Хан-Уул дүүргийн XI хороо, Зайсангийн гүүрний дэргэд хүн усанд живсэн гэсэн дуудлага уржигдар онцгойгийнхонд иржээ. Энэ дагуу нийслэлийн Аврах ангийн бүлэг дуудлагаар ажиллаж, тус дүүргийн VI хорооны нутаг дэвсгэр буюу нийслэлийн 41 дүгээр сургуулийн хойд талд 50-55 орчим насны эрэгтэй хүний цогцсыг Туул голоос гаргасан байна. Овог нэр болоод гэрийн хаяг нь тодорхойгүй дээрх эрэгтэйн цогцсыг тус дүүргийн цагдаагийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгчээ. Туул голын ойр орчимд байсан иргэдийн мэдээлж буйгаар усанд осолдсон иргэн согтууруулах ундаа хэрэглэсэн байжээ.
Дулааны улирал эхэлж байгаа учраас өдийд ард иргэд амралт зугаалгаар хээр гадаа явах нь ихэсдэг тул бага насны хүүхдээ хараа хяналттай байлгахын зэрэгцээ гол уснаас болгоомжлон, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ усанд шумбахгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.