Дундговь аймгийн Сайхан-Овоо сум “Өгөдэй хаан” хэмээх аяллын маршрут гаргажээ. Энэ маршрутын дагуу Онги голын зүүн эргээр аялахад Сэнжит хад, Баян-Өндөр уулан дахь Хүрэл зэвсгийн үеийн хадны зураг, Онгийн хийдийн туурийг үзэх бол голын баруун эрэгт гарвал Ахар уулнаа аргаль, янгир харах боломжтой. Хэрвээ унадаг дугуйгаар аялбал Онги голын эрэг дээрх чацарганы төгөлд зочилж, Буурцаг уул, Зараа уулнаа гарч хиргэсүүр, чулуун хөшөө, Шаазан хотын туурь, Өгөдэй хааны өвлийн ордон байсан газрыг сонирхоно.
Шаазан хот нь одоо мэдэгдэж байгаагаар 800х400 метр хэмжээтэй байсан бололтой. Туурь нь газрын гадаргатай бараг тэгширсэн байна. Монгол, БНСУ-ын археологичдын хамтарсан судалгаагаар энэ туурийг XIII зуунд холбогдох агаад Өгэдэй хааны ордон энд байсан байж болох юм гэж үзжээ. Үүний зэрэгцээ мориор дөрвөн өдөрт 100 км, тэмээгээр мөн ийм хугацаанд 134 км аялах маршрут бий.
Аялагчид малчин айлд буудаллаж, ховоогоор худгаас мал услах, хонь холбож саах, шимийн архи нэрэх, сүү хөөрүүлж цагаан идээ боловсруулах, гүү сааж айраг исгэх, сур элдэж ногт зангидах, монгол наадгайгаар тоглох зэргээр монгол ахуйтай танилцах боломжтой.
Аяллын энэ маршрутад 20 гаруй малчин өрх таныг угтана. Одоогоор Онги голын ойролцоо жуулчны дөрвөн бааз ажиллан, жилдээ 5000 гаруй жуулчинд үйлчилдэг бол өнөө жилээс 20 гаруй компани угтах нь.
Б.БАЙГАЛ