Дархан-Уул аймгийн харьяат 25 настай М нь 2014 оны долдугаар сарын 5-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын харъяат Ш-ийг хүчиндсэн, шунахайн сэдэлтээр эд зүйлийг нь авах зорилгоор хоолойг нь боож, амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон.
Уг хэрэгт Дархан-Уул аймгийн Прокурорын газраас хяналт тавьж Монгол Улсын Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1/ Шунахай сэдэлтээр хүнийг санаатай алах /, 126 дугаар зүйлийн 126.1 Хүчиндэх/- д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг Сум дундын шүүхэд шилжүүлэв. Шүүх хэргийг хянан хэлэлцээд М-д Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1-т зааснаар 20 жил хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1-т зааснаар гурван жил хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар шүүгдэгч М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1-т зааснаар оногдуулсан 20 жил хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1-т зааснаар оногдуулсан гурван жил хорих ялын зарим хэсэг болох нэг жил хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 21 жилийн хугацаагаар тогтоож чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.