Улсын клиникийн төв эмнэлгийн өргөтгөлийн шинэ барилгын А блокыг өнөөдөр ашиглалтад орууллаа. Тус эмнэлгийн өргөтгөл хоёр блокоос бүрддэг. Өдгөө ашиглалтад орж буй өргөтгөл нь долоон давхар, 6000 гаруй ам.метр талбай бүхий бүрэн цутгамал хийцтэй, өвчтөн тээвэрлэх болон ажилтан албан хаагчдад зориулсан гурван цахилгаан шаттай барилга аж.
Тус барилга яаралтай тусламжийн тасаг, холбоо мэдээллийн технологи, эмнэлгийн болон инженер техникийн алба, зүрх судасны, мэдрэлийн эмгэг судлалын, цусны эмгэг судлал чөмөг шилжүүлэн суулгах тасаг, дотоод шүүрэл судлал диабетийн төв зэрэг нь давхар бүртээ үйл ажиллагаагаа явуулж өвчтнүүдээ хүлээн авч, үйлчилж эхэлсэн байна. Уг барилгын гүйцэтгэгчээр “Гангар инвест” компани ажиллажээ.
Мөн энэ өдөр тус клиник эмнэлгийн Цөмийн оношилгоо эмчилгээний төвийг Монгол Улсад цөмийн анагаах ухааныг үндэслэгч МУ-ын ардын эмч, Хүний гавъяат эмч, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор “П.Онхуудайн” нэрэмжит болголоо.