Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан амралтын өдөр болж, Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 16 дугаар орон сууцанд үүссэн нөхцөл байдлын талаар өргөтгөсөн бүрэлдэхүүнтэйгээр хэлэцэж байрны хөрсөнд бэхэлгээ, хүчитгэлийг яаралтай хийсний дараа оршин суугчдыг орон сууцанд нь оруулах боломжтой болно гэсэн дүгнэлтэд хүрчээ.
Хуралдаанаар 16 дугаар орон сууцанд үүссэн нөхцөл байдал болон “Би Жи Би Жи” компанид газэр эзэмших эрхийг хэрхэн олгосон талаар Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Өмчийн харилцааны газар, Мэргэжлийн хяналтын газар мэдээлэл өгсөн байна.
Уьдчилсан дүгнэлтээр 16 дугаар байрны зүүн талд нүх ухсан нь тус барилгын хазайлтад нөлөөлөөгүй. Харин баруун тийшээ буюу нүх ухсан талын эсрэг чиглэлд 4 см-ийн хазайлттай байгаа нь анхнаасаа барихдаа үүссэн үү, ашиглалтын явцад хазайсан уу гэдгийг тогтоох боломжгүй гэжээ.
12 давхар орон сууцны 16 дугаар байранд амьдардаг 49 өрхийн 244 иргэнийг Засгийн газрын 2011 оны 340 дугаар тогтоолын дагуу нүүлгэн шилжүүлэлтийн ажлыг зохион байгуулж, тус дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй 6 зочид буудалд нийт 178 иргэнийг байрлуулсан байна. Одоогийн байдлаар Нийслэлийн Онцгой байдлын комиссын даргын тушаалаар шаардагдах зардлыг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргаж байгаа юм.
Нийслэлийн МХГ-аас 13 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байгаа бөгөөд Мэргэжлийн байгууллагын тус дүгнэлтийг үндэслэн Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгээс ажлын зургийн даалгаврыг боловсруулах ажлыг хийж, гүйцэтгэж байна.