Баянзүрхийн товчооны орчим иргэд гүний худаг гаргахаар зөвшөөрөлгүй газар өрөмдсөнөөс, УСУГ-ын 800-гийн төв магистрал шугамыг цоолсон. Үүнээс болж ус олгойдон, найм есөн давхар байртай тэнцэхүйц хэмжээний буюу 30 орчим метр өндөр усан оргилуур үүсчээ. Цэвэр усны шугам хагарсан дуудлага Улаанбаатар хотын шуурхай удирдлага, зохицуулалтын төвд өнгөрсөн пүрэв гаригийн 19.50 цагт ирсэн байдаг. Энэ дагуу нийслэлийн Онцгой байдлын газар, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн бие бүрэлдэхүүн, УСУГ-ын Ослын бригад ажилласан. УСУГ-ын Техник хяналтын хэлтсийн дарга Г.Батхишигээс цэвэр усны шугамыг засаж дууссан эсэхийг тодруулахад “Дуудлага авсан даруйд тухайн цэгт очин, засварын ажлыг эхлүүлсэн. Маргааш нь буюу баасан гаригийн үүрийн 05.00 цагийн үед засаж дуусан, горимын тохируулга хийж 07.20 цаг гэж хэвийн ажиллагаанд орууллаа. Ажиллах хүч, машин механизм, цэвэр усны алдагдал гээд урьдчилсан байдлаар 7-8 сая төгрөгийн хохирол манайд учирсан” гэв.