Эцэг эхийнх нь боловсрол, ажил эрхлэлт, орлого залуусын ажилгүйдэлд нөлөөлж байгаа байдал
Хөдөлмөрийн судалгааны институт, РАНД корпорац хамтран Монголын хөдөлмөрийн зах зээлийг судалснаа өчигдөр танилцууллаа. Судалгаагаар Монголд ажилгүйдлийн түвшин буурсан үзүүлэлт гарчээ. Харин эдийн засгийн хөгжлөөрөө ойролцоо улсуудтай харьцуулахад манайд хөдөлмөрийн насны хүмүүсийн ажил эрхлэлт бага буюу 60-65 хувьтай гарсан байна. Гэхдээ 30-49 насныхны хөдөлмөр эрхлэлт өндөр, эмэгтэйчүүд 50, эрчүүд 60 наснаас эхлэн хөдөлмөр эрхлэх нь огцом буурчээ. Энэ нь тэтгэвэрт гарах настай нь холбоотой гэнэ. Харин залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн байдал бусад орны залуустай адил түвшинд байжээ. Гэхдээ аймгийн төвд боловсролгүй, ажилгүй залуу эрэгтэй олон байгааг судалгааны дүн харуулсан байна. Хөдөлмөр эрхэлдэггүй эмэгтэйчүүдийн хувьд хүүхэд төрүүлсэн, гэр бүлийнхнээ асардаг гэсэн шалтгаантай байсан бол эрчүүдэд онцгой шалтгаан байгаагүй гэнэ. Түүнчлэн залуус боловсрол эзэмшээгүй, ажилгүй байгаа нь тэдний эцэг, эхийн боловсрол, орлогын түвшинтэй хамааралтай нь судалгаагаар тогтоогджээ. Өөрөөр хэлбэл, эцэг эх нь өндөр боловсролтой, ажилтай, орлоготой хүний хүүхдүүд ямар нэгэн ажил эрхэлдэг байхад эсрэгээрээ ядуу гэр бүлд өссөн залуус ажил хийх сонирхолгүй байгаа аж. Энэ нь дэлхийн жишгээс урвуу үзүүлэлт гэдгийг судлаачид онцолж байлаа. Учир нь дэлхийн олон оронд баян айлын хүүхэд ажил хийх сонирхолгүй, эцэг, эхээрээ тэжээлгэх хандлагатай байдаг бол манайд энэ нь эсрэгээрээ байгаа нь сэтгэлгээний ядуурлын хэв шинж гэнэ.
Судалгаагаар ажил эрхэлдэггүй 4500 залуугаас ажилгүй байгаагийн шалтгааныг нь тодруулахад олонх нь боловсрол дутмаг, ажлын байр байдаггүй, туршлагагүй гэж хариулсан байна. Тэдний орлогын эх үүсвэрийг төрөөс олгодог ажилгүйдлийн тэтгэмж, нийгмийн халамж эзэлдэг аж. Түүнчлэн ажилгүй залуусын 87 хувь нь “Удахгүй ажилтай болно” гэж хариулжээ. Мөн хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн судалгаагаар дөрвөн ажилтан тутмын нэгээс илүү нь дээд боловсролтой нь тогтоогджээ. Боловсролын түвшин цалинд ихээхэн нөлөөлдөг бөгөөд мэргэжлээ дээшлүүлэх тусам цалин 9.1-10.4 хувиар нэмэгддэг гэнэ. Суурь боловсролтой ажилтантай харьцуулахад мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв төгссөн ажилтан 20 хувь, их, дээд сургууль төгссөн ажилтан 50 хувиар илүү цалин авдаг юм байна. Ажилтай залуус цалин, ажлын ачаалал болон ажлын байранд хөгжих боломжид сэтгэл дундуур байдаг бол ажлаа сонгохдоо цалин, ажлын байрны эрэлтийг харгалздаггүй. Олонх нь үйлчилгээ, уул уурхай, аж үйлдвэрийн салбарт ажиллах сонирхолтой байдаг гэнэ. Энэ мэт судалгааны үр дүнгээрээ Хөдөлмөрийн судалгааны институт, РАНД корпорац бодлогын зөвлөмж гаргажээ. Тухайлбал, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн талаарх иргэдийн сөрөг хандлагыг арилгахын тулд амжилтын түүхийг нь танилцуулах шаардлагатай гэж үзсэн байв. Мөн ажилгүй залууст боловсрол эзэмших боломжийг нэмэгдүүлэх үүднээс санхүүгийн дэмжлэг үзүүлэх хэрэгтэйг онцолж байлаа.
Э.ЭРДЭНЭЦЭЦЭГ