Монголд төрийн өмчийн их, дээд сургуулийн дөрвөн жилийн төлбөр нийлээд хувийн дунд сургуулийн нэг жилийнхэд ч хүрдэггүй. Манайдаа боломжийн үнэтэй гэгдэх хувийн дунд сургуулиудын төлбөр 10 сая төгрөг байхад дээд боловсрол олгодог хамгийн том эрдмийн уурхай МУИС-ийнх ердөө хоёр сая төгрөг байх жишээтэй. Тэр бүү хэл, жилийн төлбөр нь 54 сая төгрөг хүрдэг дунд сургууль ч манайд бий. Сарын 250.000 орчим төгрөгийн төлбөртэй хувийн цэцэрлэгт хүүхдээ сургадаг хүн 10 сарынх нь төлбөрт 2.5 сая төгрөг төлж байхад оюутнууд тэдний төлдгөөс бага үнээр мэргэжил эзэмшдэг. Үнэ дагаад чанар гэвэл дээд боловсролын салбар ямар байгаа нь илт. Ийм байхад чанар нэхэх нь хэр оновчтой бол.
Төрийн өмчийн их, дээд сургуулиуд нийт орлогынхоо 90 гаруй хувийг сургалтын төлбөрөөсөө, үлдсэнийг нь төрөөс олгодог тогтмол зардлаас бүрдүүлдэг. Сургуулийн орлогын гол эх үүсвэр болсон сургалтын төлбөрийн хэмжээг тухайн сургуулийнх нь Удирдах зөвлөлийн гишүүд тогтоодог хуультай. Харин тэднийг БСШУ-ы сайд томилдог учраас хүссэн, хүсээгүй эрх баригч намын нөлөө ордог. Үүнийг төрийн өмчийн их, дээд сургуулийн Удирдах зөвлөлийн гишүүдийн нэрс хэлээд өгнө. Эрх баригчид ард түмэнд таалагдаж, сонгуулийн санал авахын тулд Удирдах зөвлөлийн гишүүдээр дамжуулан их, дээд сургуулийн төлбөрийг хазаарласаар ирсэн. Сургуулийн удирдлагуудыг “Төлбөрөө нэмье” гэхээр нийгэм, төр засгийн зүгээс дарамталдаг. Иймээс ч их, дээд сургуулиуд мэргэжлийн чиглэл, элсэгчдийн тоогоо нэмж, энэ нь эргээд их, дээд сургуульд муу дүнтэй хүүхэд элсдэг, арын хаалгаар хуваарь авдаг, төгсөгчид ажлын байрны шаардлага хангадаггүй зэрэг хэл ам дагуулдаг.
Монгол Улс 1000 хүнд ногдох оюутны тоогоор Америкийг гүйцэж, дэлхийд тэргүүлэх болсон ч дээд боловсролтой ажилгүйчүүдийн тоо жил ирэх бүр нэмэгдсээр байгаагийн шалтгаан нь ч энэ. БСШУ-ы сайд Л.Гантөмөр дээд боловсролын салбарыг өөд нь татах шинэчлэлийг эхлүүлж, мэргэжлийн чиглэлийг цөөлөөд байгаа. Харамсалтай нь төрийн өмчийн их, дээд сургуулиудын Удирдах зөвлөлийн гишүүд улс төрөөс хараат байгаа цагт шинэчлэл үр дүнгээ өгөх нь юу л бол.
Удирдах зөвлөлийн гишүүдийг улстөрчдөөс салгаж, сургуулийн үйл ажиллагааны чиглэлийн дагуу ажилладаг нэр нөлөө бүхий, ард түмнээ төлөөлж чадах хүмүүсийг тэдний оронд сонгох хэрэгтэй гэдгийг учир мэдэх хүмүүс ярьж байна. Үгүй ядаж, дарга даамал бус ажлаа мэддэг мэргэжилтнүүдийг Удирдах зөвлөлд багтааж яагаад болохгүй гэж. Бид төрийн өмчийн их, дээд сургуулиудын Удирдах зөвлөлийн гишүүдийг цувралаар танилцуулж байгаа. Өмнө нь МУИС, МУБИС, ХААИС, ШУТИС-ийн Удирдах зөвлөлийнхний талаар мэдээлсэн бол энэ удаа АШУҮИС, СУИС, Монгол, Германы Ашигт малтмал, технологийн их сургууль, “Ховд” их сургуулийнхны Удирдах зөвлөлийн гишүүдийг танилцуулж байна.
Тухайн сургуультай ямар ч хамааралгүй, улс төрийн зорилго бүхий гэж болохуйц хүмүүс цөөнгүй байна. “Ховд” их сургуулийн хувьд баруун аймгуудын иргэдэд дээд боловсрол олгодог. Удирдах зөвлөлд нь гурван аймгийн Засаг дарга оржээ. Харин СУИС харьцангуй салбарынхаа төлөөллийг Удирдах зөвлөлдөө оруулсан харагдана. Тус сургуулийн Удирдах зөвлөлийн төрийн төлөөллийг саяхан шинээр баталсан бөгөөд багш, оюутан, төгсөгчдийн төлөөлөл нь хуучнаараа байгаа, удахгүй өөрчлөгдөх аж.
Монгол, Германы Ашигт малтмалын технологийн сургууль дүрэмдээ өөрчлөлт оруулснаар Удирдах зөвлөлийн гишүүдээ шинээр сонгохоор болсон байна. Доор дурдсан нь Удирдах зөвлөлийн хуучин төлөөлөл. Тавдугаар сард шинийг нь томилох бөгөөд Монгол улсын Засгийн газраас дөрөв, ХБНГУ-ын Засгийн газраас гурав, Захирлын зөвлөлөөс нэр дэвшүүлсэн гурав, Эрдмийн зөвлөлөөс нэр дэвшүүлсэн гурав, нийт 13 хүнийг Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгохоор болжээ.

АШУҮИС-ИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД
I. Төрийн төлөөлөл
1. С.Ламбаа УИХ-ын даргын ахлах зөвлөх
2. Б.Дэлгэрмаа Ерөнхий сайдын ахлах зөвлөх
3. Ш.Булга-Эрдэнэ БСШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга
4. Д.Очирбат УИХ-ын гишүүн асан, “Нээлттэй парламент” ТББ-ын тэргүүн
5. П.Бат-Эрдэнэ ЭМСЯ-ны харьяа Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн захирал
6. Э.Тамир “Эрүүл мэндийн бодлогын шинэчлэл” ТББ-ын тэргүүн
7. П.Эрхэмбулган БСШУЯ-ны Дээд боловсролын хэлтсийн дарга
8. Н.Оюундэлгэр Улсын I төв эмнэлгийн Цусны эмгэг судлалын клиникийн эрхлэгч
9. Э.Батжаргал Монголын оюутны холбооны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга
II. Сургуулийн төлөөлөл
10. О.Сэргэлэн АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн Мэс заслын тэнхимийн эрхлэгч
11. А.Гүрбадам АШУҮИС-ийн Эм зүй, Био анагаахын сургуулийн Ерөнхий эрдмийн тэнхимийн профессор
12. Ч.Цолмон АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн Орчны эрүүл мэндийн тэнхимийн профессор
13. Ц.Цабшир АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар сургуулийн захирал
III. Оюутны төлөөлөл
14. Ц.Доржсүрэн АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн IV курсийн оюутан
15. Г.Номин АШУҮИС-ийн Нүүр, ам судлалын сургуулийн III курсийн оюутан
16. Б.Хатантуул АШУҮИС-ийн Эм зүй, Био анагаахын сургуулийн II курсийн оюутан
IV. Төгсөгчдийн төлөөлөл
17. Ц.Лхагва Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн дарга

СУИС-ИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД
I. Төрийн төлөөлөл
1. Ш.Булга-Эрдэнэ БСШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга
2. Л.Цэдэвсүрэн БСШУЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга
3. Д.Гантөмөр БСШУЯ-ны Соёлын бодлого, зохицуулалтын газрын даргын үүрэг гүйцэтгэгч
4. С.Урантөгс БСШУЯ-ны Соёлын өвийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч
5. Д.Цэрэнсамбуу Улсын драмын эрдмийн театрын захирал
6. Б.Батцэнгэл Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга
7. Н.Мөнхзул Дуурь бүжгийн эрдмийн театрын захирал
8. Б.Бат-Амгалан “Тод номын гэрэл” төвийн Удирдах зөвлөлийн дарга
9. Н.Санчирбаатар Монголын оюутны холбооны дэд ерөнхийлөгч
II. Багшийн төлөөлөл
10. Ө.Гандулам СУИС-ийн Дүрслэх урлагийн сургуулийн багш
11. М.Наранмандах СУИС-ийн Радио, телевизийн сургуулийн багш
12. С.Энх-Амгалан СУИС-ийн Нийгмийн түншлэлийн газрын ахлах мэргэжилтэн
13. Д.Нямсүрэн СУИС-ийн Завхан аймаг дахь Хөгжим бүжгийн коллежийн багш
III. Оюутны төлөөлөл
14. Д.Зоригт СУИС-ийн Оюутны холбооны дарга
15. Б.Батсаруул СУИС-ийн Соёлын сургуулийн Оюутны зөвлөлийн дарга
16. О.Биндэръяа СУИС-ийн Соёл иргэншлийн сургуулийн Оюутны зөвлөлийн гишүүн
IV. Төгсөгчдийн төлөөлөл
17. Э.Нарангэрэл СУИС-ийн Тайз, дэлгэцийн урлагийн сургуулийн багш

МОНГОЛ, ГЕРМАНЫ АШИГТ МАЛТМАЛ, ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД
I. Монгол Улсын Засгийн газрын төлөөлөл
1. Ш.Булга-Эрдэнэ БСШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга (Удирдах зөвлөлийн дарга)
2. Б.Насанбаяр БСШУЯ-ны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга
3. П.Эрхэмбулган БСШУЯ-ны Дээд боловсролын хэлтсийн дарга
4. М.Баасанжав БСШУЯ-ны ахлах мэргэжилтэн асан (Оны заагт тэтгэвэртээ суусан)
II. ХБНГУ-ын Засгийн газрын төлөөлөл
5. Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Монгол дахь суурин төлөөлөгч У.Эбелинг
6. Монгол, Германы Ашигт малтмал, технологийн их сургуулийн төсөл хариуцсан захирал Р.Петр
7. Германы эрдмийн солилцооны албаны Ази, Номхон далайн хэлтсийн дарга К.Бирк

“ХОВД” ИХ СУРГУУЛИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД
I. Төрийн төлөөлөл
1. Б.Пүрэвдорж Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга
2. Д.Эрдэнэчимэг БСШУЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга
3. Д.Цэвээнравдан Ховд аймгийн Засаг дарга
4. Б.Баярсайхан Ховд аймгийн ИТХ-ын дарга
5. Х.Дармен Баян-Өлгий аймгийн Засаг дарга
6. Д.Цэндсүрэн Увс аймгийн Засаг дарга
7. А.Азжаргал Монголын оюутны холбооны менежер
II. Багшийн төлөөлөл
8. Ц.Оюун “Ховд” их сургуулийн Гадаад хэл, соёлын сургуулийн Орос, англи хэлний тэнхимийн багш
9. Б.Алтангэрэл “Ховд” их сургуулийн Байгаль шинжлэл, технологийн сургуулийн Математикийн тэнхимийн эрхлэгч
10. А.Абзал “Ховд” их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн багш
III. Оюутны төлөөлөл
11. Мөнгөн “Ховд” их сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн IV курсийн оюутан
12. С.Нарандулам “Ховд” их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн IV курсийн оюутан
III. Төгсөгчдийн төлөөлөл
13. М.Цэвэлмаа Ховд аймгийн Жаргалант сумын “Цаст-Алтай” цогцолбор сургуулийн багш
Э.ЭРДЭНЭЦЭЦЭГ