ЗХЖШ-ын дэргэдэх G-2 буюу Цэргийн тагнуулын газрын орлогч даргын албан тушаал хашдаг хурандаа Ц.Ганбатад АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Бидэнд олдсон мэдээллээр түүнийг эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж, тендерийн хөрөнгөөс завшсан байж болзошгүй хэмээн буруутгаж буй гэнэ. БХЯ, ЗХЖШ-ын эх сурвалжийн мэдээлж буйгаар хурандаа Ц.Ганбатыг Шүхэр десантын буюу Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн албан хэрэгцээнд ашиглах, мэргэжлийн өндөр зэрэглэлийн шүхэр авах нийлүүлэх тендерт оролцохдоо эрх мэдэл, албан тушаалаа урвуулж, стандартад нийцэхгүй шүхэр БНХАУ-аас авсан гэж буруутгаж байгаа гэнэ. Албан бус эх сурвалжууд “Түүнийг цагдан хорьсон, ойрд ажлаараа үзэгдэхгүй байгаа” хэмээж буй. Харин АТГ-аас авсан мэдээллээр өнгөрсөн долоо хоногт гурван хүн хорьж шалгах тогтоол гаргуулсан ч түүний дотор Ц.Ганбат гэх нэр байхгүй хэмээсэн юм. Тэрбээр өмнө нь БНХАУ-д суух цэргийн атташегаар ажиллаж байсан нэгэн гэнэ.