Мод тарих биш, тарьсан модоо ургуулах, арчилж хамгаалах аргыг эзэмшүүлэх зорилгоор БОНХАЖЯ-наас “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн” орон даяар өрнүүлж буй. Энэ ажлын хүрээнд “Тарьц суулгац-2015” үзэсгэлэн худалдааг өчигдөр МҮЭСТО-д нээлээ. Үзэсгэлэнд нийт 30 гаруй аж ахуйн нэгж оролцож буй бөгөөд эхний өдөр хөл хөдөлгөөн ихтэй байв. Иргэдийн олонх нь чацаргана, үхрийн нүд, интоор, улаалзгана зэрэг жимсний мод сонирхож байв.
Б.Оюунтунгалаг “Би Яармагт амьдардаг. Өнгөрсөн жил хашаандаа чацаргана, үхрийн нүд болон улиас тарьсан. Гэтэл арчилгаа муу хийснээс чацаргана, үхрийн нүднийхээ модыг ургуулж чадаагүй. Энэ жил дахин тарих бодолтой байна. Тиймээс энэ үзэсгэлэнг сонирхох зуураа мэргэжлийн хүнээс зөвлөгөө авна” гэлээ. Энэ сарын 29-нийг дуустал үргэлжлэх уг үзэсгэлэнгийн үеэр мод тарьж, ургуулах шинэ дэвшилтэт арга технологийг олон нийтэд сурталчлах, шаардлага хангасан мод, бут, сөөгний тарьц, суулгац худалдахаас гадна иргэдэд мэргэжлийн зөвлөгөө өгөх аж.
Үзэсгэлэнд очсоноор төрөл бүрийн мод, цэцэг, жимс, жимсгэний тарьц, суулгац худалдан авч болох юм. Мөн тэдгээрийг арчлах багаж, хэрэгсэл, бордоо зэрэг олон нэр төрлийн бүтээгдэхүүнтэй танилцах боломжтой. Мод, сөөгний тарьц суулгацын үнэ хэмжээ, наснаасаа хамаараад харилцан адилгүй байна.
Тарьц, суулгацын үнэ: -Улиас-2000-5000 төгрөг -Хайлаас-700-1500 төгрөг -Үхрийн нүд-3500-40000 төгрөг -Чацаргана-2500-10000 -Шар хуайс-1300-3500 төгрөг -Голт бор-3500-10000 төгрөг -Нохойн хошуу-2500-12000 төгрөг -Агч-2500-5000 төгрөг -Монос-2500-15000 төгрөг -Долоогоно-2800-3500 төгрөг
Д.СҮРЭН