“Улаан гэрэл ууртай асаж байна, зам дээр тоглож болохгүй шүү” гэж хэвлүүхэн ярих охин “Ээж ээ, зам дээр тоглож болохгүй тийм ээ” хэмээн дахин лавлаж асууна. Өчигдөр Улаанбаатар чуулгад цэцэрлэгийн багачуудын дунд зохион байгуулагддаг “Замын хөдөлгөөний цагаан толгой 2015” тэмцээн болж өндөрлөлөө. 1982 оноос хойш жил хүүхдүүдэд замын хөдөлгөөний дүрмийг танилцуулах зорилготой зохиогдох болсон эл тэмцээн хоёр шаттай болж, нийслэлийн 104 цэцэрлэгийн 1250 хүүхдийг хамруулжээ. Хоёрдугаар шатанд шалгарсан Нийслэлийн есөн дүүрэг болон Төмөр замын цэцэрлэгийн төлөөлөл болсон “Гэрэлт нар”, “Сонор”, “Шонхор”, “Зохицуулагч”, “Гэрлэн дохио”, “Ган зам” зэрэг 10 багийн 120 хүүхэд өчигдөр авьяасаа, мэдлэгээ сорин өрсөлдсөн юм.
Тэмцээний эхний байрт Баянзүрх дүүргийн 129 дүгээр цэцэрлэгийн “Сонор”, удаахь байрт Чингэлтэй дүүргийг есдүгээр цэцэрлэгийн “Сонор”, гуравдугаар байрт Сонгинохайрхан дүүргийн 107 дугаар цэцэрлэгийн “Зохицуулагч” баг шалгарч тусгай шагналыг Сүхбаатар дүүргийн 75 дугаар цэцэрлэгийн “Шонхор” баг хүртлээ. Энэ удаа тэмцээнд багш нар нь оролцож, анхны тусламж үзүүлж байгаагаар шалгаруулалт явагдсан нь өмнөх жилүүдийнхээс ялгарах нэг онцлог болсон байна. Тус тэмцээнийг НИТХ, Улаанбаатар хотын Замын цагдаагийн газар, Монголын Улаан загалмай нийгэмлэг, “Дэлхийн зөн” олон улсын байгууллага, Монголын сурагчдын холбоо хамтран зохион байгуулсан байна.
Өнгөрсөн онд улсын хэмжээнд хүүхэд өртсөн зам тээврийн осол 1195 бүртгэгдэж, 1212 хүүхэд өртсөнөөс 48 нь нас барж, 1164 хүүхэд гэмтсэн байна. Урин дулаан цаг ирж байгаа энэ үед хүүхэд зам тээврийн осолд өртөх нь улам нэмэгддэг ба үүнд эцэг эхийн буруу хэвшил, болгоомжгүй үйлдэл маш их нөлөөлдөг замын цагдаа нар онцолж байсан. Хүүхдийг зориулалтын суудалд суулгаж, тээвэрлэдэггүйгээс гадна бага насны хүүхдээ ойрхон дэлгүүр рүү ганцааранг нь явуулах, харгалзах хүнгүй зам хөндлөн гаргах зэргээр хариуцлагаа умартдаг нь хамгийн том гамшиг юм. Эд зүйлсийг худалдаж авч, сольж болдог бол үр хүүхдээ, тэдний амь нас, эрүүл мэндийг юугаар ч орлуулах боломжгүй. Тиймээс хүүхдүүдэд бага наснаас нь замын хөдөлгөөний дүрмийг ойлгуулж, танилцуулах энэ ажлын үр дүн эцэг, эхийн тусламжтайгаар бодит биеллээ олох юм. “Та бүхэн хүүхдүүдийнхээ үлгэрлэн дууриах толь нь учраас, өөрсдийнхөө үйлдлийг зөв байлгахад анхаараарай. Өнгөрсөн хугацаанд зам тээврийн осолд өртсөн хүүхдийн олонх нь эцэг, эхтэйгээ хамт явж байх үедээ бэртэж, эндсэн байдаг. Тиймээс та бүхэн өөрсдөө зөв хэвшилтэй болсон цагт нь хүүхдүүд маань аюулаас хол байх юм шүү” хэмээн тус тэмцээнийг зохион байгуулагчид анхааруулж байлаа.