Урин дулаан цаг ирж, хүмүүс зуслангаа бараадаж байна. Гэвч зуслангийн замд тээврийн хэрэгслийнхээ хурдыг тохируулалгүй, замын бартаа саадыг тооцолгүй явдгаас зам тээврийн осол, хэрэг гарах нь их. Өнгөрсөн даваа гаригт гэхэд Сүхбаатар дүүргийн нутаг, Бэлх, Сэлхийн зуслангийн замд “Ниссан Террано” маркийн автомашин онхолдсон осол гарав. Үүний улмаас уг машинд сууж явсан таван хүн гэмтэж, хоёр настай охин газар дээрээ амиа алджээ. Ослын шалтгаан нөхцөлийг тогтоохоор жолооч Г-г Улаанбаатар хотын ЗЦГ-ын Зам тээврийн хэрэг бүртгэх, мөрдөн шалгах хэлтсээс шалгаж эхэлсэн байна. Нийслэлд өнгөрсөн даваа гаригт зам тээврийн есөн гэмт хэрэг бүртгэгдэж, нэг хүүхэд нас барж, 14 хүн гэмтсэн аж. Зам тээврийн осолд долоон хүүхэд өртсний гурав нь сургуулийн өмнөх насныхан гэнэ. Энэ өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодсон 78 жолоочийг илрүүлж, хариуцлага тооцжээ.