МУИС-ийн нэхэмжлэлтэй, ШӨХТГ-ын улсын ахлах байцаагч Ч.Батбаатар, Ц.Цэгмид, улсын байцаагч К.Жархынбек нарт холбогдох хэргийг 2014 оны арваннэгдүгээр сарын 27-нд Захиргааны хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцжээ. Ингэхдээ ШӨХТГ-ын нэр бүхий улсын байцаагч нарын МУИС-аас 2013-2014 оны хичээлийн жилд оюутан шилжүүлсэн шилжилтийн төлбөр болох 347 сая 182 мянган төгрөгийг буцаан олгож, хохирол барагдуулахыг шаардсан дүгнэлт, шаардлага нь хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгосон. Гэтэл хариуцагч ШӨХТГ-ын байцаагч нар шүүхийн энэхүү шийдвэрийг зөвшөөрөлгүй, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан юм. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоод байв. Харин МУИС Дээд шүүхэд хандаснаар ШӨХТГ-ын улсын байцаагч нар хуулиар олгосон эрх мэдлээ хэтрүүлэн улсын байцаагчийн дүгнэлт, шаардлага гаргасан болохыг тогтоожээ.