэн нь дээр биз дээ.
Б.ГАНБОЛД (Чингэлтэй дүүргийн IX хорооны иргэн): -Улсын эмнэлгийн хүртээмж муу болохоор хүүхдээ хувийн эмнэлэгт хэвтүүлж, эмчлүүлэхийг хичээдэг. Гэхдээ эдийн засгийн хямралтай энэ үед хувийн эмнэлгээр үйлчлүүлэхэд хэцүү юм. Төр засаг агаарын бохирдлоо бууруулж чадахгүй, ард иргэдийн цалин бага байна. Тийм болохоор өвчлөл нэмэгдэх нь тодорхой. Манайд хүүхдийн гэх тодотголтой Эх хүүхдийн эрүүл мэндийн нэгдсэн төв (ЭХЭМНТ)-өөс өөр улсын эмнэлэг алга.
Ч.ШИНЭЦЭЦЭГ (Сүхбаатар дүүргийн XV хорооны иргэн):
-Хүйтний улирал эхлээд эмнэлэг хэрэгтэй үед ачааллаа дийлэхээ больчих юм. Хүүхдийнхээ ханиадыг хүндрүүлэхгүй байх л хэрэгтэй. Ханиад нь хатгаа болчих юм бол эмнэлэгт хэвтэх маш хэцүү болсон. Эцэг эх хүүхдээ ханиад хүргээд, хүндрүүлж байгаа нь хариуцлагагүй ч гэсэн төр засаг биднийг хайхрахгүй хаяж болохгүй. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд өөрсдөө хүүхэдтэй байж бидэнд ингэж хандаж байгаад харамсаж байна.
Л.ГАНЧИМЭГ, О.БАТ-УНДРАХ, Э.НЯМДУЛАМ