"Монголын хувцас үйлдвэрлэгчдийн үндэсний нэгдсэн ассоциац"-ийн гишүүн аж ахуй нэгж, иргэдээс хүргүүлж буй гал түймрийн аюулд өртөөд буй Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгийн малчид, иргэд, гал түймрийн голомтод ажиллаж буй алба хаагчдад эд бараа, бэлэн мөнгөний хандивыг өнөөдөр гардууллаа.
Яамны зүгээс жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, бизнесмэнүүддээ түймэрт өртсөн нутгийн иргэдэд туслах уриалгыг гаргасан бөгөөд уриалгыг дэмжиж нэгдэхээ олон аж ахуйн нэгж илэрхийлээд байгаагийн дөнгөж эхлэл нь тэд болжээ..
Үйл ажиллагаанд Монголын хувцас үйлдвэрлэгчдийн үндэсний нэгдсэн ассоциацийн удирдах зөвлөлийн гишүүн М.Жаргалмаа, Аж үйлдвэрийн яамны дэд сайд Х.Баделхан нар оролцож түймэрт өртсөн нутгийн иргэдэд 15.7 сая төгрөгийг хувцас, бэлэн мөнгөний тусламж үзүүллээ.
Тухайлбал, "Говь" компани 40 ширхэг ноолууран оёмол хөнжил, 1300 ажилтан 4.7 сая төгрөгийн тусламжийг түймэрт өртсөн ард, иргэд, малчдад хандивлахаар болжээ.
Аж үйлдвэрийн яамны ажилчид ч мөн нэг өдрийн цалингаа хандивлахаар болсон байна.. Яамны уриалгыг дэмжиж Баянхонгор, Төв, Ховд, Дархан, Эрдэнэтээс жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид холбогдож мөн тусламжаа ирүүлээд байгаа аж. Тусламжид хувцас, даавуу, нэхий эдлэл, усны сав зэрэг зайлшгүй хэрэгцээтэй зүйлс багтсан байна.