Энд ч түймэр, тэнд ч түймэр. Эх орон шатаж байна гэхэд хилсдэхгүй. Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт гарсан түймэр их хэмжээний газар нутгийг хамарч, гамшгийн хэмжээнд хүрсэн. Гэтэл энэ сарын 25-нд буюу өнгөрсөн бямба гаригт дархан цаазат Богдхан ууланд түймэр гарч, нийслэлийн Онцгой байдлын газрынхныг түргэн авахуулав. Тус газрын дөрвөн ангийн 150 гаруй алба хаагч, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны ажилтнууд тус уулын Жаргалант, Арцатын аманд гарсан түймрийг унтрааж, өчигдөр (уржигдар) 00.00 цагийн үед цурманд оруулжээ.
Хүмүүс арц уугиулан, шашны зан үйл хийж байгаад гал алдсан гэх мэдээлэл байна. Энэ талаар НОБГ-ын дарга Н.Уламбаяраас тодруулахад “Богдхан уулын 10 гаруй га газар түймэрт шатсан. Өнөөдрийн (өчигдөр) байдлаар цурмыг бүрэн унтраахаар онцгой байдлын 70-аад алба хаагч ажиллаж байна. Жаргалантын аманд байдаг айл болон Нүхт рүү түймэр тархахаас өмнө цурманд орууллаа. Мөн Төв аймгийн Сэргэлэн сумын Хоолтын даваанд гарсан түймрийг унтраасан. Гурав орчим га газар түймэрт өртсөн. Тус аймгийн Баяндэлгэр сумын Хүрэн асгат гэдэг газар гарсан 370 га орчим хээрийн түймрийг цурамд оруулсан” гэв. Он гарсаар Богдхан ууланд гурван удаа түймэр гарчээ.
Амралт, чөлөөт цагаараа ууланд гарч, салхилж, зугаалж яваа хүмүүс гал алдсаны балгаар түймэр гарсаар буйг онцгой байдлынхан хэлдэг. Эх сурвалжийн мэдээлснээр энэ бямба гаригт гарсан түймэр ч гэсэн хүний буруугаас болжээ. Ганц ширхэг шүдэнзээ унтраалгүй хаяснаас газар нутгаа үнс нурам болгож буй нь үнэхээр харамсалтай. Өнгөрсөн хоёрдугаар сарын 4-нд Төр хурахын аманд түймэр гарсны дараахан Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас зургадугаар сарын 15 хүртэл Богдхан ууланд аялж зугаалахыг хориглосон захирамж гаргасан. Гэвч энэ захирамжийг хэрэгжүүлэхгүй, энэ уулыг зоригсдын цуваа тасрахгүй байгаа аж.
Харин нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газраас тус уулын амнуудад өчигдрөөс эргүүл гаргав. Мөн ой, хээрийн түймрээс гадна айлын хашаа, байшин, гэр шатсан дуудлага НОБГ-т ирсээр байгаа аж. Иргэд хашаа хорооныхоо шар өвсийг шатааснаас болж гал алдсан дуудлага нэг өдөрт л гэхэд 3-5 удаа ирж байгаа гэнэ. Тиймээс НОБГ-аас ил задгай өвс, хог хаягдал шатаахгүй байхыг анхааруулав.
Ч.БОЛОРТУЯА