ШУТИС-ийн төгсөгч, Монгол Улсын Төрийн соёрхолт инженер Н.Нацагням Азийн Бүтээмжийн байгууллагын "Үндэсний бүтээмжийн шагнал-2015" шагнал хүртлээ.
Эл шагналыг олон улсын бүтээмжийг нэмэгдүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн олгосон юм.
БСШУ-ы дэд сайд Я.Төмөрбаатар "Энэ шагнал бол монголчуудын хувьд асар үнэтэй. Азийн бүтээмжийн байгууллагаас таван жил тутамд олгодог шагнал. Монголын Бүтээмжийн төв нь тус байгууллагын гишүүнчлэлтэй. Яамны зүгээс Үндэсний бүтээмжийн төвтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулаад ажиллаж байна. Цаашид үндэсний бүтээмжийн эрхзүйн орчныг бий болгох, боловсон хүчнийг сургаж бэхжүүлэх, нийгмийн сэтгэлзүйг энэ чиглэлд бэлтгэхэд олон ажил хийх болно. Н.Нацагнямдаа цаашдынх нь ажилд амжилт хүсч, инженерүүдээ манлайлан, эх орондоо ихийг хийж бүтээнэ гэдэгт нь итгэж байна” гэв.
Монголын Бүтээмжийн төв нь улс орон даяар бүтээмжийн хөдөлгөөн өрнүүлэх үйл ажиллагааг бие даан явуулж байгаа, нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага юм. Монгол улсад анхны бүтээмжийн байгууллага нь Хөдөлмөрийн бүтээмжийн төв нэртэйгээр 1992 оны гуравдугаар сарын 22-нд байгуулагдан, цаашлаад Үндэсний бүтээмж, хөгжлийн төв нэртэйгээр үндэсний хэмжээнд бүтээмжийн ойлголтыг түгээн дэлгэрүүлэх, хөдөлгөөн өрнүүлэх үйл ажиллагаа явуулж байсан юм. Монголын Бүтээмжийн төв нь Азийн Бүтээмжийн байгууллагад 1992 онд гишүүнээр элсчээ.
Мөн энэ үеэр Н.Нацагнямд Монгол Улсын Засгийн газрын шагнал “Шилдэг зохион бүтээгч” цол тэмдгийг гавьяат хуульч Н.Чинбат гардуулсан юм.