Иргэд архинд живсэн Монголоо аваръя хэмээн уриалж, хэвлэлийн хурал хийлээ. Баянзүрх дүүргийн иргэн Б.Нэргүй “Архи ууснаар хүнд ямар ч ач тус байдаггүй. Харин ч эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насаараа хохирдог. Гэмтлийн эмнэлэг дайны байдалтай байгаа нь ч үүнтэй холбоотой. Архи уусан хүмүүс наанадаж марган, цаанадаж нэгнийхээ аминд хүрч байна. Архины уршгаар л гэр бүл салж, гэмт хэрэг хийдэг. Хэдий архи ууж байгаа хүмүүсийн буруу ч гэлээ тэднээс илүү архи үйлдвэрлэж, зарж байгаа хүмүүст хариуцлага хүлээлгэх хэрэгтэй. Архидалт хаа сайгүй байхад Монголын төр хаана, юу хийж байна вэ. Үүнд анхаарлаа хандуулах цаг хэдийнэ болсон” гэв.