Нийслэлийн Онцгой байдлын газарт өнгөрсөн амралтын өдрүүдэд гал түймрийн 99 дуудлага иржээ. Дээрх түймрийн 77 хувь нь гэр хороолол, зуслангийн чиглэлд гарсан бөгөөд иргэд хашаан дахь өнжмөл өвсөө шатааж байгаад гал алдан, гэр, байшингаа шатаасан хэрэг олон байжээ. Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25-д “Гал түймэртэй тэмцэх байгууллагын эрх бүхий ажилтны хууль ёсны шаардлагыг үл биелүүлсэн, биелүүлэхээс зайлсхийсэн иргэнийг 1000-50000, албан тушаалтныг 30000-60000, байгууллага, аж ахуйн нэгжийг 50000-250000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна” гэж заасан. Энэ заалт нь ил гал гарган, өвс, хогоо шатаасан тохиолдолд ч мөн хамаатай тул хуулийн хариуцлага хүлээх юм байна. Иймд аюулгүй байдлаа хангаж, ил задгай гал асаахгүй байх, салхи шуургатай үед хашааны өвсөө шатаахгүй байхыг НОБГ-аас онцгойлон сэрэмжлүүллээ.