Манай улсад одоогийн байдлаар гепатиттай 400 мянган хүн амьдарч байна. Статистикаас үзвэл зуун мянган эрэгтэй тутмын 121, зуун мянган эмэгтэйгийн 87 нь элэгний анхдагч өмөн буюу хорт хавдраар өвчилсөн байна. Энэ нь эрэгтэйчүүдийн дундах элэгний хорт хавдар дэлхийн дунджаас зургаа, эмэгтэйчүүдийнх 13 дахин их үзүүлэлт юм.
Элэгний хорт хавдар ийн нэмэгдэж байгаа нь В, C гепатитын архаг халдвартай шууд холбоотойг мэргэжлийн эмч нар хэлж буй. Тиймээс ЭМСЯ хүн амыг гепатит өвчнөөс сэргийлэх талаар мэдлэгтэй болгох, мэдээлэл хүргэх, эмчилгээний үр дүнг олон нийтэд сурталчлах зорилгоор “Элгээ хайрлая” арга хэмжээ болов.
Эл арга хэмжээний хүрээнд ЭМСЯ, Монголын элэгний эмч нарын нийгэмлэг, “Оном” сантай хамтран, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Элгээ хайрлая” сэдэвт зохион бичлэг, гар зургийн уралдаан, иргэдэд энэ сэдвээр зурагт хуудас, гэрэл зургийн уралдаан, сэтгүүлч, нийтлэлч, зохиолчдын дунд нийтлэл, богино өгүүллэг, мэргэжлийн видео студи, телевизийн уран бүтээлчдэд сурталчилгааны анимейшн хийх уралдаан зарлалаа. Шагналын сан нь 10 сая төгрөг бөгөөд, уралдааны бүх бүтээлийг элгээ хайрлах арга хэмжээнд ашиглах аж.
О.УНДРАХ