Монгол Улс шударга ёс, хууль дээдэлсэн, ардчиллын замд эргэлт буцалтгүй ороод 25 жил боллоо. Аливаа хэрэг маргааныг шударга шүүхээр шийдвэрлүүлэх, хүний эрхийг дээдлэх зарчим баримталж, шүүхийг нэгэн засаглал болгон авч үзсээр ирэв. Харин сүүлийн үед шүүхэд итгэх иргэдийн итгэл буурч, хэрэг маргаан шийдвэрлүүлэхэд хугацаа алддаг, зардал чирэгдэл ихтэй гэсэн шүүмжлэл гарах болсон. Шүүхийг иргэдэд түргэн шуурхай үйлчилдэг, ил тод, шударга болгохын тулд Ерөнхийлөгчөөсөө эхлээд шүүхийн бүх шат хүртэл энэ засаглалын шинэчлэлийн талаар ярьсны эцэст Шүүхийн тухай багц хуулийг батлан амьдралд хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль баталж, 2011 оноос зарим шүүхэд хэрэгжүүлж байсан туршлагыг нэвтрүүлж буй.
Зуучлал хэнийг нь ч гомдоохгүй, хөрөнгө хэмнэнэ
Аливаа хэрэг, маргааны хариуцагч болон нэхэмжлэл гаргагч талууд бодит нөхцөлд тохирсон шийдэлд хүрэхийн тулд харилцан ярилцаж, түүний үр дүнд сэтгэл ханамжтай үлдэж, санал нэгдсэнээр маргааныг шийдвэрлэж буйг эвлэрүүлэн зуучлал гэдэг. Манайд ихэнхдээ иргэний хэрэг буюу гэр бүлийн маргаан, хөрөнгийн маргаан, зээлийн үүргээ биелүүлээгүйтэй холбоотой гомдлыг эвлэрүүлэн шийдвэрлэж буй. Хэдийгээр манай улсад шинэ тутам нэвтэрч байгаа ч шүүхийн ачааллыг бууруулах, иргэд шүүхээр хэрэг маргаанаа түргэн шуурхай шийдвэрлүүлэхэд тодорхой ахиц гарч байгаа сайн талтай. Тухайлбал, Эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагааг манай шүүхийн практикт 2011 оны тавдугаар сараас туршилтын журмаар нийслэлд Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн, орон нутагт Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхэд нэвтрүүлсэн юм. Тухайн үеийн Баянзүрх дүүргийн шүүх ачаалал ихтэйд тооцогддог байсан. Тэнд Эвлэрүүлэн зуучлах төсөл хэрэгжсэнээр шүүхээр шийдвэрлэж буй иргэний хэргийн тоо харьцангуй багасчээ.
Баянзүрх дүүргийн шүүхээр анхан шатны журмаар хэлэлцэж буй иргэний хэрэг 2012 онд өмнөх оныхоос 1.5 хувиар буурсан аж. Шүүхийн тухай багц хууль хэрэгжиж, шүүх тойргийн системд шилжсэнээр Дүүргийн иргэний хэргийн анхан шатны I, II шүүх болж, шинэ зохион байгуулалтад орсон билээ. Дүүргийн иргэний хэргийн анхан шатны II шүүхэд гэхэд эвлэрүүлэн зуучлагч ажиллаж эхэлснээр шүүгч нарт ногдож буй ажлын ачаалал тодорхой хэмжээгээр багассан гэж хэлж болох нь. Өнгөрсөн баасан гаригт тус шүүхэд шинээр томилогдсон гурван шүүгчийн тангараг өргөх ёслолын үеэр ерөнхий шүүгч Ж.Эрдэнэчимэгтэй уулзахад “Манай шүүх Хан-Уул, Сонгинохайрхан, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт иргэний хэргийн анхан шатны шүүхийн үйлчилгээ үзүүлдэг. Нийслэлийн хүн амын тал хувьд үйлчилдэг гэхээр багагүй ачаалалтай шүүхийн нэг. Өмнө нь манай нэг шүүгчид дунджаар 130-150 орчим хэрэг ногдож байсан. Өнгөрсөн долдугаар сард шинээр зургаан шүүгч, одоо гурван шүүгч томилогдсоноор 29 шүүгчтэй ажиллах болж байна. Ингэснээр нэг шүүгчид 71 хэрэг ногдоно” гэж ярьж байсан юм.
Харин тус шүүхэд өнгөрсөн хоёрдугаар сараас таван эвлэрүүлэн зуучлагч ажиллаж эхэлсэн юм байна. Тэд энэ хугацаанд 1179 гомдол хүлээн авч, шийдвэрлэжээ. Хэрэв эвлэрүүлэн зуучлагч байгаагүй бол тэр бүх гомдол шүүгч нарт хуваарилагдаж, ачааллыг нь тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэх байсан нь ойлгомжтой. Улмаар хүнд суртал ихтэй, удаан үйлчилгээтэй гээд иргэдийг бухимдуулах байсан нь мэдээж. Тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид ирсэн гомдлын 713 нь гэр бүлийн маргаантай холбоотой, 13 нь ажлаас үндэслэлгүйгээр халагдсан зэрэг хөдөлмөрийн эрх зүйгээс үүдсэн гомдол байсан бол 470 нь иргэд хоорондынх байжээ. Үүний 685-д нь эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийж дуусгасан бол 353-т нь эвлэрлийн гэрээ байгуулчихаад байгаа гэнэ. Харин улсын хэмжээнд энэ оны арваннэгэн сарын байдлаар 3292 өргөдлийг шийдвэрлэжээ. Үүний 1617 эвлэрэл амжилттай болж, 1675 амжилтгүй болсон байна. Нэг талаасаа шүүхийн ачааллыг ингэж багасгаж буй бол нөгөө талаасаа иргэдэд ч цаг хугацаа, хөрөнгө мөнгөө хэмнэх боломж бүрдсэн юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн дагуу нэг иргэний хэргийг шийдэхийн тулд өргөдөл гаргасан талын гомдлыг хүлээн аваад иргэний хэрэг үүсгэх эсэх асуудлыг долоо хоногийн хугацаанд хянадаг. Үүсгэсэн тохиолдолд 30 хоногийн дотор хариуцагч талд нь мэдэгдэж, аль аль талыг нь нотлох баримт бүрдүүлэх хугацаагаар хангах зэргээр 90 хонох нь энүүхэнд. Ингээд шүүхээр 3-4 сарын дараа хэрэг шийдвэрлэгдэхээр хэн нэг нь ялж, нөгөө нь ялагдаж дуусдаг. Аль нэг тал нь сэтгэл ханамжгүй үлдвэл давж заалдах болон хяналтын шатанд гомдол гаргасаар маш их хугацаа алддагийг шүүхээр зарга мэдүүлсэн иргэд сайн мэднэ. Харин эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагаа хэн хэнийг нь гомдоохгүй, эвлэрүүлээд нэг шийдэлд хүрч, аль аль тал нь гомдолгүй өнгөрөх сайн талтай. Жишээ нь хадгаламж зээлийн нэгэн хоршооны эзэн зээлийн өрөнд орж, улмаар найзаасаа их хэмжээний мөнгө зээлжээ. Гэвч мөнгөө хугацаандаа буцааж өгч чадаагүйгээс зээл олгосон найз нь шүүхэд гомдол гаргаж. Үүнийг эвлэрүүлэн зуучлалын замаар нэг сар хүрэхгүй хугацаанд шийдэж, зээл авсан залуу хугацаандаа төлбөрөө төлөхөөр болж, олгосон найз нь гомдлоо татаж авчээ. Ингээд хэн хэн нь хохиролгүй, бие биедээ өс хонзон саналгүй хэрэг хаагдсан байна. Эвлэрүүлэн зуучлагчаар дамжуулан иргэний хэрэг шийдвэрлүүлэхэд олон шат дамжлагагүй, цаг хугацаа, хөрөнгө мөнгө ч багагүй хэмнэж буй. Шүүхээр хэрэг шийдэж байгаа тохиолдолд улсын тэмдэгтийн хураамж гэж үнийн дүнгээс хамаарч мөнгө төлдөг. Харин эвлэрүүлэн зуучлалаар хэргээ шийдвэрлүүлж буй тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжид авдаг төгрөгийн тал хувьд ч хүрэхгүй мөнгө улсад тушаадаг байна.
Эвлэрүүлэн зуучлагч нууцыг чанд хадгалах үүрэгтэй
Дэлхийн дахинд иргэний болон гэр бүлийн эрх зүйн хэрэг, маргааныг шийддэг үндсэн хоёр хэлбэр байдгийн нэг нь дээр дурдсан эвлэрүүлэн зуучлах үйл явц. Шүүхийн бус аргаар, гуравдагч этгээдийн туслалцаатайгаар талуудыг эвлэрүүлэн зуучлах журмаар шийдвэрлэх хэлбэр манай орон төдийгүй дэлхийн ихэнх оронд шинэ тутам хөгжиж байгаа. Японд хэдэн жилийн өмнө Фүкүшимагийн АЦС-д дэлбэрэлт болж хүмүүс хордож, гэмтсэн асуудлыг өнөөдөр тус улс эвлэрүүлэн зуучлах замаар шийдвэрлэж байна. Эвлэрүүлэн зуучлах албаныхан нь төрийн бус байгууллагын дэргэд ажилладаг гэнэ. Харин АНУ-д мөн л төрийн бус байгууллагын дэргэдэх Эвлэрүүлэн зуучлах төвийнхөн залилангийн хэргийн хохирогчдын мөнгийг гаргуулж өгсөн байгаа юм.
Эвлэрүүлэн зуучлалын хуулиар эрх зүйн маргааныг шүүхийн бус аргаар эвлэрүүлэн зохицуулах ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоож, улмаар тухайн ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулахаар заасан байдаг. Тухайн хуулиар иргэний эрх зүйн болон хөдөлмөрийн ганцаарчилсан, түүнчлэн гэр бүлийн маргааныг шүүхийн бус аргаар, эвлэрүүлэн зуучлах журмаар шийдвэрлэнэ гэж ойлгож болно. Энэ хуулийн ач холбогдол нь хөрөнгө мөнгө, цаг хугацаа хэмнэхээс гадна эвлэрүүлэн зуучлах журмаар байгуулсан гэрээ шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэх боломжтойд оршдог. Өөрөөр хэлбэл, иргэний хэргийг шүүхийн журмаар шийдвэрлэхэд талуудын хэн нэг нь сэтгэл дундуур үлддэг бол эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр тэд харилцан буулт хийж, асуудлыг аль болох эвийн журмаар, өөрсдийн санаанд хүртэл шийдэх боломжтой байдаг аж. Өөр нэг зүйл бол эвлэрүүлэн зуучлагч нь эвлэрүүлэн зуучлалын ажиллагааны нууцыг буюу талуудын хувийн болон албаны нууцыг тэдний зөвшөөрөлгүй бусдад задруулахгүй, чанд хадгалах үүрэгтэй. Шүүхээр шийдвэрлэсэн иргэний болон эрүүгийн хэргийн шийдвэр олон нийтэд ил тод болдог шүү дээ.
Г.ЦОЛМОН