Ази, Африкийн Бандунгийн 60 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Ази, Африкийн Дээд хэмжээний уулзалт дөрөвдүгээр сарын 22-нд Жакарта хотноо эхэллээ.
Энэхүү арга хэмжээнд Иорданы ван II Абдалла, Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо, БНХАУ-ын дарга Си Зиньпин, БНАСАУ-ын Ардын дээд хурлын тэргүүлэгчдийн дарга Ким Ён Нам, Ираны Ерөнхийлөгч Х.Рухани, Японы Ерөнхий сайд Ш.Абэ зэрэг 30 орны дээд, өндөр түвшний төлөөлөгчид оролцож, хоёр тивийн орнуудын өмнө тулгарч буй сорилтуудыг хэрхэн давах, хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг хэлэлцэж байна. Ази, Африкийн дээд хэмжээний уулзалтад манай улс Гадаад хэргийн сайдын түвшинд оролцож байгаа бөгөөд сайд Л.Пүрэвсүрэн энэ үеэр Индонезийн Ерөнхийлөгч, БНХАУ-ын дарга, БНСУ-ын Шадар сайд, Иран, Мьянмар, Энэтхэг, Тунис, Шведийн гадаад хэргийн сайд нар болон БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайдтай тус тус уулзаж санал солилцлоо. Хурлын ажиллагаа үргэлжилж байна.