Азийн бүтээмжийн байгууллагаас олгодог “Үндэсний бүтээмжийн шагнал 2015”-ыг Төрийн соёрхолт инженер Н.Нацагням өчигдөр гардан авлаа. Азийн 19 улсад салбартай эл байгууллага хүний хөдөлмөрийг хөнгөвчилж, бүтээмж нэмэгдүүлсэн шилдэг бүтээл туурвигчид шагнал гардуулдаг бөгөөд энэ жил дөрвөн орны эрдэмтэн шагнал хүртсэн байна. Инженер Н.Нацагнямын зохион бүтээсэн реактив чадлын автомат болох “NaNyam-AX12” бүтээл Монголын эрчим хүчний систем ОХУ-аас салж бие даан найдвартай ажиллахад дөхөм болсон билээ. Түүнчлэн ижил төрлийн бүтээлээс 10 дахин хямд гэдгээрээ илүү их боломж нээсэн юм. Тиймээс Монголын бүтээмжийн төвийнхөн “NaNyam-AX12”-ыг шагналд нэр дэвшүүлсэн байна. Шагналыг БСШУ-ын дэд сайд Я.Төмөрбаатар гардуулсан юм. Харин дараа нь Н.Нацагнямд Засгийн газрын шагнал “Монгол Улсын шилдэг зохион бүтээгч”-ийг гардуулан өглөө. 70 жилийн түүхтэй энэ шагналыг өдий хүртэл 119 хүн хүртсэн байдаг бөгөөд 120 дахь шилдэг зохион бүтээгч нь Н.Нацагнням болж буй юм. Өмнө нь “Би шагнал хүртэж үзээгүй, анхны шагнал маань Төрийн соёрхол байлаа” хэмээн ярьж байсан залуу инженер маань ийнхүү өчигдөр хоёр ч шагнал хүртэж, дараа нь төрөлх сургуулийнхаа оюутнуудад зориулан лекц уншсан юм.