БНСУ-ын иргэнийг барьцаалж, амь насанд нь халдахыг завдсан талаарх шуугиан намжаагүй байна. Монгол Улсын иргэн Т.Таняд барьцаалагдсан гэж БНСУ-ын иргэн Ким Чолхун өнгөрсөн долоо хоногт хэвлэлийнхэнд хандсан билээ. Харин энэ тухай Т.Таня болон “Газар хэвлий” ХХК-ийн толгой компани “Жи Эм Кэй” компанийн ТУЗ-ийн дарга Сун Бүсү нар өчигдөр тайлбар өгсөн юм. Т.Танягаас болсон үйл явдлын талаар тодрууллаа.
-БНСУ-ын иргэн Ким Чолхун таныг өөрийг нь барьцаалж, алахыг завдсан гэсэн мэдээлэл хийсэн. Тэр хүн яагаад ингэж хэлсэн юм бол?
-Намайг “Жи Эм Кэй” компанийн ТУЗ-өөс “Газар хэвлий” компанийн захирлаар 2013 оны тавдугаар сарын 1-нд томилсон. Ингээд ажлаа хийж байхад 2014 оны арванхоёрдугаар сарын 24–нд БНСУ-ын иргэн Ким Чолхун өөрийгөө “Газар хэвлий” компанийн захирал, компанийнхаа гэрчилгээ, тамга тэмдгийг гээгдүүлчихлээ гэж худал хэлэн, УБЕГ-аас дахин шинэ гэрчилгээ авсан байгаа юм. Түүний энэ хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Гэтэл энэ сарын 17-нд Дархан-Уул аймгийн Хонгор суманд байдаг алтны шороон ордын уурхайд маань Ким Чолхун 20 гаруй хүн дагуулан очиж, тэнд байсан гурван монгол хамгаалагчийг хөөж явуулсан. Үүнээс болж Дархан-Уул аймгаас Улаанбаатар руу ирэх замд Ким Чолхун бид хоёрын хооронд маргаан үүссэн. Айлгаж сүрдүүлж, барьцаалсан зүйл огт байхгүй. Харин бид хохирсон. Гэтэл Зүүнхараагийн цагдаа нар Ким Чолхуны мэдүүлгийг нотлох баримт гэж үзээд бидний гомдлыг үндэслэлгүй гэсэн. Тэрбээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 26-нд манай компанийн байранд бие хамгаалагчид, орчуулагчийн хамт дайран орж ирээд, жинхэнэ гэрчилгээг хүчээр авах гэж оролдсон. (бичлэг үзүүлэв)
-Гадаадын иргэн барьцаалсан хэргээр танд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэл үү?
-Манай цагдаагийн байгууллага гадаадын иргэний өгсөн гомдлыг ямар ч нотлох баримтгүйгээр шалгаж байгаа хэрнээ миний өгсөн өргөдөл гомдлыг хүлээж аваагүй. Эрүүгийн хуулийн танхайрсан гэдэг зүйлээр надад эрүүгийн хэрэг үүсгэсэн.
-Ким Чолхуныг мэдээлэл хийх үед та яагаад энэ бүхнийг олон нийтэд ил болгоогүй юм бэ?
-Ким Чолхун ямар ч нотлох баримтгүй, энэ бүхнийг жинхэнэ болсон мэт амаараа л яриад байгаа. Харин би өмгөөлөгчтэйгөө зөвлөлдөн олон нийтэд нотлох баримттай мэдээлэл хүргэхийг хүссэн. Хууль ёсны дагуу ажиллаж байгаагаа харуулах гэж компанийн гэрчилгээ, бусад бичиг баримтаа авчирлаа. Зүүнхараагийн цагдан хорих байранд 72 цаг суугаад гарч ирлээ. Сэтгэл санааны хямралд ороод байна.
-Таныг “Газар хэвлий” компанид орчуулагчаар ажиллаж байсан гэсэн.
-Үгүй ээ. 2013 онд тус компанийн гүйцэтгэх захирлаар томилогдсон. Харин өөр компанид орчуулагчаар ажиллаж байсан юм. Компанийн хувьцааны 77 хувийг нь эзэмшдэг, ТУЗ-ийн гишүүд намайг энэ компанийн захирлаар албан ёсоор томилсон. Харин Ким Чолхуныг хувьцааны 23 хувь эзэмшдэг хүмүүс сонгосон. “Газар хэвлий” нь 2004 онд байгуулагдсан монгол компани. 2013 оноос гадаадын хөрөнгө оруулалттай болсон.
-Цаашдаа яах вэ. Нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандах уу?
-Хүн гүтгэсэн хэргээр Ким Чолхуныг Сүхбаатар дүүргийн цагдаагийн I хэлтэст шалгуулна. Мөн түүнийг хуурамч бичиг баримтаар компанийн гэрчилгээ, тамга авсан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэв. Хурлын үеэр “Жи Эм Кэй” компанийн ТУЗийн дарга Сун Бүсү “Юун түрүүнд Монгол Улсын нутаг дэвсгэр дээр монгол, солонгос иргэдийн эрх ашгийг ноцтой зөрчиж буй Ким Чолхуны хууль бус энэ явдалд БНСУ-ын Элчин сайдын яам анхаарал хандуулан, албан ёсны арга хэмжээ авч өгөхийг хүсэж байна. Компанийг булаах гэсэн хууль бус үйлдлийг нь эсэргүүцсэн манай компанийн захирал Т.Таняг гэмт хэрэг үйлдсэн мэт ярьж яваа Ким Чолхунд Солонгос улсаас арга хэмжээ авахуулахаар ажиллаж байгаа” гэв.
Ч.БОЛОРТУЯА